"Heated Rivalry" цувралын жүжигчид өвлийн олимпын бамбарыг бадраана
- Jan 25
- 2 min read

Хатуу ширүүн хоккейн спортын өрсөлдөөний хажуугаар хоёр эрэгтэйн нууцхан хайр дурлал, дотоод мэдрэмж, өөртэйгөө зөрчилдөх зөрчилдөөн зэрэг ЛГБТИК+ хүмүүсийн л мэдэх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн HEATED RIVALRY цувралын эхний бүлэг өнгөрсөн 11 сард олны хүртээл болсон билээ.
Тус цуврал нь зохиолч Рэйчел Рийдийн ижил нэрт романаас сэдэвлэсэн бөгөөд цацагдсан даруйдаа Crave болон HBO Max дээр хамгийн их үзэлттэй, шилдэг дебют бүтээлүүдийн нэг болж, үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Жишээлбэл Rotten Tomatoes дээр 98 % Tomatometer-тэй байгаа аж.
Тэгвэл тус цувралын гол дүрийн жүжигчид Хадсон Уильямс болон Коннор Сторри нар 2026 оны Итали Улсын Милан-Кортинад анх удаа болох гэж буй өвлийн Олимпын бамбарын буухианд оролцож, галыг зөөх нэр хүндтэй үүргийг гүйцэтгэхээр болсон байна.

Олимпын бамбарыг бадруулан зөөх бол зүгээр нэг ёслолын ажиллагаа биш. Энэ бол дэлхийн энх тайван, нэгдмэл байдал, олимпын үнэ цэнийг илэрхийлэх маш их бэлгэдэл, утга учир дүүрэн үйл явдал юм. Тэгвэл тус хүндтэй үүргийг гей хайр дурлалын киноны жүжигчид маань хүлээсэн нь ялгаатай байдлыг ойлгож, ЛГБТИК+ олон нийтийг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр хэмээн харагдаж буй.
Мэдээж, нэг цувралын жүжигчид бамбар зөөснөөр бидний амьдарч буй ертөнцөд ЛГБТИК+ хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах нь тэр чигтээ арилна гэсэн үг биш. Гэхдээ бэлгэдэл, бодит оролцоо, ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллүүд харагдах байдал нэмэгдэж байна гэдэг нь бодит өөрчлөлтийн эхлэл болдог.
Өмнө нь хаалттай, нуугдаж амьдардаг байсан байсан хүмүүсийн төлөөллүүд өнөөдөр Олимпын нээлтийн ёслолд оролцож, сая сая үзэгчдийн өмнө ил гарч ирж байна. Энэ нь ялангуяа залуу спорт сонирхогч ЛГБТИК+ өсвөр үеийнхэнд “чи ч бас бусдын л адил”, "чи ч бас энд байж болно" гэсэн урам зоригийг өгнө.
Heated Rivalry ба өвлийн Олимпын огтлолцол бидэнд нэг зүйлийг дахин сануулж байна. Энэ нь спорт хэзээ ч “улс төрөөс ангид” байгаагүй. Хэн оролцож байна вэ, хэн харагдаж байна вэ, хэний түүхийг өгүүлж байна вэ гэдэг нь өөрөө улс төрийн шинжтэй.
Монголын спортод бэлгийн болон хүйсийн цөөнхийн тухай яриа бараг байдаггүй. Гэхдээ л Монголын маань олон ЛГБТИК+ тамирчид улсын болон дэлхийн хэмжээнд амжилтаа дуурсгаж яваа. Тэд хэзээ ч өөрсдийн үнэн төрхийг, хэн гэдгээ нээлттэй илэрхийлж байгаагүй.


