top of page

media for everyone

Солонгын өнгөний гэрэл, сүүдэр ❐

8-р сарын 22-31-нд Улаанбаатарт “Тэгш эрх, бахархлын өдрүүд” болж өнгөрөв. Энэ хүрээнд “Тэгш эрхийн төлөөх алхалт” тайван жагсаал болсон нь эдүгээ 13 дахь жилдээ зохиогдож байгаа юм. 


“Тэгш эрх, бахархлын өдрүүд” бол нийгмийн нэгэн хэсэг болох ЛГБТИК+ хүмүүст тулгарч буй асуудлуудыг таниулах, энэ тал дээр гарч буй дэвшлүүдийг бахархан тэмдэглэх өдрүүдээс гадна ерөөс тэгш бус, шударга бус байдлын эсрэг тэмцлийн илэрхийлэл билээ.  


2025 оны Тэгш эрхийн төлөөх Алхалтын үеэрх
2025 оны Тэгш эрхийн төлөөх Алхалтын үеэрх

***

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын парламент ЛГБТИК+ эрхийг хамгаалах үйл ажиллагааг хориглох тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар шийдвэрлэсэн нь парламентад олонх Ерөнхий сайд Виктор Орбаны намын лобби байсныг олон улсын хэвлэл мэдээллүүд онцолсон. Парламентын энэ шийдвэрийг эсэргүүцэн Будапештын прайд буюу “Бахархлын өдрүүд”-ийн жагсаалд 200 мянга орчим иргэн оролцжээ. “Бүгд эрх чөлөөтэй болоогүй цагт бидний хэн нь ч эрх чөлөөтэй биш”, “Эрх чөлөө, хайр сэтгэлийг хорих учиргүй” гэх зэрэг бичиг бүхий самбар хэдэн арван мянгаараа Будапештын гудамжийг солонгын өнгөөр будав. Энэ бол 2025 онд өрнөсөн хүний эрхийн төлөөх томоохон тэмцлийн нэг байлаа.


Америкчуудын ихэнх нь хэн ч гэсэн дарамт, хүчирхийллээс ангид, өөрийнхөөрөө амьдрах эрхтэй гэж үзэж байгаа талаар ашгийн бус GLAAD байгууллагын гаргасан “Accelerating Acceptance” тайланд онцолжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон ЛГБТИК+ бус хүмүүсийн 61 хувь нь ЛГБТИК+ хүмүүсийг дэмждэг гэсэн аж. 63 хувь нь олон ЛГБТИК+ хүнтэй ойрын танил биш учраас тийм ч сайн мэддэггүй гэж хариулсан бөгөөд 77 хувь нь ЛГБТИК+ хүмүүс амьдралаас бусдын л адил зүйлсийг хүсэж хүлээж байгаа гэж хариулсан байна. Хайр халамж, хүрээлэл, дэмжлэг гэх мэт бүх л хүний хүсдэгийг хүсдэг гэж. 


Судалгааны дүнг ЛГБТИК+ хүмүүсийн үүднээс авч үзвэл бас л өндөр хувьтай үзүүлэлтүүд харагдана, гэхдээ сөргөөр. Судалгаанд оролцсон ЛГБТИК+ гурван хүн тутмын хоёр нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллээсээ шалтгаалсан дарамт мэдэрч байсан гэжээ. Z үе гэгддэг насны ангиллынхны хувьд энэ тоо бүр ч өндөр (81%). 2024 онд АНУ-д л гэхэд ЛГБТИК+ хүмүүсийг үзэн ядах сэдлээр үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болж 84 хүн гэмтэж, 10 хүн амиа алджээ. Олонх нь дэмждэг гэсэн байхад ЛГБТИК+ эрхийн эсрэг хэргүүд ийм олон гарсаар байгаа нь энэ талаарх дэвшил дэлхий дахинд хангалттай биш байгааг харуулах нэгэн дүр зураг гэж болохоор. ЛГБТИК+ эрх бол хүний эрх гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс манай нийгэмд ч олон байдаг ч дэмжлэгээ бодитоор илэрхийлэх тал дээр дутмаг байна. 


Илүү эрх чөлөөт, нээлттэй Ази

Сүүлийн хэдэн жилд ЛГБТИК+ эрхийн төлөөх хөдөлгөөн Зүүн өмнөд болон Өмнөд Азид эрч авч, багагүй дэвшил гараад буй. Тайвань, Тайланд, Балба улсуудад ижил хүйсийн хосууд гэр бүл батлуулах, Тайваньд ижил хүйстэн хос хүүхэд өргөн авах эрхтэй болсныг дурдаж болно. Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг “өвчин биш”, “эмчлэгдэх, эмчлэх шаардлагатай юм биш” гэж тодорхойлсон болон Сингапур ижил хүйсийн бэлгийн харилцаан дахь хоригоо цуцалсан нь мөн саяхны үйл явдал. Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улсууд ижил хүйсийн гэрлэлтийг удахгүй хүлээн зөвшөөрнө хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. Бүс нутгийн нэг л улс эергээр шийдэхэд бусад улс оронд дагаад дэвшил гардгийг Азийн жишээнээс бид бэлхнээ харж байна. Тэр дундаа ардчилсан засаглалтай улс орнуудад хүний эрхийг тэгш хэрэгжүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх нэгэн түлхүүр болдог гэдгийг судлаачид онцолдог.

✨ Нийтлэлч: П.Номинбилэг


🙏 Тэгш эрхийн төлөө нэгдэж, "нийтлэл"-ээр хандив өргөсөн П.Номинбилэг танаа талархал илэрхийлье!

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page