top of page

media for everyone

Сэтгэл зүйн зөвлөгөө VS Найзын зөвлөгөө

Updated: Oct 12

ree

Таныг сонсоод суух найз байгаа учраас сэтгэл зүйчид хандах шаардлагагүй гэж хүмүүс бодох нь түгээмэл. Гэхдээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах нь хайртай дотын хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилцахаас өөр гэдгийг энэхүү нийтлэлээрээ тодруулах гэж зорилоо.


Дотнын хүмүүстэйгээ ярилцах нь магадгүй сэтгэл зүйчээ олох, цаг товлоод явж очих гэх мэт зүйлс хийх шаардлагагүй, үнэгүй байж болох юм. Гэхдээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах нь танд бие даан амьдралын чанараа сайжруулахад хэрэглэгдэх танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн чадваруудыг өгдөг.


Сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээнээс юу хүлээх, ямар үр дүн гарахыг мэдэхгүй байх үед мэргэжлийн хүнд хандах нь найзтайгаа ярилцахаас нэг их ялгаагүй гэж таамаглах мэдээж амар. Гаднаас нь харахад аль аль нь л хоёр хүн хоорондоо ярилцаж, сонсож, зөвлөж байгаа харагддаг нь үнэн. ГЭХДЭЭ, та яагаад мэргэжлийн сэтгэл зүйч дээр очих нь илүү дээр гэдгийг энэ нийтлэлийг уншаад ойлгоно гэдэгт найдаж байна.

Хүмүүс яагаад сэтгэл зүйн зөвлөгөө авах, найзтайгаа ярилцах хоёр ялгаагүй гэж боддог вэ?
  1. "Сэтгэл зүйн зөвлөгөө нь ярихаас цаашгүй"

Зөвхөн харилцан ярих гэж хэн нэгэнд төлбөр төлнө гэдэг бол мөнгөний гарз. Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний зөвхөн ил харагдах хэсэг, мөсөн уулын орой нь л харилцан яриа юм. Тэгвэл сэтгэл зүйн зөвлөгөөний үнэ цэнээс дурдвал:

  • Мэдрэмжээ ойлгох, мэдрэх, илэрхийлэх чадварт суралцах,

  • Амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг сөрөг бодол, итгэл үнэмшлээ сорих,

  • Нөхцөл байдал болон хүмүүсийг харах, ойлгох шинэ өнцөг,

  • Харилцааг сайжруулах,

  • Өөрийн эерэг сөрөг бодол, бодлын зам, үйлдлийг таньж мэдэх,

  • Өнгөрсөн амьдрал тань одоогийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох,

  • Өөрийн мэдрэмж, бодлоо ойлгох, удирдах арга техникт суралцах

  • Өөрийгөө ойлгох, таньж мэдэх

  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь цаашид улам даамжирч, сэтгэцэд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ,

  • Таны олж харж чадахгүй байгаа зүйлийг сэтгэл зүйч харахад тань тусалдаг.

ree
  1. Сэтгэл зүйч таныг "сорьж чадахгүй" гэж боддог

Мэргэжлийн сэтгэл зүйч найзын тань өгдөг шиг зөвлөгөөг өгч, таны сонсохыг хүссэн зүйлийг хэлж, санал нийлсэн өнгө аясаар ярилцана гэж төсөөлдөг. Гэхдээ сэтгэл зүйч нар таны бодлыг сорьж байдаг. Ингэснээр та өөрийн амьдралын чанарыг сайжруулах шинэ арга замыг эрэлхийлж, туршиж эхлэх нөхцөл бүрдэнэ. Зарим үед сэтгэл зүйн зөвлөгөө танд тухгүй ч санагдаж магадгүй. Гэхдээ сөрөг бодол, зуршлаа таньж харах зам тийм ч дардан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


Мэргэжлийн хүнээс дөлөх зарим нэг шалтгаан нь өөрчлөлтөөс зугтах хандлага байх нь ч түгээмэл. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн таны амьдралыг харах өнцгөөс өөр хувилбаруудыг санал болгож, таны итгэл үнэмшлийг сорьдог. Харин найз нөхөд таны талд бат зогсож тантай ижил үзэл бодолтой байх нь элбэг.

Тэгвэл яг ямар ялгаатай вэ?
  1. Сэтгэл зүйч таны хувийн мэдээлэл болон нууцыг чандлан хадгалах ҮҮРЭГТЭЙ

Таны мэдээлэл, түүхийг сэтгэл зүйч өндөр нууцлалаар хадгалах ёс зүйн дүрэмтэй байдаг тул та дотнын хүмүүстээ хэлэх боломжгүй, дотроо хадгалдаг бодол мэдрэмжээ санаа зовохгүйгээр сэтгэл зүйчтэйгээ хуваалцах боломжтой.


Найздаа хэлсэн яриа, бодол мэдрэмж чинь цаашаа таны мэддэг өөр хүмүүст хүрэх эрсдэл үргэлж байдаг.


  1. Сэтгэл зүйч таныг шүүмжлэхгүй

Олон жил суралцахдаа сэтгэл зүйч нар үйлчлүүлэгчийнхээ асуудал, бодол мэдрэмжийг өөрийн хувийн бодол мэдрэмжээс тусгаарлаж, шүүмжлэлгүйгээр сонсож таны асуудал, мэдрэмж дээр төвлөрөх чадварт суралцдаг.


Ийм учраас үйлчлүүлэгч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөнд илүү нээлттэй, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Сэтгэл зүйчийн ажил таныг шүүмжилж, юу зөв юу буруу болохыг заахгүй.


  1. Сэтгэл зүйч нар обьектив ба ямар нэг талыг хэт баримтлахгүй/unbiased/

Найз нөхөд таны амьдралд найз нөхрийн дүрээр байдаг учир заримдаа юу ч болж байсан таны талд зогсохыг хүсэж болно. Сэтгэл зүйчтэй үүсэх харилцаа нь илүү мэргэжлийн байх ба мэргэжилтэн тантай сэтгэл хөдлөлөөрөө гүн холбогдохгүй байснаар сэтгэл зүйн зөвлөгөөний чанарт сөргөөр нөлөөлөхгүй.


ree
  1. Найзынхаа цаг завыг өөрийн асуудлын талаар ярьж үрсэндээ гэмшихгүй

Найзууд нэг нэгнээ харилцан дэмжиж тусалдаг. Хэрвээ зөвхөн та л өөрийнхөө болж, бүтэхгүй зүйлсээ ярих нь найзыг чинь ядрааж, найзын тань амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө. Тодорхой гарц шийдэл дээр төвлөрөн үр дүнтэй харилцан яриа өрнүүлэхээс илүүтэй нэг л зүйлээ давтан хил хязгааргүй ярилцах нь таныг ч найзыг тань ч ядраах болно.


Сэтгэл зүйн зөвлөгөөнд та мэргэжилтний үйлчилгээг авч байгаа тул тухайн цаг бол таных бөгөөд та хэн нэгэнд хэт их дараа боллоо гэж гэмших мэдрэмж төрөхгүй.


  1. Сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээгээ найздаа хандаж хангах нь тухайн нөхөрлөлийг гэмтээх эрсдэлтэй

Нөхөрлөл гэдэг нь өгөх-авах зарчмаар ажилладаг. Хэрвээ та өгөхөөсөө илүү авах нь их байдаг бол эсвэл авахаасаа илүү өгөх нь их байдаг бол тухайн харилцаа эрүүл биш болж байгаагийн илрэл. Энэ тохиолдолд тухайн харилцаанаас хангалттай үнэ цэн мэдэрч чадахгүй байгаа тал нь нөхөрлөлөө дуусгах шийдвэр гаргах эрсдэлтэй.


ree
Санамж

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний чанар 100% сэтгэл судлаачаас хамаардаггүй. Ямарваа харилцаа 2 талаас ижил хэмжээний хариуцлагатайгаар үүсдэг ба үйлчлүүлэгч болон сэтгэл зүйч хоёрын хооронд итгэлцэл үүсэж, хамтран ажилласнаар тухайн сэтгэл зүйн зөвлөгөөний чанар тодорхойлогдоно.


Сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёр сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн шалтгаан болон хүлээх хүлээлтийг тодорхойлж ойлголтоо нэгтгэснээр сэтгэл зүйн зөвлөгөөний зорилгоо тодорхойлогдож ямар арга барилаар ажиллахаа төлөвлөдөг.


Бүх сэтгэл зүйч нарын арга барил ижилхэн биш тул та сэтгэл зүйч нарыг ерөнхийлөн дүгнэх гэж яарахгүйгээр өөрт хамгийн сайн тохирох арга барилтай сэтгэл зүйчээ олох дээр төвлөрөхийг зөвлөж байна.


Хэрвээ таны найз чинь сэтгэл зүйч бол та найзаасаа сэтгэл зүйч дүрийг нь хүлээх хэрэггүй л болов уу. Таны найз "найз"-ын дүрээр л тантай харилцан яриа өрнүүлж, таныг сонсож, танд зөвлөж байдаг. Дээр дурдсанчлан таны найз тантай сэтгэл хөдлөлөөрөө холбогдсон байдаг учир танд мэргэжлийн үр дүнтэй зөвлөгөө өгөх боломжгүй ба сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэмд хувийн харилцаатай хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй байхыг тодотгосон байдаг.


Эцэст нь хэлэхэд хүн сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээг сайн дурын үндэс дээр сонгосноор үйлчилгээ илүү үр дүнтэй болдог. Энэхүү нийтлэл таныг өөрөө сонголтоо хийхэд бага ч болтугай тусалсан гэж итгэж байна.


Хэрэв та ЛГБТИК+ хүн бол танд дуулгах мэдээ байна!
ree

Youth LEAD Mongolia ТББ нь Орон нутгийн санаачлагыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр "Монгол дахь ЛГБТИК+ залуу олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төсөл"-ийн хүрээнд сэтгэл зүйн үнэ төлбөргүй үйлчилгээг хүргэж байгаа юм байна.


Хэрэв та ЛГБТИК+ буюу лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр хүн бол тус ТББ-руу холбогдож ЛГБТИК+ хүний оршихуйг хүндэлсэн, нууцыг чандлан хадгалах, мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжтой юм байна шүү.


Та тус үйлчилгээг авахыг хүсвэл Youth LEAD Mongolia ТББ-ын цахим хаягууд руу чат бичиж үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ өгөөрэй.


Танд асууж тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 12-16 цагийн хооронд утсаар, бусад үед цахим хаягуудаар холбогдох боломжтой.

Инстаграм хаяг: http://instagram.com/youthlead_mng/?hl=en 

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/youthleadmng/ 

Утасны дугаар: 7755-5011


ree

Нийтэлсэн: С.Цолмон

Нийтлэлд оролцсон: Ц.Цэвээнравдан


 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page