top of page

media for everyone

Э.ЭНХМАА: ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЧИМЭЭГҮЙ ХАШХИРААН БОЛ ПРАЙДЫН “АЛХАЛТ”

  • Aug 23, 2024
  • 3 min read

“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд ЛГБТ Төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн жилийн нээлттэй хаалганы өдөрлөгт 100 гаруй хүн оролцон мэдээлэл авсан бол энэ жилийн хувьд мөн адил ЛГБТ Төв зочдын хөлд дараатай өнжлөө. Энэ үеэр ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаатай ярилцав.  


Сайн байна уу? Танай төв анх хэдэн онд байгуулагдсан бэ? Албан ёсоор бүртгүүлэхэд хүндрэлтэй зүйл их байсан гэж сонссон. Тэр талаар яривал. 

ЛГБТ Төв 2007 онд үүсгэн байгуулагдсан. Манайх энэ чиглэлийн хамгийн анхны байгууллага биш л дээ. Манайхаас өмнө ЛГБТИК+ хүний эрхийн чиглэлээр ажилладаг “Тавилан”, “Милк” гээд байгууллага байсан. Гэвч тухайн цаг үед эвлэлдэн нэгдэж, байгууллага болох нөхцөл нь огт бүрдээгүй. Ганцхан төрийн зүгээс биш иргэд ч ийм төрлийн байгууллага эвлэлдэн нэгдээд, ил тод гарч ирэхэд бэлэн биш байсан үе. 2007 онд “Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендэр Төв” гэсэн нэрээр улсын бүртгэлд хүсэлт өгөөд татгалзсан хариу сонссон. Нэрэнд орсон үгс нь садар самуунд уруу татсан гэж үзсэн. Ингээд бид 3 жил тэмцэж байж уг нэрээрээ 2009 оны 12-р сарын сүүлээр байгууллагаа бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Үүнд ХЭҮК маш их туслалцаа үзүүлсэнд баярладаг. Монгол Улсад ЛГБТИК+ хүний эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон улс төрийн эрхийг сайжруулах эрхэм зорилготой. Байгуулагдахдаа үндсэн 3 хөтөлбөртэйгөөр эхэлсэн. Одоо ч дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлсээр л байна. 


Өнгөрсөн хугацаанд танай байгууллагын хувьд гаргасан хамгийн том үр дүн юу вэ? 

Хууль эрх зүйн хүрээнд том хуулиудад бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар тусгайлан оруулж өгсөн. Дурдвал 2015 оны Эрүүгийн хууль, 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2022 оны Хувь хүний нууцын тухай хууль гэх мэт. Мөн Иргэний улсын бүртгэлд транс, интерсекс хүмүүс хүйсийн тэмдэглэгээгээ өөрчлөх боломж бас бүрдсэн. Эрх зүйн орчин ямар ч байсан бүрдээд, дээшилсэн. Энэ бол маш том амжилт гэж хэлнэ. Гэхдээ үүнд ханаад цэг тавиад дуусгах асуудал бас биш юм аа. Яагаад гэвэл хуультай болсон ч хэрэгжилт нь асар муу. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж, сайжруулах, ЛГБТИК+ хөдөлгөөнийг бэхжүүлэх нь бидний эрхэм зорилго гэж харж байгаа юм. 


Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ЛГБТИК+ сэдвээр сайн муу хамаагүй ямар нэгэн байдлаар ил тод хэлэлцдэг болсон. Энэ бол бид нарын хувьд бий болгосон маш том үр дүн мөн. 



Үүнээс гадна эерэг өөрчлөлтүүд бий болсон уу? 

Манай байгууллага хүний эрхийн зөрчлийг баримтжуулдаг. Тэрнийхээ дагуу одоо хэрэгжиж байгаа эрх зүйн орчинд байгаа гомдолын  механизмыг ашиглаж тэр хүний эрхийг сэргээлгэхээр ажилладаг. Энэ дээр бол өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд манайд ирэх хэргийн тооны бүртгэл багассан.  Аймшигтай хэргүүд гардаг байсан нь буурсан. 


Та яриандаа хууль эрх зүйн орчин сайжирсан, иргэдийн хандлага мөн бага багаар эерэг болж байгааг дурдлаа. Тэгвэл цаашдаа өөр ямар асуудал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байгаа вэ ? 

Монгол Улсад бие даасан ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц хууль хэрэгтэй. Тэгэхгүйгээр бусад хуульд энэ асуудлыг шигтгэх байдлаар, зүйл, заалтаар оруулахаар хэрэгжихгүй байна. Тэрэнд нь таарсан журам, шаардлагатай төсвийг нь ч батлахгүй явдаг. Тэгэхээр цогц хуультай болох юм бол цогц механизм бий болно гэсэн үг. Үүнээс гадна транс хүмүүст хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бий болгох шаардлага асар их байна. Энэ хоёр асуудлаар манай байгууллага ирэх 5 жилд онцгой анхаарч ажиллана. 


Өнөөдөр зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө үү. 

Манай байгууллагын хувьд мэдээллээ нээлттэй түгээдэг ч заримдаа биднийг төсөөлөхдөө нэг тийм эвгүй гарууд суучихсан, харанхуй бүрэнхийд тамхи татаад л,  нэг хор найруулаад л сууж байгаа юм шиг бодоод байдаг.  Эсвэл зарим нь бид нарыг маш их айдаг гэж эндүүрдэг. Тэгээд ирж уулзахаас зайлсхийдэг. Гэтэл манай байгууллагын хаалга жилийн 365 хоногт нээлттэй байлгахыг хичээдэг. “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ээр бид энэ талаа илүү харуулах үүднээс илүү “чангаар” зарлаж, үйл ажиллагаагаа таниулах өдөрлөг зохион байгуулдаг юм. 



“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийг яагаад тэмдэглэдэг вэ? Цаад утга учир нь юу байна вэ? 

Жишээ авахад, олон жилийн өмнө эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нуудаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найзлуулахыг хүсдэггүй байсан. Нэг ангид сургахгүй гэдэг хандлага гаргадаг байсан. Харин тэдний өөрсдийн эрхийн төлөө хийсэн тэмцлийн үр дүнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ёстой, тусгай хэрэгцээнд нь тааруулж сургууль, цэцэрлэгийн орчинг бүрдүүлэх ёстой гэж хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ. Үүнтэй адил асуудлыг ил гаргаж ирж, ярьж байж л ялгаварлан гадуурхалт, үл хүлээн зөвшөөрснөөс үүдэлтэй хүний эрхийн зөрчил буюу үүссэн “шарх” эдгэнэ гэсэн үг. Тиймээс бахархлын өдрөөр асуудлаа айж, ичилгүй нийгэмд тодоор ойлгуулах нь чухал. 


Нөгөө талдаа хүмүүс ЛГБТИК+ хүмүүсийг өөрийгөө илэрхийлэхгүй, чимээгүй амьдар, хэн нэг нь зодоогүй, цохиогүй л байна шүү дээ гэж тулгадаг. Гэвч бид чанартай амьдармаар байна. Эрх зүйн хувьд бусад шиг хамгаалалт дор эрхээ эдэлмээр байна. Наад зах нь гэрлэлт бол баяр ёслол гэхээс илүүтэй, наад зах нь хосынхоо өмнө хуулиар хариуцлага хүлээх, өв хөрөнгөө өвлүүлэх, саллаа гэхэд үр хүүхдээ өсгөх, асран хамгаалах эрх гээд хуримын ёслолоос ч илүү утга учиртай чухал зүйл байдаг. Бидэнд энэ эрхээ эдлэх боломж огт байхгүй. 


Мөн ЛГБТИК+ хүүхдүүд. Эцэг эх нь насанд хүртэл нь өсгөх үүргээ хүлээхээс татгалзаж шууд гэрээсээ хөөдөг. Үүнд нь хэн ч хариуцлага тооцдоггүй. Хүүхдээ нөхцөлгүйгээр хайрлах ёстой хамгийн ойр дотнын гэр бүлийнх нь хүмүүс хайрлахаас татгалзаж, холбоогоо тасалдаг. Тиймээс ЛГБТИК+ хүмүүс эрхээ эдлэхээр “хашхирахаас” өөр арга алга байна.


Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.


 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page