Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж Иргэний нийгмийн байгууллагууд ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ гаргажээ
- Apr 10
- 3 min read

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах буюу МУ-ын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хэд хэдэн асуудлыг хөндөж, нийгэмд томоохон хэлэлцүүлгийг үүсгээд байгаа билээ.
Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө:
Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо,
УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Тэгвэл дээрх заалтууд нь парламентын үйл ажиллагаа руу халдсан, парламентын дархлааг сулруулах, нэг намын дарангуйлал тогтох, "ёс зүйн" нэрийн дор сөрөг хүчнээ парламентаас хөөж явуулах "атгаг санаатай" хуулийн төсөл хэмээн улс төр судлаач нар үзэж байгаа юм.
Тэгвэл тус хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7%-иар дэмжсэн аж. Иймд үүсч буй нөхцөл байдал, тулгамдаад буй эрсдэлд Монголын засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлээд байна.

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэхүү хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл дагуулж байна.
Гишүүнийг эгүүлэн татах механизмыг өргөтгөсөн нь Улсын Их Хурлын гишүүний бие даасан байдалд шууд нөлөөлөхөөр байна. Парламентын гишүүн нь ард түмнийг төлөөлөх “чөлөөт мандат”-ын зарчмаар ажиллах ёстой. Байнгын эгүүлэн татагдах эрсдэлтэй нөхцөлд гишүүд бодлогын үндэслэлтэй шийдвэр гаргахаас илүү улс төрийн дарамтаас зайлсхийх, ард түмний элч байх үүргээ бие даан хэрэгжүүлэх боломж буурах эрсдэлтэй.
Гишүүдийг “жагсаалтын” болон “тойргийн” гэж ялгавартайгаар зохицуулах нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй. Улсын Их Хурлын гишүүн нь нэгэн ижил бүрэн эрхтэй, нэгдмэл статус бүхий төлөөлөгч бөгөөд ийм ангилалд тулгуурлан ялгавартай хариуцлага тооцох нь төлөөллийн ардчиллыг үндсээр нь алдагдуулах эрсдэлтэй.
Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг намын шийдвэрээр эгүүлэн татах боломж олгож байгаа нь парламентын гишүүдийг намын удирдлагаас шууд хараат болгох аюултай. Үүнээс гадна парламентад олонхын суудалтай нам олонхын саналаар цөөнхийн гишүүдэд нөлөөлөх, улмаар тэднийг эгүүлэн татах нөхцөл бүрдэх эрсдэл бий. Энэ нь парламент дахь олонх, цөөнхийн тэнцвэрийг эвдэж, гишүүн бүрийн тэгш эрхт статусыг үгүйсгэнэ.
Улс төрийн намын төлөвшил, хөгжлийг сааруулах эрсдэлтэй байна. Нам бол нэр дэвшигчийг сонгох, бэлтгэх, хариуцлагажуулах үндсэн субъект мөн. Хэрэв намын жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой, давтамжтай зөрчил гаргаж байгаа бол энэ нь тухайн намын дотоод ардчилал, хяналтын тогтолцоо сул байгаагийн илрэл юм. Ийм нөхцөлд гишүүнийг эгүүлэн татах замаар асуудлаас “зугтах” бус, харин нам өөрөө хариуцлага хүлээж, нэр дэвшүүлэх үйл явцаа ил тод, хариуцлагатай болгох ёстой. Улс төрийн намуудын дотоод ардчилал, ил тод байдал, хариуцлагыг бодитоор сайжруулах шаардлагатай.
Түүнчлэн “ёс зүйн ноцтой зөрчил” гэх ойлголтыг тодорхойлоогүй, хэмжүүргүй үлдээсэн нь хуулийг дур мэдэн, субьектив хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь эрх зүйн тодорхой байдал, шударга ёсны суурь зарчимд харшилна.
Эцэст нь, хариуцлагыг нэмэгдүүлэх аливаа шинэчлэл нь парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг зөрчих ёсгүй. Хэрэв энэ тэнцвэр алдагдвал “хариуцлага” нэрийн дор парламентын дархлаа алдагдах бодит эрсдэл бий болно.
Парламент нь иргэдийн эрх чөлөө, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болох институц билээ.
Бид энэхүү хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд уриалж байна.
2026.04.09


