top of page

Болзошгүй үндэслэлээр түрий барьж хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд "БАТТАЙ" халдсан нь

Updated: May 13

"Энэхүү завшааныг ашиглан Эр цэргийн баярын мэндийг хүргээд, эрх чөлөөг хэрхэн боомилж буйгаа та бүхэнд танилцуулъя" гэсэн агуулгаар Эрүүгийн цагдаагийн алба тайлбараа эхлүүллээ.




Тухайлбал 03 сарын 17-ны шөнө 21 цагт Эрүүгийн цагдаагийн Албаны дэргэдэх Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хойшлуулашгүй ажиллагаа нэрийн дор Ноорог.мн-ийн байранд халдаж, хард диск, гар утас зэргийг хураан авсан байна. Үүний зэрэгцээ прокурорын тогтоолгүйгээр 8 ажилтныг саатуулж, шөнийн 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл байцаажээ.


Ноорог.мн нь Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг залуучуудад хүртээмжтэй хэлбэрээр хэвлэн нийтэлдгээрээ нийтэд танигдсан. Улс төрийн дарамт шахалт ихсэх болсон тул уг сэдвийг хөндөхөө багасгаж буйгаа үүсгэн байгуулагч О.Уламсайхан саяхан мэдээлж байв. Гэтэл энэхүү халдлагаараа хараат бус сэтгүүл зүйг боомилох оролдлогоо улам төгөлдөржүүлж буйгаа ил болголоо. Монгол улсын сонгуулийн тогтолцооны алдаа дутагдал, зөрчлийн талаар илчлэх баримтат киног олон нийтэд нээлттэй байршуулах санаачилгаа зарласан даруйд ийнхүү саатуулсан нь анхаарал татаад буй юм.


Хэвлэлийн эрх чөлөөнд илт халдлаа


Ноорог.мн Үүсгэн байгуулагч О.Уламсайхан
Ноорог.мн Үүсгэн байгуулагч О.Уламсайхан


Хэвлэл мэдээллийн салбарын активистууд Эрүүгийн цагдаагийн албаны уг үйлдлийг эрс буруушаав. "Шөнийн цагаар ажилтнуудыг нь саатуулж, эд хөрөнгийг нь хурааж үүр цайтал байцаалт явуулсан нь хэрэг мөрдөх биш дарамт тогтоож буй хэлбэр", "Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй эл үйлдлээ даруй зогсоож, шүүмжлэлт сэтгүүл зүйг боомилсон энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэх зэргээр байр сууриа илэрхийлсээр байна.


Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буй энэ үед ийм ажиллагаа зохион байгуулсан нь мөн анхаарууштай давхцал. Монгол улсын 6 бүс нутгийг хамарсан бүтээлээрээ сонгуулийн тогтолцоо хэрхэн гажсаныг харуулахаар зорьж буй энэ үед нь ч ийнхүү халдлага үйлдсэн нь иргэдийн мэдэх эрхийг ч уландаа гишгэсэн явдал. Саяхан Монгол улс ардчиллаас ухарч буй орнуудыг нэгээр нэрлэгдээд байсны бодит илрэл болох шиг.


Болзошгүй нэрийн дор боомилсон нь


Ноорог.мн-ийг цензурлаж буйг эсэргүүцэв
Ноорог.мн-ийг цензурлаж буйг эсэргүүцэв


Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулсан шалтгаанаа тайлбарласан нь олны бухимдлыг хүргэв. Хүн битгий хэл гөлөг ч төөрөхөөргүй тайлбар нь үзэгчдийн эргэлзээг тайлах битгий хэл улам зангидаад орхилоо. "Ямар хуулийн зүйл заалтаар шалгаж буй нь одоогоор тодорхойгүй байна. Болзошгүй нөхцөл байдлын хүрээнд хурааж авсан эд зүйлсийг шалгаж үзээд яаж яллахаа шийднэ" мэтийн тайлбар хийсэн нь ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДОНО гэж буйтай агаар нэг. Иргэдээ ийм зөвтгөлд итгэчихээр тэнэг гэж үнэмшсэн үү, эсвэл энэнээс өөр тайлбар олдоогүй юу.


Хууль зүйн бүрэн үндэслэлгүйгээр хэн нэгний халдашгүй дархан байдалд дураараа халдаж, хэв нэг хүн ойлгохын аргагүй тайлбар тавиад сууж байгаа нь Монгол улсын хууль хүчний байгууллага хүний эрхийн мэдрэмжээ уландаа гишгэж, хуулийн засаглал биш хуулиар дарангуйлал тогтсоныг харуулав.



Өмгөөлөгч Б.Наранцэцэг
Өмгөөлөгч Б.Наранцэцэг


Зөвхөн дотоодын хүний эрхийн активист, байгууллагууд төдийгүй олон улсын хүрээнд ч анхаарал татах нь зайлшгүй. Салбарын мэргэжилтнүүд, томоохон төлөөллүүд энэ цаг үед иргэдийг нэгдмэл байж "Ноорог.мн-ийн эвдэлсэн гээд буй үндэсний эв нэгдэл эвдрээгүй, эрүүл" байгааг харуулахыг уриаллаа. Энэ үйл явдал зөвхөн нэг хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй иргэд нийтийн эрх, эрх чөлөөнд халдаж буй явдал юм. Тэдний дараагийн бай хэн ч байж болно.


Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан эл явдал нь шүүмжлэлт сэтгүүл зүйг мохоохгүй, харин ч эсрэгээрээ Монголын ардчиллын нэр хүндийг олон улсад унагаж буй хэрэг. Иймд энэ чухал үйл явдалд иргэд нухацтай хандаж, зохион байгуулалттай мэдээллийн харлуулгад өртөхгүйгээр баталгаат редакцуудаас бодитой мэдээлэл авч дүгнэлт хийхийг манай сайтын зүгээс уриалж байна.


Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page