Сэтгэлээ хуваалцах цэг: Күийр Шүлгийн Үдэш
- Tseveenravdan Tsogbat
- Sep 8
- 2 min read

Гудамжаар алхаж явахдаа шувуу үхчихсэн байхыг харвал та юу гэж боддог вэ? Харц буруулан хурдхан холддог уу? Юу ч бодохгүй цааш алхдаг уу? Харин би тэр шувуу юуг, ямар амьдралыг туулж яваад энд ингээд хэвтэж байгаа бол оо гэж боддог хэмээн “Күийр Шүлгийн Үдэш”-ийн оролцогч Үүлээ шүлгээ уншихаасаа өмнө оршил болгон хуваалцлаа. Хүн бүрийн туулж буй амьдрал, замнал, учир шалтгаан өөр хэдий ч зовлон шаналал эсвэл аз жаргалаа хуваалцах, тайтгарах тэр орон зай нэг байх боломжтой юм. Тэр л огтлолцох орон зай нь жил бүрийн Тэгш эрх бахархлын өдрүүдээр зохион байгуулагддаг “Күийр Шүлгийн Үдэш”.
“Энд тэнд янз бүрийн л шүлгийн үдэш зөндөө болдог. Гэхдээ Күийр гэхээрээ илүү онцгой санагддаг. Миний хувьд 2016 оноос хойш ЛГБТ Төвд сайн дураар ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд Прайдын арга хэмжээнд бүр илүү их оролцоотой байгаа. Өнөөдөр өөртөө дургүй болохоор бичсэн шүлгүүдээсээ хуваалцлаа. Хохирогч биш даван туулагч хүн хүний өнцгөөс харж шүлгээ бичсэн. Хүн бүр л өөр өөрийн гэсэн асуудлаа туулаад амьдардаг гэдгийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн Үүлээ өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Өнгөрсөн жилүүдийн Тэгш эрх бахархлын өдрүүдтэй харьцуулахад энэ жил шүлгийн үдшийг олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулахаар зарласан бөгөөд 10 орчим хүмүүс өөрсдийн шүлгээ уншиж, сэтгэлээ уудлан, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
Youth LEAD Mongolia ТББ-ын гүйцэтгэх захирал А.Анударь “2025 онд Тэгш эрх, Бахархлын өдрүүд 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн хувьд ЛГБТ Төв ТББ болон Youth LEAD Mongolia, Trans for Unity гээд гурван байгууллага хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд Күийр шүлгийн үдэш болж байна. Үгээр илэрхийлж чаддаггүй асуудлыг, бусдад хэлэхийг мэдрүүлэхийг хүссэн санааг илэрхийлэх боломжтой учраас шүлгийн үдшийг тусгайлан зорьж хийдэг. Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд хийдэг цуврал арга хэмжээний нэг нь л энэ шүлгийн үдэш байдаг. Ер нь бахархлын өдрүүд бол бидний хувьд баяр, тэмцэл, олон нийтэд хүний эрхийн талаар мэдлэг ойлголт түгээх боломж байдаг гэж боддог” хэмээн арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө.
Түүнчлэн шүлгийн үдшийн нэгэн тод өнгө Ж.Үйлстөгөлдөр “Өнөөдөр нийт зургаан шүлгээ уншлаа. 15-16 настай байхдаа өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байх үедээ буюу өөрийгөө мэдэх, ойлгох явцдаа бичсэн хоёр шүлэг, мөн 22 настайдаа Үйлстөгөлдөр энэ ертөнцийг яаж хардаг, өөрийгөө юу гэж хардаг талаар бодож бичсэн гурван шүлэг, мөн экс-дээ зориулж бичсэн шүлгээ бусадтай хуваалцлаа. Миний бодлоор хүн болгоны дотор шүлэг, яруу найраг байдаг. Гэхдээ ЛГБТИК+ хүмүүс жишээ нь Болорцом ч юм уу том уралдаан тэмцээнд нээлттэй оролцох хэцүү. Гэхдээ ингээд аюулгүй хүрээлэлд өөрсдийн шүлгээ унших боломжтой байдаг нь үнэхээр талархмаар санагддаг” гэлээ.
Ийнхүү Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагддаг “Күийр Шүлгийн Үдэш” арга хэмжээ амжилттай болж, цугласан олон итгэл найдвар, урам зориг дүүрэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүллээ.


















Шүлгүүдийг нь уншиж үзмээр байна
Shulguud goy bsn shu 👏