top of page

❤️🏳️‍🌈 "БАХАРХАМ" ээж Өнөржаргал: Хүүхдэдээ итгэл хүлээлгэх шиг сайхан юм байдаггүй шүү дээ

Updated: May 13

Кам аут /come out/ буюу өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг дотнын хүмүүстээ илэрхийлэх нь ЛГБТИК+ олон нийтэд тулгардаг томоохон даваануудын нэг билээ. Тэгвэл хүүхдээ байгаагаар нь хүлээн авч, ойлгодог асран хамгаалагчдын түүхүүдийг бид "БАХАРХАМ АСРАН ХАМГААЛАГЧИД" буланд цуврал байдлаар нийтлэхээр бэлтгэж байна. Энэ удаагийн дугаарт ЛГБТИК+ залуусын төлөөлөл болох Анукагийн ээж Өнөржаргалыг урьж ярилцлаа.


Тус нийтлэл нь “Youth LEAD Mongolia” ТББ-аас 2020 онд санаачлан хэрэгжүүлсэн "Аюулгүй гэр бүлийн орчин бий болгох" төслийн хүрээнд бэлтгэсэнийг дахин хуваалцаж байна.

Анука бага насандаа ямаршуу хүүхэд байсан талаар хуваалцаач?


Бие даасан, өөрийнхөөрөө бас эршүүд хүүхэд байсан. Юбка, даашинз өмсөх дургүй, барби хүүхэлдэйгээр тоглодоггүй. Би барбид өөрөө дуртай болохоор авч өгөөд байдаг, манай охин ээжийгээ бодоод л тоглодог. Бамбай, сэлэм зэргээр тоглох дуртай, аваад өгөөч гэхэд нь би дургүйцэхгүйгээр өгчихдөг байсан. Тухайн үед найзууд охин хүүхдэд эрэгтэй хүүхдийн тоглоом авч өгч өөгшүүллээ гээд буруушаадаг байсан. 6 настайдаа охин маань “Хүүхдэд өөрийнхөөрөө байх эрх байдаг, тийм ээ?” гэж асуусан. “Яасан миний хүүд тийм эрх байхгүй байна уу” гэхэд “Надад ч байна л даа, манай хоёр үеэлд байхгүй байна” гээд санаа зовнисон байдалтайгаар асуусан нь сэтгэлд их тод үлдсэн. Тийм багаасаа хүний эрх, хувийн орон зайтай байх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн байгаа юм.


Хэзээ охин тань өөрийгөө эмэгтэй хүнд татагддаг гэдгээ хэлж байсан бэ?


13, 14 настайдаа. Охиныхоо шилжилтийн насны үеэр хажууд нь байгаагүйдээ их гэмшдэг юм. Тухайн үед ажлын шаардлагаар жил орчим өөр оронд байсан. Биечилж хэлээгүй ч захидлаар надад найз охинтой болсон талаараа бичсэн. Тухайн үед бухимдаж хүлээж аваагүй л дээ. Өсвөр насны хүүхэд учраас өөрийгөө хайж яваа гэж бодоод илт эсэргүүцсэн зүйл байгаагүй. Шууд сайшааж, дэмжсэн ч байр суурьтай байгаагүй. 9-р ангид байхад нь Анукагийн үерхэж байсан охины аав ээж нь мэдээд хүндээр хүлээж авч, сургууль дээр нь асуудал үүсээд сургуулийн захиргаанаас дуудсан юм. Мэдээж би охиныхоо талд зогссон. Буруу зүйл хийсэн бол миний буруу шүү дээ. Учир нь миний хүүхэд миний толь. Түүнээс гадна нийгэм нээлттэй, чөлөөтэй болсон үед хүүхдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдүүд дунд ийм зүйл байж болно гэхэд сургуулийн захиргаа надад хандаж “Монголын нийгэм маш хэцүү, энэ нь сургуулийн нэр хүндэд муугаар нөлөөлнө” гэж тайлбарлаж, сануулга өгсөн юм. Мөн цаад охины эцэг эх нь хүндээр хүлээж аваад охиноо их дарамталж байсанд нь манай Анука сэтгэлээр унаад нэг хэсэг сэтгэл санаа их хэцүү байдалд байсан.


Бусад гэр бүлийн гишүүд хэрхэн хүлээж авсан бол?


Анх хэлэхэд бас надтай л ижил буруутгаж эсвэл дэмжсэн байр суурьтай байгаагүй. Одоо бол бүгд ойлгож байгаа. Орчин үеийн хүүхдүүд кино, дуу гээд олон эх сурвалжаас мэдээлэл авдаг болохоор их нээлттэй байдаг. Зурагтаар лесбиан хосууд гарахаар “Манай Анука аниа ийм юм байна ш дээ, тийм ээ?” гээд л асуудаг. /хэхэ/ Дүүгийнх нь хувьд багаасаа ижил хүйсийн хосууд байдаг гэдгийг мэдээд, өөрийнхөө хэмжээнд ойлгосон.


Анукаг өөрийгөө илэрхийлэхээс өмнө та ЛГБТ хүмүүсийн талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?


Би эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн хүн учраас мэдээлэл хангалттай байсан. Хүнээс гадна амьтад ч ийм чиг баримжаатай байдаг. Хүмүүс гэнэт ихэссэн гэж бодоод байдаг нь буруу. Энэ нь нийгэм маань харьцангуй нээлттэй болсон учраас нуугдаж байсан хүмүүс зоригтойгоор ил гарч ирж байгаа. Биднээс өмнө ч энэ зүйл байсан, цаашид ч байсаар байх болно. Тиймээс нэгэндээ битгий хатуу хандаасай, ялгаварлан гадуурхалт битгий хийгээсэй, өөрсдийнхөөрөө засаж залруулах гээд хүчээр хааж боохгүй байгаасай гэж уриалмаар байна. Стрейт буюу эсрэг хүйсийн хүнд татагддаг хүнийг ЛГБТ хүн болгох гээд хүчилж байгаатай ижилхэн. Охин маань надад кам аут хийсний дараа миний сэтгэл амарсан юм уу даа. Надад охин маань ямар хүнтэй үерхэж байгаа нь чухал болохоос тухайн хүний ямар хүйстэй бас ямар бэлгийн чиг баримжаатай байх нь хамаагүй. Амьдралыг харах өнцөг болон суурь хүмүүжил сайтай байх хэрэгтэй. Болж бүтэхгүй хүнтэй нийлээд хууль зөрчих хүн байж болохгүй шүү дээ.


Энэ ярилцлагаар дамжуулж охиндоо хандаж хэлэх үг, захиас бий болов уу?


Ирээдүйд охиныгоо сайн хүн болоосой, өөрийнхөө дуртай зүйлээ хийж аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Хүн өөртөө хайртай болсон цагт бусдыг хайрлаж, хүндэлж сурдаг. Анука маань бусдын төлөө санаа их зовнидог. Бусдын төлөө гэж явалгүй л яахав, тэгэхдээ өөрийгөө битгий гаргууд гаргаасай, тунг нь тааруулах ухаантай байгаарай. Өөртөө итгэлтэй байгаарай. /инээв/ Би ажлаасаа болоод ар гэртээ бага цаг гаргадаг. Одоо бол харьцангуй гэрийнхэндээ цаг гаргадаг болж эхэлж байна. Би өөрийн хүүхдүүддээ их хайртай, ийм хүүхдүүдтэй болсондоо их бахархаж, баярлаж явдаг.


ЛГБТ хүүхдүүдийн эцэг эх, гэр бүлийнхэнд нь хандаж үг хэлбэл? Эцэг эхчүүд буруу, ташаа ойлголттойгоос болж хүүхдээ хэнийг хайрласных нь төлөө гэртээ хорьдог, эсвэл гэрээсээ хөөсөн тохиолдлууд байдаг шүү дээ.


Манай эцэг эхчүүд хүүхдээ хайрлахдаа өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүй, амттанаар цатгаад байхыг хайрлаж байна гэж боддог. Энэ бол зөвхөн ахуйн хэрэгцээгээр л хангаж байгаа юм. Юу хүсэж байна, үзэхийг хүсэж, уншмаар байгаа зүйлсийг мэдэх чухал. “Би чамд хайртай” гээд тэврээд үнсэхээс илүүтэй хүүхдээ ойлгож, ярилцаж чадаж байгаа нь хайрлаж байгаа хэрэг. Уралдаан тэмцээн шиг өрсөлдөөн дунд өсгөх гээд байдаг. Үүний оронд суурь хүмүүжлийг нь сайн олговол тэр хүүхэд жинхэнэ хайрлагдаж байгаа юм уу даа. Насан туршид нь хүүхдийнхээ хажууд байхгүйгээс хойш тэр хүүхдэд орон зайг нь өгөх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаад, сонголтыг нь хүлээн зөвшөөр. Эцэг эх нь амьд байхад алдаад үзэг. Алдаагаа ойлгоод хүрээд л ирнэ шүү дээ. Тэр ухааныг л хүүхдүүддээ хайрлаарай. Бид ч бас залуу байхдаа алдаж, буруу сонголт хийж байсан. Хүүхдүүддээ алдах боломжийг нь олгоорой.


Хүүхэд тань бэлгийн цөөнх гэдгийг мэдээд гэртээ хориод, хүчирхийлэл үйлдэж болохгүй. Та нар хүүхдээ гэртээ хорьсноор биеийг нь л хорьж байгаа болохоос хүсэл мөрөөдөл, сонирхлыг нь хорьж чадахгүй. Хүүхдээ л зовоож байгаагаас биш, ирээдүйд нь хэрэгтэй зүйл хийж байсан үг биш шүү дээ. Сэтгэлд нь хэзээ ч арилахгүй сэв суулгахын оронд шүүмжлэлгүйгээр ярилцаж үзээрэй. Харах өнцгөө өөрчлөөд үзээрэй.


Бидний урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. Тантай ярилцах үнэхээр таатай байлаа. Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байгаа болов уу?


Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг. Энэ үгийг санаад хүүхдэдээ саад хийхгүйгээр өөрийнх замаар явуулаарай. Алдвал эцэг эх дээрээ эргээд ирээрэй, түшиж тулаад явах хүмүүс нь бид шүү гэдгээ ойлгуулаарай. Хүүхдэдээ итгэл хүлээлгэх шиг сайхан юм байдаггүй шүү дээ.


Ярилцсан: Ц.Цэвээнравдан

Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page