top of page

media for everyone

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах 5 арга

  • Jan 15
  • 2 min read

Нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн талаар олон ташаа ойлголт оршсоор байна. Тухайлбал, “сэтгэцийн асуудалтай хүн сул дорой”, “сэтгэл зүйн тусламж авах нь ичгэвтэр” гэх мэт ойлголтууд түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ стресс, түгшүүр, сэтгэл гутрал нь хүний амьдралын тодорхой үе шатанд үүсэж болох хэвийн сэтгэл зүйн хариу үйлдэл юм. Харин эдгээрийг удаан хугацаанд үл тоомсорлох нь асуудлыг хүндрүүлэх аюултай.


Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь асуудал үүссэний дараа анхаарах зүйл бус, харин өдөр тутамдаа анхаарч, хамгаалж, арчилж байх шаардлагатай амьдралын салшгүй нэг хэсэг.чухал үнэт зүйл юм. Судалгаагаар өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, тусламж хэрэгтэй үед эрт хэн нэгэнд хандаж чаддаг байх нь хүний амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулдаг гэж үзсэн байна.


Таны сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад дараах таван арга танд хэрэг болно гэж найдаж байна.


  1. ӨӨРИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ АНЗААРЧ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Дээр дурдсанчлан хүмүүс олон хүн сөрөг мэдрэмжийг “буруу”, “байж болохгүй” гэж дарж өнгөрүүлэх хандлагатай байдаг. Гэтэл уур, гуниг, айдас, түгшүүр зэрэг нь хүний хэвийн сэтгэл хөдлөл учраас өөрийн мэдрэмжийг анзаарч, хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэл зүйн хувьд тогтвортой байдлыг бий болгоход туслана.


  1. АМРАЛТ БОЛОН НОЙРОО ЗОХИЦУУЛАХ


Хангалттай сайн унтаж амрах нь сэтгэцийн эрүүл мэндийн суурь болох ба нойр дутуу байх нь уур бухимдал, анхаарал сарних, сэтгэл түгших шалтгаан болдог. Тиймээс тогтмол цагт унтаж босох, өөртөө амрах цаг гаргах нь сэтгэл санааг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.


  1.  СТРЕСЭЭ ХЯНАХ ЭРҮҮЛ АРГА БАРИЛД СУРАЛЦАХ

Стрессээс бүрэн зайлсхийх боломжгүй ч түүнийгээ зохицуулах арга барилд суралцаж болно. Дасгал хөдөлгөөн хийх, алхах, амьсгалын дасгал, бясалгал, дуртай зүйлээ хийх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулах үр дүнтэй аргууд юм.


  1. ЭРҮҮЛ ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХ

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд өөр нэг арга бол дотны хүмүүстэйгээ нээлттэй харилцаж, бие биеэ ойлгож дэмжих явдал юм. Санааг тань чилээж буй зүйлсээ хуваалцаж, дэмжлэг авах нь стрессийг багасгаж, сэтгэл санааг тогтвортой байлгахад тусалдаг. Мөн таныг сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлдэг харилцаанаас зай авах нь өөрийгөө хамгаалж буй явдал юм.

  1. ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ҮЕД МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНДАХ

Сэтгэл зүйн асуудал удаан хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдралд саад болж эхлэбэл мэргэжлийн тусламж авах нь зүйтэй. Сэтгэл зүйчид хандах нь сул дорой байдал бус, харин өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж буй ухамсартай сонголт юм.


Ашигласан зургууд: Элиз Эспозито

Нийтлэл бэлтгэсэн: Г.Цолмон (сэтгэл судлаач)


 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page