Сэтгэл зүйч дээр очихоосоо өмнө мэдэх хэрэгтэй 12 зүйл
- Feb 4
- 3 min read
Анх удаа сэтгэл зүйч дээр очиход тодорхой хэмжээнд айдас, сандрал, санаа зовнил байх тохиолдлууд байдаг. Энэ нь хэвийн зүйл бөгөөд сэтгэл зүйч дээр очих шийдвэр гаргасан танаар бахархаж байгаагаа хэлье.
Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үр дүнтэй байлгахын тулд мэргэжлийн сэтгэл зүйчээс гадна танаас ч бас шаардагдах хэдэн зүйлс байгаа. Иймд дараах зөвлөмжүүд танд туслах байх хэмээн сийрүүлэн бичлээ.

Цагаа барих.
Сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалт ихэвчлэн 45–50 минут үргэлжилдэг. Тиймээс уулзалтаа бүрэн ашиглахын тулд дор хаяж 5-10 минутын өмнө очоорой. Хэрэв танд ямар нэгэн очиж чадахгүй тохиолдол гарсан бол эртлэн сэтгэл зүйчдээ мэдэгдэж цагийг дахин товлох боломжийг эрэлхийлээрэй.
Хэрэв та онлайн уулзалт товлосон бол…
Хэрэв онлайнаар уулзах бол интернет, төхөөрөмжөө урьдчилж шалгаарай. Ингэснээр танд зөвлөгөөндөө анхаарлаа төвлөрүүлэх, тайван, үр дүнтэй цагийг өнгөрүүлэхэд туслах юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөг үр дүнтэй болгохын тулд өөрт тухтай, аюулгүй болж өгвөл ганцаараа байх орон зайг бүрдүүлээрэй. Автобусанд, коридоорт, хэн нэгний хажууд эсвэл хүүхэд харахын хажуугаар зөвлөгөөнд орвол та сатаарах, хувийн мэдрэмж, нууцаа сэтгэл зүйчдээ илэн далангүй илэрхийлэхэд төвөг учирснаар зөвлөгөө төлөвлөснөөр үр дүнгээ өгөхөд бэрхшээл үүсч магадгүй.
Өдөр тутмын мэдрэмжээ тэмдэглэх.
Хэрэв боломжтой бол өдөр бүр өөрийн бодол, мэдрэмжээ товчхон бичиж тэмдэглэж байгаарай. Энэ нь уулзалтын үеэр ярих зүйлсээ ойлгомжтой болгоход тусална. Тэмдэглэлээ уулзалтадаа авч очиж болох ба түүнийгээ гаргаж ирж харах түүнээсээ ярих зүйлсээ санах зэрэг нь танд илүү тухтай мэдрэмж төрүүлж магадгүй.

Хүлээлтээ тодорхойлох.
Богино хугацаанд бүхнийг шийдэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс нэг удаагийн сэтгэл зүйн үйлчилгээний дараа сэтгэлийн гүн дэх гэмтэл, шархаа эдгээнэ гэдэг төсөөлөлтэй байдаг. Эдгээр зүйлс нэг уулзалтаар яриад эдгэх ямар ч боломжгүй. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйч болон үйлчлүүлэгчийн хамтран ажиллах үйл явц маш чухал.
Өөрт тохирох сэтгэл зүйчийг эрэлхийлэх.
Сэтгэл зүйч бүрийн туршлага, боловсрол, арга барил ондоо. Зарим сэтгэл зүйч гэр бүлийн асуудлаар, зарим нь өөр өөр асуудлаар мэргэшиж судалсан байдаг. Иймд эхний сэтгэл зүйч чинь тохирохгүй мэт санагдаж байвал өөр сэтгэл зүйчтэй уулзаж үзээд тухтай ажиллаж чадах хүнээ сонгож болно.
Зорилгоо бодож үзээрэй.
Анхны уулзалт дээр сэтгэл зүйч таныг яагаад зөвлөгөө авахыг хүссэн тухай асууж магадгүй. Тиймээс та сэтгэл зүйн зөвлөгөө авч буй зорилго маань юу билээ гэдгээ бодож, тодорхойлж чадсанаар сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнг нэмэгдүүлэх боломжой юм.

Асуух асуулт байвал бүү санаа зов
Сэтгэл зүйчтэйгээ таарч тохирох эсэхээ мэдэхийн тулд асуулт асуух нь зөв. Хэрэв та асуулт асуухаас эмээж байвал энэ нь санаа зовох зүйл биш юм. Та нээлттэй асуулт асуух боломжтой шүү.
Жишээ нь: “Та миний асуудалтай төстэй хүмүүстэй ажиллаж байсан уу?” “Энэхүү сэтгэл зүйн зөвлөгөө ойролцоогоор хэр хугацаанд үргэлжлэх бол” гэх мэт.
Хэцүү санагдаж байвал хүнд сэдвүүдийн тухай ярих шаардлагагүй.
Анхны уулзалтын үед бүх хүнд түүхээ ярих шаардлагагүй. Өөрийн хүссэн өөрт тухтай, ярихыг хүссэн зүйлээ бага багаар ярих хэрэгтэй. Сэтгэл зүйч тань таныг аажмаар чиглүүлэх болно.
Уулзалтын дараа өөртөө тайван цаг гаргаарай.
Сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалт заримдаа их хүнд мэдрэмж төрүүлдэг. Шууд ажилдаа яаран оролгүй, тайван байж өөртөө эргэцүүлэхэд цаг гаргахыг хичээгээрэй. Алхах, тэмдэглэл бичих, хөгжим сонсох эсвэл дуртай зүйлээ хийх нь таныг тайвшрахад туслаж магадгүй юм.

Гэрийн даалгавар эсвэл дасгалуудыг хийх.
Зарим сэтгэл зүйчид дараагийн уулзалтаас өмнө “даалгавар” өгдөг (жишээ нь: бодлоо бичих, амьсгалын дасгал хийх гэх мэт). Тэдгээр даалгаврыг хийж гүйцэтгэснээр сэтгэл зүйн зөвлөгөөний явцад дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
Гэрийн даалгавар хийсэнгүй гээд танд бүрэн дунд боловсролын сургууль шиг “F” тавихгүй тул бүү санаа зов. Даалгавар гарахад юу бэрхшээлтэй байсан талаараа л хуваалцахад болно.
Уулзалтын үр дүнг үнэлэх.
Уулзалтын дараа ямар байсан талаарх мэдрэмжүүдээ бодоод өөртөө асуулт тавин ямар сэтгэгдэл төрсөн бэ, тайван байсан уу, эсвэл эсрэгээрээ түгшүүр, эргэлзээ төрсөн үү гэдгийг бодож үзэх нь чухал юм. Эдгээр мэдрэмжүүдийг тодорхойлсны дараа өөрөөсөө дараах асуултыг тавиарай: “Энэ уулзалт миний хувьд хэрэгтэй байна уу?” эсвэл “Сэтгэл зүйчтэйгээ ажиллах нь надад тохиромжтой гэж бодож байна уу?” Хэрвээ танд энэ уулзалт тохирохгүй эсвэл үр өгөөж багатай санагдсан бол, цааш үргэлжлүүлэх эсэхээ эргэцүүлэн бодож, өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь зүйтэй.
Хэр удаан үргэлжлэх тухай…
Таны амьдралын ямар нэг нөхцөл байдлаас шалтгаалан өөр ажил гарах, бусад ажлаа зохицуулах гэх мэт зүйлүүдэд тохируулан сэтгэл зүйчтэйгээ ойролцоогоор хэр удаан сэтгэл зүйн зөвлөгөө үргэлжлэх тухай ярилцаж болно. Энэ нь танд илүү тодорхой байдлыг төрүүлэх боломжтой юм.
Эцэст нь: Анхны уулзалтад очихдоо бэлтгэлтэй байх сэтгэл зүйн зөвлөгөөг илүү үр дүнтэй эхлүүлэхэд тусална. Цагтаа очих, өөрийн мэдрэмжээ тэмдэглэх, зорилгоо тодорхойлох, уулзалтын дараа өөртөө тайван цаг гаргах зэрэг нь таны сэтгэл зүйн зөвлөгөөний хамгийн сайн эхлэл болно. Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөөнд зөв буруу гэж байхгүй учир, та өөрт хамгийн тухтай байдлаа сонгох нь хамгийн чухал.
Нийтлэл бэлтгэсэн: Г.Цолмон (сэтгэл судлаач)
