ЛГБТИК найзтай хүн бүрийн мэдвэл зохих 5 зүйл + Хэрхэн сайн найз байх вэ?
- YouthLEAD Mongolia
- Aug 19, 2024
- 4 min read

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.
Заримдаа буруу үг, хэллэг ашигласнаас болоод өөрийн мэдэлгүй найзыгаа гомдоож, өөрийгөө буруугаар ойлгуулчихдаг уу? Тэгвэл найзынхаа ялгаатай байдлыг ойлгон ухаалаг бөгөөд нөхөрсөг дулаанаар харилцахад тань энэ нийтлэл туслах болно.
1. Бэлгийн чиг баримжааны зөв тодорхойлолтуудыг мэдэж авах
ЛГБТИК+ гэдэг нь бэлгийн болон хүйсийн цөөнхийг хэлэх олон улсын хэвшмэл нэр томьёоны товчлол юм.
Лесбиян – ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйчүүд
Гей – ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эрэгтэй хүмүүс (Зарим улсад ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийтэд нь "гей" гэж хэлэх нь бий.)
Бисексуал – аль аль хүйсийн хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжаатай хүмүүс
Транс* – өөрийн хүйсийг төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрч, мэдэрч буйгаараа хүйсээ илэрхийлж амьдардаг хүмүүс
Интерсекс - Биологи, бие махбодийн хувьд эрэгтэй болон эмэгтэй хэмээх хэвшмэл хүйсийн ангилалд багтдаггүй хүмүүсийг хэлдэг. Энэ нь бэлэг эрхтэн (шодой, үтрээ, сав, хөх гэх мэт) болон бэлгийн булчирхай (гонад), хромосомын хувьд хоёр туйлт эрэгтэй болон эмэгтэй хүйсийн ангилалд багтдаггүй гэсэн үг.
Күийр – бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл күийр гэдэг.
“+” тэмдэг нь энэ нэр томьёонуудад хязгаарлагдахгүй бусад нэр томьёонуудыг (асексуал, жендэркүийр, нонбайнари, пансексуал гэх мэт) ашигладаг олон нийтийг хамруулж байгаагийн илэрхийлэл юм.
2. Зарим нэр, хэллэгийг зөв ашиглах
“Гомо”, “гомосекс”, “лесби”, “шуумар”, “банди”, “цэнхэр”, “ягаан”, “хооцгон”, “саармаг” ... гэх мэт үгс нь ЛГБТИК+ хүмүүсийг гутаан доромжилсон, нэр төрд халдсан үг хэллэгт тооцогддог тул дээрх үгсийг хэзээ ч битгий ашиглаарай.
Ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг хүмүүсийн тухай ярьж, бичихдээ "гей”; “гей эрэгтэй”, “лесбиян”; “гей хүн”; “гей хүмүүс" гэх нь зохимжтой.
Буруу | Зөв |
Гомо | Гей |
Лесби болсон | Лесбиян гэдгээ илэрхийлсэн |
Бэлгийн чиг хандлага | Бэлгийн чиг баримжаа |
Хүйс солиулах | Шилжилт |
Манин | Интерсекс |
Жинхэнэ хүйс | Төрсний гэрчилгээн дээр тэмдэглэгдсэн хүйс |
- "Бэлгийн чиг хандлага" биш "Бэлгийн чиг баримжаа" гэж хэлэх
"Бэлгийн чиг хандлага" гэх үг нь лесбиян, гей, бисексуал байх нь сонголтын асуудал ба "эдгэрч болно", "эдгээх ёстой" гэх агуулгатай тул "Бэлгийн чиг баримжаа" гэх үгийг ашиглах нь илүү оновчтой. "Бэлгийн чиг баримжаа" нь бие махбод, хайр дурлал, зүрх сэтгэлийн хувьд аль нэг, эсвэл аль хүйсийн хүнд татагдахыг илэрхийлдэг.
- "Хүйс солиулах", "мэс заслын өмнөх" болон "мэс заслын дараах" биш "Шилжилт"
Дээрх үгсийг хэрэглэх нь хүйсийн шилжилт хийхийн тулд хүн зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн төөрөгдөл үүсэхэд хүргэдэг. Трансжендэр хүмүүсийн тухай, хүйсийн шилжилтийн тухай ярьж, бичихдээ мэс заслыг хэт дөвийлгөхгүй байх нь зүйтэй.
- "Трансжендэрүүд" биш Трансжендэр хүн эсвэл хүмүүс" гэж хэлэх
Трансжендэр" гэдгийг нэр үгээр бус, тэмдэг нэрээр хэрэглэх ёстойг анхаараарай.
3. Хувь хүний орон зайд халдсан асуултууд тавихгүй байх
Дөнгөж танилцсан ЛГБТИК+ найзаасаа хувийн шинж чанартай асуулт асуухаас зайлсхийгээрэй. Найзад чинь тухгүй санагдаж, магадгүй зайгаа ч барьж мэдэх юм.
Тэдгээрээс асуултуудаас дурдвал:
"Яаж секс хийдэг вэ?"
"Ирээдүйд яаж хүүхэдтэй болох гэж байна"
"Чи секс хийхдээ эрэгтэй нь болдог уу, эсвэл эмэгтэй нь болдог уу?" гэх мэт.
Бисексуал хүнээс "Сонго гэвэл алийг нь сонгох вэ?", "Алинд нь илүү татагддаг вэ?" гэх мэтчилэн "мэдрэмжгүй" асуултууд бүү тавиарай.
4. Найзынхаа өмнөөс нь "Кам аут" хийхгүй байх
"Кам аут" гэдэг нь ЛГБТИК+ хүмүүсийн хувьд өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх, мөн хайртай дотнын хүндээ энэ тухайгаа мэдэгдэх, илэрхийлэхийг хэлдэг.
Кам аут хийж, өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа өөр хэн нэгэнд илэрхийлэх, хэлэх нь ЛГБТИК+ хүмүүсийн хувьд тулгардаг томоохон давуунуудын нэг. Найз чинь чамд энэ талаар хэлэхдээ ямар их зориг, танд итгэл хүлээлгэж хэлж байгааг бодолцож үзэн энэ талаар өөр бусдад түүний зөвшөөрөлгүй хэлэхээс зайлсхийх хэрэгтэй.
5. ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч найздаа хэлж болохгүй үгс:
ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигчдийг "Чи гей/лесбиян юм уу? Яагаад дэмжээд байгаа юм?", "ЛГБТИК+ гэдгээ нууж дэмжигч гэж яваад байгаа юм уу?" гэх мэтээр дэмжигч л бол шууд хамааруулан дүгнэлт хийх хэрэггүй. Харин ч түүнээс мэдэхгүй зүйлээ асууж мэдээлэлтэй болж цугтаа хүний эрхийн мэдрэмжтэй болоорой.
Хэрхэн сайн найз байх вэ?
Найзынхаа ялгаатай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч, сайн найз байхаар шийдсэн бол дараах бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Илүү их уншиж судлах, мэдлэг мэдээлэлтэй болох.
Найзын харилцаандаа ЛГБТИК+ гэдгийг нь хэт дөвийлгөхгүй байх. Хэтэрхий чухалчилж, онцгойлж, юм бүхэн дээр дөвийлгөх нь түүнд эвгүй санагдах вий. Найз л бол найз шүү дээ тэ?
Найзынхаа дэмжигч байх (Хэт их хүчилж, тулган, өмнөөс нь аль нэг бэлгийн чиг баримжаанд хамаатуулах юм уу, өмнөөс нь "кам аут" хийхээс зайлсхийгээрэй).
"Sex Education" цуврал дээр Отис найз Эриктэйгээ хамт күийр үдэшлэгт явдаг хэсгийг санаж байна уу? Найзынхаа ганцаараа явахаас айж байгаа арга хэмжээ, уулзалт, үдэшлэгт нь хамт явж "хань" болж яагаад болохгүй гэж? Ядаж л эхний удаад хамт явах юм бол найз чинь талархах нь гарцаагүй.
Солонгон тугтай жижигхэн тэмдэг, дурсгалын зүйл бэлэглэх, өөртөө ч авч дэмжиж буйгаа илэрхийлэх
Тэр чамд "кам аут" хийлээ гээд чи бусдад дэлгэх эрхтэй гэсэн үг биш болохыг санаарай.
Бэлгийн чиг баримжаандаа итгэлгүй байгаа найзыгаа хүчээр аль нэг нэр томьёонд хамаатуулах хэрэггүй. Харин түүнийг сонсож, мэргэжлийн хүнд хандахыг зөвлөөрэй. (ЛГБТ Төв, Залуус Эрүүл мэнд төв, YouthLEAD, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон сэтгэл зүйн төвүүдэд хандаарай)
Түүнийг сонсож, бодол мэдрэмжээ хуваалцдаг "сайн найз" нь байгаарай.
ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч болох. ЛГБТИК+ найзыгаа ойлгоно гэдэг ЛГБТИК+ олон нийтийг ч ойлгохын нэр юм шүү.