top of page

media for everyone

Асексуал чиг баримжааны талаар “Адилтгал” бүтээл Our Pride фестивалд шалгарчээ

4 days ago
3 min read

ЛГБТИК+ хүний эрхийн асуудлыг хөндсөн уран бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой “Our Pride LGBTQ Shorts & Arts Fest 2026” олон улсын фестивалийн сошиал медиа видео/баримтат бүтээлийн ангилалд Монгол уран бүтээлч Ариунзаяагийн “Адилтгал” бүтээл шалгарчээ. Тус бүтээл нь ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн олны хүртээл болж эхлэх юм. 



“Адилтгал” нь Асексуал бэлгийн чиг баримжааны талаар өгүүлэх 5 минутын видео эсээ болон бичил киноны холимог бүтээл юм. Тус бүтээлд зохиогчийн эрхийн зөрчилгүй архивын бичлэгүүд, уран бүтээлчийн өөрийн авсан дүрслэлүүд, мөн Италийн Наполи хотод танилцсан Грета нарын түүхүүдээс бүрдсэн. Гүн утга агуулгатай “Адилтгал” бүтээл хэрхэн төрсөн болон ямар санааг хөндсөн талаар уран бүтээлч Ариунзаяатай ийнхүү ярилцав.


- "Адилтгал” бүтээлээрээ аsexual бэлгийн чиг баримжааны тухай хөндөх болсон гол сэдэл тань юу байсан бэ? 

- Би өөрөө стрэйт хүн. Эсрэг хүйсийн хүндээ хайр сэтгэлийн болон бэлгийн таталцлаар татагддаг. Гэхдээ "анги" хүмүүсийн эрхийн талаар ойлголттой болохын тулд өсвөр насанд байх үеэсээ мэдэж судалж эхэлсэн. 3 билүү 4 жилийн өмнө байх аа “Хүлээлгийн Өрөө” подкастыг сонсож байх үедээ Заяа, Ариунаа хоёр “Асексуал" хүмүүс байдаг талаар ярилцахад өөрийнхөө ЛГБТИК+ коммюнитигийн талаарх өөрийн хавчиг бодлоо анзаарсан. Үгүй ээ, ихэнх стрэйт хүмүүс ЛГБТИК+ гэсэн таван үсгэн дотор л эргэлдэж, эсвэл нэгнээ "гомо, лесби" гэх мэтчилэн бүдүүлэн үгээр л харааж зүхдэг гэхэд хэлсдэхгүй болов уу. Хэдэн жилийн өмнө нэг зохиолч нэр зүүсэн хүн болоод Улаанбаатар хотын захиргаанд ажилладаг дарга асан хүмүүс нийлж стресс тайлагч тоглоом болон прайдын логотой зургуудыг Эрхийн төлөө Алхалт тайван жагсаалын өмнөхөн автобусаас хуулах тушаал гаргаж байлаа.


Бид үргэлж л өөрсдийгөө нэг хэвэнд цутгах гэж үздэг. Гэтэл хүсээд ч цутгагдахгүй зүйлс гэж байдаг шүү дээ. Түүний нэг нь бидний сонголтгүйгээр ирдэг бэлгийн чиг баримжаа. Gen z үеийнхэн бэлгийн харилцаанд орох статистикаар бусад үеийнхнээс хамаагүй бага хувийг эзэлж байгаа. Тэгэхээр учир зүггүй хүний сэтгэл зүйг зөвхөн сексээр тайлбарласан зарим нэг 20-р зууны филисофи үгүйсгэгдэж эхэлж байна. Тэр үеэс л бодогдож ирсэн санаа маань 2026 оны 7-р сард нэгэн танилтай уулзснаар биежэх тохиол бүрэлдсэн гэх үү дээ. 



-Та өөрийн бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд юуг ойлгуулж, ямар мэдрэмж өгөхийг хүссэн бэ?

- Адилтгал. Адилтгал. Дахин адилтгал. Үнэхээр залхмаар шүү дээ. Угаасаа багтахгүй байгаа тоглоомын нэг хэсгийг л багтаах гээд зулгааж, чихэж, хазаж бүр дэвсэлж нэг үзнэ. Гэтэл ижилслээ гээд, өөрт чинь таалагдаагүй зүйлийг өөрт чинь тохируулах гэж хичээлээ гээд чи эсвэл би, бид аз жаргалтай болох болов уу? Энэ л асуултыг асуухыг хүссэн. 


- Бүтээл бол бүтээгчийнхээ хэлэх гэсэн зүйлээс гадна өөрийн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Таны хувьд “Адилтгал” ямар мэдрэмжтэй бүтээл вэ?

- Монголд өмнө нь энэ сэдвээр кино хийгдэж байсан эсэхийг мэдэхгүй байна.

Миний хувьд бол өөр улсын дотнын найзтай болсон юм шиг санагдаж байгаа. Огт танихгүй хүн надтай уулзаад 2 цаг ч хүрэлгүй өөрийнхөө түүхийг ярьсан. Дүр маань надад их л итгэснийх болов уу. Угаасаа кино хийдэг, юу хийхээр зорьж буйг маань сонсоод итгэл нь төрсөн байх. Зүгээр л өөр шигээ хүмүүсийг сонсгохыг хүссэн шиг нь цаашид ч бас олон өөр хүмүүсийн түүхийг олон өөр хувилбараар харуулахыг хүсэж байна.



-Энэхүү бүтээлийг хийх явцдаа таны өөртөө олж, мэдэж авсан хамгийн том үнэ цэн юу байсан бэ? 

Ихэнх хүн сексд дуртай хэр нь бэлэг эрхтнээс айдаг санагдсан. Их сонирхолтой ажиглалт байсан гэж бодож байна. Монголын маань сэтгэл судлаачдад энэ талын онол байдаг эсэхийг мэдэхгүй л юм. Бараг энэ талаар судалгаа хийвэл сонирхолтой сэдэв байхаар санагдсан.


Үнэ цэнийн хувьд бол хүн хүнээ хайрлах л өөрөө биднийг энэ хатуу ертөнцөд хамгаалж чадах бүрхүүл болох байх гэсэн бодол байлаа. 



ЛГБТИК+ уран бүтээлч хүмүүс маань өөрсдийн түүхийг маш бодитой бас үнэн өгүүлж чаддаг. Харин над шиг стрэйт уран бүтээлч энэ тухай сэдэв барьж авбал яг бодитой, үнэн гэхээсээ илүү бид өөрөө өөрсдөөсөө асуулт асуудаг болов уу? Олонхоос өөр бэлгийн чиг баримжаатай байлаа гээд бид яаж ханддаг вэ? Яг байгаагаар нь хүн гэдгээр нь хүлээж авч чаддаг уу? Эсвэл өөрсдийн зохиосон ертөнцдөө аваачиж наагаад тулгадаг уу? гэх асуулт. Тухайн асуултын хариултыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л бид сөөм сөөмөөр урагшилж гэрэлтэй ирээдүйн төлөө нэг нэгнээ хүндлэх, энэрэх, цөөнхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг байх нь чухал гэж бодож байна. Зөвхөн энэ сэдэв дээр ч биш, үндэстэн, шашин, эрүүл мэнд гэх мэт. Бидэнд илүү гэрэл хэрэгтэй байгаа нь үнэн шүү дээ.


-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.



 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page