ИРГЭНИЙ НИЙГМИЙН 7 ХОНОГ: “Хот ба төсөв” хэлэлцүүлгээр юуг онцлов?
- Jan 27
- 1 min read
Иргэний нийгмийн долоо хоног амжилттай үргэлжилж байна. Хуваарь ёсоор хоёр дахь өдөр зохион байгуулагдсан “Хот ба төсөв” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгээр хотын хөгжил, төсөв, бодлого төлөвлөлтийн асуудлыг иргэний нийгэм, нийслэлийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцон гурван талаас нь хэлэлцсэн нь онцлог байв.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хэлэлцүүлгээр хот дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй томоохон төслүүд түүний үр дагаварт хүний эрхийн шинжилгээ хийж, иргэдийг мэдээллээр хангах зорилготой байгаагаа дурдаж байлаа.



Монголын Залуучуудын Эвсэл ТББ-ын Төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ба хот” сэдвээр илтгэл тавьж, хот, нийслэлийн байгууллагууд шилэн дансанд мэдээллийг бүрэн, үнэн зөв оруулдаггүй, зарим тохиолдолд дутуу дулимаг мэдээлдэг асуудлуудыг хөндөн ярив.

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа “Хүндээ ээлтэй хот төлөвлөлт” сэдвийн хүрээнд хотын дахин төлөвлөлтийн явцад иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар бодит жишээнд тулгуурлан илтгэл танилцууллаа.

Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот суурин газрын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Адъяа “Хорин минутын хот” үзэл баримтлал, түүний төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Илтгэлүүдийн дараах панел хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, “20 минутын хот хөгжлийн төв”-ийн Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Булган нар оролцож, оролцогчдын асуултад хариулан хотын хөгжил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн бодлоготой холбоотой санал бодлоо солилцов.
“Хот ба төсөв” хэлэлцүүлэг нь хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах, хүний эрхэд суурилсан хот төлөвлөлтийн ач холбогдлыг тодотгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.































