
Сэтгүүлчдийн өглөөний уулзалт
“Youth LEAD Mongolia” ТББ-ын байранд /Хүүхдийн 100-ийн Хаан банкны зүүн талд/
8-р сарын 21, 08:30 - 09:30
Зохион байгуулагч:
YouthLEAD Mongolia
“Өвөл ком-аут хийвэл гэрээсээ хөөгдсөнд тооц”. Энэ бол ЛГБТИК+ гэдгээ нууцалж, гэр бүлийнхэндээ ч хэлж чадахгүй байгаа хүүхдүүдийн дунд хэлц үг болтлоо тархсан үг. Учир нь өөрийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаагаа бусдаас “өөр” гэдгээ гэр бүлдээ, найз нөхдөдөө хэлэх нь бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс гадна, цаашлаад насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд орон гэрээсээ хөөгдөхөд хүргэдэг аж. Үүнээс гадна бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа өөр гэдэг шалтгаанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадалгүй, ямар нэг өвчин хүндэрсэн хойно нь эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ч олон. Өндөр настан, хүүхдүүд, эмэгтэйчүүд гээд бусад нийгмийн бүлгүүдийн адилаар ЛГБТИК+ иргэд болон хүүхдүүдийн хувьд эсэн мэнд амьдрах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх нь төдийлөн хангагдахгүй байна. Нөхцөл байдлын талаар нэмэлт хачиргүй мэдээлэл өгөх зорилготой сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүд, тэдгээрийг зохион байгуулах болсон шалтгаан зэрэг мэдээллийг өгнө.
Жил бүрийн 8-р сарын 26-наас 9-р сарын 4-ний хооронд “Тэгш эрх бахархлын өдрүүд”-ийг Монголд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 12 дахь жилдээ ЛГБТИК+ иргэд тус өдрөөр дамжуулан нийгмийн жижиг бүлгүүдийн нэг болсон ЛГБТИК+ хүмүүсийн эрх зөрчигдөж байгааг хүлцэн тэвчихгүй байхыг сануулж, цуврал арга хэмжээг олон нийтийн байгууллагууд зохион байгуулж байна.