Олон улсын "биеэ үнэлэгч"-дийн өдөр| Монголын "гунигт янхнуудаа" дурсахуй
- Jun 3
- 4 min read

Ёс бус үг хэллэг, алдартай ном зохиолын нэрийг гарчигтаа дурдсанд хүлцэл өчье.
Тиймээс нийтлэлийн эхэнд гарчгаа зөв үг хэллэг, нэр томъёогоор засцгаая.
Биеэ үнэлэгч биш,
Янхан биш,
харин БЭЛГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ!
Бас тус нийтлэл нь Маркес Габриель Гарсияийн амьд ахуйдаа хэвлэн нийтэлсэн сүүлийн ном болох "Гунигт янхнуудаа дурсахуй"-гийн талаар биш болно.
Нэршлийн хувьд 1980-иад онд “sex work” буюу бэлгийн хөдөлмөр эрхлэгч гэх нэр томъёо түгээмэл ашиглагдаж ирсэн бөгөөд тус нэр томъёог Carol Leigh гэх хүн гаргаж иржээ. Өнөөдөр НҮБ, хүний эрхийн байгууллагууд хүртэл энэ нэр томьёог ашигладаг болсон байна.

Зургаадугаар сарын 2-ныг дэлхий даяар бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх, нэр төр, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулах өдөр хэмээн тунхагласан байдаг. Иймд бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийн амьдралыг өөр өнцгөөр харцгаая гэж бодоод тус нийтлэлийг товшиж сууна. Харин хэн нэгнийг бэлгийн хөдөлмөр эрхлэхийг уриалсангүй.
Бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийн ЭРХ, НЭР ТӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол дэлхийн улс орон бүр нэгдэж, соёрхон батлаад дагаж мөрдөх үүрэг хүлээсэн хамгийн чухал бичиг баримт. Тэгвэл тус тунхаглалд хүн бүр нэр төртэй амьдрах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөдөлмөрлөх, нийгмийн хамгаалал хүртэх эрхтэй. Эдгээр эрх нь хүний мэргэжил, ажил эрхлэлт, нийгмийн байдал болон бусад шинжээс үл хамааран бүх хүнд адил тэгш хамаарна хэмээн заасан байдаг. Тиймээс бэлгийн хөдөлмөр эрхлэгч нарт ч бас эрх бий. Тэд хийж байгаа ажлаасаа болоод хүчирхийлэлд өртөж, доромжлуулж, мөн тэдэнтэй хүний ёсоор биш, бүр амьтнаас дор харьцаж байгаа мэт байх нь зохисгүй. Тэд бусдын л адил нийгмийн хамгаалал, аюулгүй орчин, эрүүл мэндийн үйлчилгээг авдаг байх ёстой.
МОНГОЛД: Товчхондоо манай улс бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийг үзэн яддаг. Үүнийг энгийн нэг нийтлэл, фейсбүүк постоос харж болно. Нийгмээрээ гадуурхаж, төрийн зүгээс тухайн бүлгийн эрхийг хавчиж, шахалтад оруулдаг. Учир нь Эрүүгийн хуулиараа монголд биеэ үнэлсэн, зохион байгуулсан тал л ял шийтгэл авдаг бол, нөгөө тал нь болох үйлчилгээ авч байгаа хүн буюу худалдан авагч нар нь ял шийтгэл оногдуулах хууль эрх зүйн заалттай биш.
"...сексийн үйлчилгээ нь хууль бус байгаатай холбоотойгоор биеэ үнэлэх явцдаа гэмт хэрэгт өртсөн иргэд хууль, шүүхийн байгууллагад хандан, хуулиар хамгаалуулах хүний эрхээ эдэлж чадахгүй байна. Мөн цагдаагийн байгууллагын биеэ үнэлэх зөрчлийг илрүүлэх ажиллагаа явуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан биеэ үнэлсэн иргэд төдийгүй үйлчлүүлэгчдийг хүнд нөхцөл байдалд оруулан ярилцлага авч үүнийгээ олон нийтэд цацаж, биеэ үнэлж буй иргэд төдийгүй үйлчлүүлэгч иргэдийн нэр төр, алдар хүндийн халдашгүй байдалд халдах явдал ихээр гарах болсон." (Мөнхтүвшингийн Мөнхнаран - "Хүний эрх ба сексийн үйлчилгээг хуулиар зөвшөөрөхийн ач холбогдол: Монгол Улс невада загварыг сонгох талаар" Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтээлийн товчоос)Бэлгийн хөдөлмөр эрхлэх шалтгаан нь "АМАРХАН МӨНГӨ ОЛОХ"... тэгээд л болоо юу?
2010 оны Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын судалгааны оролцогч бэлгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь үйлчлүүлэгчдийн зүгээс бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийг хэл амаар доромжлох, бие махбодийн хүчирхийлэлд өртөх, дээрэмдэх, ёс бус гаж зүйл шаардах гэх мэт дарамт шахалт, хүчирхийлэл амсдаг талаар дурджээ.
Мөн тус судалгаанд оролцогчдын 47 хувь нь хүүхэдтэй, хоёр бэлгийн хөдөлмөр эрхлэгч тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэдтэй аж. Судалгааны дүнгээр нийт биеэ үнэлэгчдийн бараг гурван хүний нэг нь биеэ үнэлэхээсээ гадна ямар нэгэн цалин хөлстэй ажил эрхэлж байна.
Тэгвэл тэд яагаад бэлгийн хөдөлмөр эрхлээд байна вэ? Хүмүүсийн ам уралдуулан ярьдаг "амар хялбар аргаар мөнгө олох" л тэдний ганц шалтгаан гэж үү. Мэдээж бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийн анхны болон одоогийн шалтгаан нь мөнгө олох нь зорилго. Бусдаар бол гэр бүлээ тэжээх, амьдралаа залгуулах, сургалтын төлбөрөө олох зэрэг байдаг талаар судалгаа мөн дурдаж. Дээрх судалгаанд мөн анхаарууштай нэг зүйл нь "арван хүн тутмын нэг нь гэрээсээ хөөгддөг, мөнгө олж ир гэж хөөдөг, бие махбодийн дарамттай байдаг" гэжээ.
Бие махбодио зарж, борлуулан өөрийн болоод гэр бүлээ тэжээж, амьдралаа залгадаг хэсэг бүлэг хүмүүсийн аж амьдралыг "амархан мөнгө олох" гэдэг шалтгаанаар дүгнэхэд учир дутагдалтай. Эндээс харахад бэлгийн хөдөлмөр эрхлэгч нар нь тухайн нийгмийн орхигдсон, нийгмийн халамж, үйлчилгээ авч чадахгүй, зохистой хөдөлмөр эрхэлж чадахгүй хүмүүс, аль эсвэл өдрийн цагаар цалин хөлсгүй асрах ажил хийхээс өөр аргагүй байдалд байгаа хүмүүс байдаг аж.

Түүхэн тойм:
Биеэ үнэлэх явдал нь эрт үеэс улбаатай. Зарим эх сурвалж бэлгийн хөдөлмөр эрхлэлт бол хүн төрөлхтөний анхны ажил хөдөлмөр ч ярьдаг.
Манай эриний өмнөх VI зууны Афинд Солон эрэгтэйчүүдийн хэрэгцээг хангах, гэрлэсэн эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохоос сэргийлэх зорилгоор бэлгийн хөдөлмөр эрхлэх явдлыг ил болгон, орон байр эзэмшихийг зөвшөөрчээ. Хэрэв бэлгийн хөдөлмөр эрхлэх явдал байгааг төрийн мэдэл, хамгаалалтад авч, бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийг гадаад төрх байдлаараа бусдаас ялгарч байхыг шаардахаас гадна олсон орлогын тодорхой хэсгийг улс татвар болгон авдаг байж.
Эртний Ромд эмсийн хүрээлэн олон байсан тухай түүхийн тэмдэглэл үлдсэн байдаг. Амстердам дахь алдарт “Улаан дэнлүүний гудамж" бүр XIV зуунаас эхлэлтэй бөгөөд XVII зуун Голландын дэлхийн худалдааны томоохон төв байх үед хууль ёсоор үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн чухал газар болж, засаг захиргааны байцаагч түшмэл үйлчлүүлэгч далайчдын тоогоор тус газраас татвар авдаг байжээ.
Эртний өндөр соёлтой Хятад, Энэтхэг, Япон зэрэг дорнын улсуудад тухайн түүхэн цаг үеийн нийгмийн ёс суртахуун, шашин шүтлэг, хаад, ноёдын явуулж байсан бодлого зэргээс шалтгаалан бэлгийн хөдөлмөр эрхлэх явдалд эерэг, сөрөг байдлаар хандаж ирсэн.
Бэлгийн хөдөлмөр эрхлэгч нар нь эрх мэдэлтэй хүмүүстэй харилцан яриа өдөх, дан ганц бэлгийн таашаалаас гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд мөн тэдэнд мэдлэг боловсрол хэрэгтэй байсан учраас нэгэн улсад бэлгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд нь хамгийн анхны номын санд орох эрхтэй эмэгтэйчүүд байсан гэлцэнэ.
Өнөөдөр бидний ярьдаг хүний эрх, хөдөлмөрийн эрх, ХДХВ-ийн эсрэг хариу арга хэмжээний олон ололтын ард бэлгийн хөдөлмөр эрхлэгч нарын тэмцэл, зохион байгуулалт, манлайлал бий.
ЭЦЭСТ нь, Бэлгийн хөдөлмөр бол хөдөлмөр эрхлэлт мөн. Хөдөлмөр эрхлэлтээсээ болж хэн ч ялгаварлан гадуурхалтын золиос болж, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн нийгмийн хамгааллын үйлчилгээнээс хоцрогдож болохгүй.
Монгол улс хууль эрх зүйн хувьд бэлгийн хөдөлмөр эрхлэлтийг "садар самуун, биеэ үнэлэлт" нэршлээр зөрчлийн хууль, эрүүгийн хууль, садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиудаар зохицуулсан байдаг. Нэршлээсээ авахуулаад тус олон нийтийг буруушаадаг. Хэрэв нийгэм үнэхээр садар самуун биеэ үнэлэлтийг үздэггүй юм бол яагаад өгч байгаа болон авч байгаа талуудад ижил хариуцлага тооцдоггүй юм бол???
Гэхдээ саяхан болсон нэгэн үйл явдлыг энэ нийтлэлд дурдах нь зүйтэй байх. Энэ нь ДОХ, Сүрьеэ өвчнийг устгах чиглэлээр тусламж үзүүлдэг Глобал сангийн Монгол дахь Үндэсний Зохицуулах Зөвлөл нь өөрсдийн дүрэм журамдаа "бэлгийн хөдөлмөр эрхлэгч" гэх ЗӨВ нэршлийг ашиглаж эхэлжээ. Учир нь эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ын тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс болон тус салбарын шийдвэр гаргагчдын хандлагыг засах зорилготойгоор ийн өөрчилсөн аж.
Тус жижигхэн ч гэсэн томоохон үйлсийн эхлэлийг тавьж чадсан тус зөвлөлийн удирдлагууд болон гишүүдийн төлөөлөл болох Youth LEAD Mongolia, Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо, болон олон нийтийн байгууллага болох Төгс бүсгүйчүүд ТББ-д баяр хүргэе.
Нийтлэлийг Ц.Цэвээнравдан
Хянасан Цотан


