top of page

media for everyone

НҮБ: Монголын төр ЛГБТИК+ иргэдийн эсрэг хүчирхийллийг бүртгэж, ял шийтгэл оногдуулдаггүй

  • May 30
  • 3 min read

Updated: May 31


Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаанаас үүдэлтэй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал эрхэлсэн Хараат бус шинжээч 2026 оны тавдугаар сарын 18-29-нд Монгол Улсад айлчлал хийж, нийслэл Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотуудад ажиллалаа. Айлчлалын төгсгөлд гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын хууль эрх зүйн давуу болон сул талуудыг нарийвчлан дурдсан байна.


Монгол Улс сүүлийн арван жилд ЛГБТ иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал хуулийн шинэчлэл хийсэн. 2017 онд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг хориглож гэмт хэрэгт тооцсон байдаг. Мөн 2022 онд батлагдсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаатай холбоотой мэдээллийг эмзэг мэдээлэлд ангилж, зөвшөөрөлгүй задруулахыг хориглосон. 2022 оны Хөдөлмөрийн хуульд ажлын байрны ялгаварлан гадуурхалтыг хориглох заалтуудыг нэмсэн байна.


Гэвч НҮБ-ын Шинжээчийн үнэлгээнээс харахад хуулийн заалт болон бодит амьдралын хооронд зөрүү гүн байсаар байна.


Гомдлыг бүртгэж мөрддөгүй.

Айлчлалын явцад цуглуулсан мэдээллээс харахад ЛГБТ иргэдэд учирсан хүчирхийлэл хууль хүчний байгууллагад хүрч чадахгүй, хүрсэн ч хэрэг болгон мөрдөгддөггүй байна.


Улсын Ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2017-2021 оны хооронд бэлгийн чиг баримжаатай холбоотой 13 гомдол бүртгэгдсэн ч, үүнээс ихэнх нь шүүхийн шатанд хүрч чадалгүй, хэрэгсэхгүй болжээ. Харин Цагдаагийн Ерөнхий Газрын тоо баримтаар мөн хугацаанд ердөө 5 гомдол тэмдэглэгдсэн байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэлснээр 2017-2025 оны хооронд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд суурилсан ялгаварлан гадуурхалтын ямар ч хэрэг шүүхэд хүрч шийдвэрлэгдэж байгаагүй юм байна.


Харьцуулбал, ЛГБТ Төв байгууллага тус хугацаанд 16 гомдлыг баримтжуулсан бөгөөд үүнээс ганц хэрэг шүүхэд шилжсэн хэдий ч хэрэгсэхгүй болжээ.


"Цагдаад гомдол гаргасан хүмүүсийн хэргийг нухацтай авч үздэггүй, шууд хэрэгсэхгүй болгодог, зүйлчлэлийг хөнгөн болгодог, эсвэл Хүний эрхийн Үндэсний Комисс руу шилжүүлдэг талаар мэдээлэв" — НҮБ-ын Хараат бус Шинжээч мэдэгдэлдээ онцолсон байна.

Шинжээч мөн цагдаагийн байгууллагаас зарим ЛГБТ иргэдийн бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг нь санамсаргүй болон санаатайгаар задруулсан тохиолдол байгааг тэмдэглэсэн. Энэ нь цагдаад итгэх итгэлийг улам бүр бууруулж, гомдол гаргахаас татгалзахад хүргэж байна.


"Тэгш эрхийн алхалт" анх удаа Төв талбайд

Эерэг мэдээ ч бий. ЛГБТ Төв 2014 оноос хойш анх удаа буюу 2024 онд Төв талбайд "Тэгш эрхийн төлөөх алхалт" арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл авч, 2025 онд дахин амжилттай зохион байгуулжээ. Энэ нь тайван цуглаан хийх эрхийн хэрэгжилтэд чухал ахиц дэвшил болсон гэж Шинжээч дүгнэжээ. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд нийтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой захиргааны саад бэрхшээлүүд байсаар байгаагаа мэдэгдсэн байна.


Трансжендэр иргэдийн хүнд нөхцөл байдал

Айлчлалаар трансжендэр иргэдийн нөхцөл байдал онцгой хүнд байгаа нь тодорхой болжээ.

Хүйсийн тэмдэглэгээгээ хууль ёсоор өөрчлөхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар мэс засал болон үргүйсгэх хагалгаанд орсон гэдгийг нотлох шаардлагыг тавьдаг болсон байна. Хуульд ийм нарийн шаардлага тусгаагүй байхад бодит амьдрал дээр ийм журам тогтсон нь олон улсын хүний эрхийн зарчимтай зөрчилдөж байгааг Шинжээч тэмдэглэв.


Эрүүл мэндийн хувьд трансжендэр хүмүүст зориулсан нарийн мэргэжлийн эмч, сургагдсан боловсон хүчин байхгүй, хүйс баталгаажуулах эмчилгээ эрүүл мэндийн суурь даатгалд ороогүй, шаардлагатай эм тариа нийлүүлэлт тогтворгүй байдаг. Зарим транс иргэд эмийг гадаадаас авчрахад гаалийн хүндрэлтэй тулгарч, зарим нь эмчийн хяналтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийж байна гэж мэдэгджээ.


Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл асуудалтай

Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Шинжээч анхаарал хандуулсан байна. Тус төсөлд ижил хүйсийн гэрлэлтийг шууд хориглох заалт орсон нь ялгаварлан гадуурхсан шинжтэй харагдаж байгааг тэмдэглэжээ. Учир нь Монгол Улсын хууль тогтоомж аль хэдийн гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэйн хүмүүсийн хооронд гэж тодорхойлсон байдаг тул ийм хориглолт хууль зүйн хэрэгцээгүй, илүүц заалт болж байна.


Мөн нэгийг нь хүйсийн өөрчлөлт бүртгүүлвэл гэрлэлт шууд цуцлагдахаар тусгасан заалт байгааг Шинжээч онцлон дурдсан байна.


Засгийн газарт хүргүүлэх гол зөвлөмжүүд:

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2027 оны 6 дугаар сард өргөн барих улс орны тайланд илүү нарийвчилсан зөвлөмжүүд тусгагдах хэдий ч анхаарал хандуулах зарим гол чиглэлүүдийг доор дурдав:

  • Эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбар зэрэг олон салбарын хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай холбоотой нарийвчилсан мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлэх.

  • Төрийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн мэдрэмж олгох, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалтуудыг тогтвортой, системтэйгээр явуулахын тулд одоогийн сургалтын хөтөлбөрүүдийг өргөжүүлж, үүнд байгууллагын зүгээс хангалттай дэмжлэг үзүүлж, нөөц бололцоогоор хангах.

  • Эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх хандлагыг, түүний дотор ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх соёлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн ухамсар, боловсролыг дээшлүүлэх санаачилгуудад хөрөнгө оруулалт хийх.

  • Хүний өөрийгөө тодорхойлох хандлагад суурилсан, хүйсийн өөрчлөлтийг хуульчлан хүлээн зөвшөөрөх хялбаршуулсан, хүртээмжтэй журам, захиргааны үйл ажиллагааны процессыг бий болгох.

  • Трансжендэр хүмүүст хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй (боломжийн үнэтэй), чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үүний дотор шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах.

  • Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаанд суурилсан ялгаварлан гадуурхалтаас сэргийлэхтэй холбоотой одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт болон хяналтын тогтолцоог чангатгах.


Эх сурвалж: Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаанаас үүдэлтэй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал эрхэлсэн Хараат бус шинжээчийн Грэм Рейдийн Монгол Улсад хийсэн айлчлалын хэвлэлийн бага хурал


2026 оны тавдугаар сарын 29.

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page