top of page

Иргэний нийгмийнхэн юу гэв? | #FreeNoorog

Updated: May 13

“Ноорог“-ыг байцаан, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буйд иргэд, олон нийт бухимдалтай буй. Энэ цаг үед иргэний орон зайг хамгаалагчид болох иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн активистуудын байр суурийг хүргэж байна.


Энэхүү үйлдэл бол хэвлэлийн эрх чөлөө, иргэний орон зайд халдаж буй үйлдэл бөгөөд шударга бус, дарангуйллын хэв шинж бүхий ямар ч үйлдлийг манай хамт олон хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж байна.

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал: Үнэн, бодит, бас шүүмжит мэдээлэл олон нийтэд хүрэх боломж өдрөөс өдөрт алга болж байна. 


Төрийн байгууллагын ихэнх нь хэвлэл мэдээллийн албатай, зөвхөн тэр л сувгаараа өөрсдийн өнцгөөс мэдээллээ хүргэдэг болоод удаж байгаа. Нөлөөнд автаагүй хэвлэл мэдээллийн байгууллага ч цөөрч, иргэний орон зай улам л хумигдаж байгаа ийм нөхцөлд хараат бус, бие даасан, чөлөөт дуу хоолой болж ажиллаж байгаа Ноорог.mn редакцын залуусыг прокурорын зөвшөөрөлгүй саатуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчин халдаж байгаа нь ардчиллаас улам ухарч, автократ дэглэмд шилжиж байгааг нотолчихлоо. 


Сүүлийн үед юм л бол “үндэсний аюулгүй байдал”, “үндэсний эв нэгдэл” нэрийн дор ямар нэг дайсан тодруулж, түүндээ өөрсдийг нь шүүмжилсэн, бодит байдлыг илчилсэн хэн нэгнийг аваачиж наах үзэгдэл улам ихэсч байгаад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо анхаарлаа хандуулах цаг болсон.


ЛГБТ Төв ТББ-ын дэд захирал Д.Эрдэнэбүрэн (Гонто): Хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээр "Ноорог" редакцад шалгалт явуулж, байгууллагын архив, техникийг битүүмжилж, ажилтнуудыг нь шөнөжин байцаасан явдал нь энгийн нэг зөрчил биш, харин нийгэмд хэн мэдээлэл түгээх, хэний дуу хоолой сонсогдохыг эрх мэдэлтнүүд шийдэх оролдлого гэж харж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, ялангуяа сонгуулийн талаар баримтат кино хийх гэсэн оролдлого ийнхүү чөдөрлөгдөж буй нь Монголын ардчилсан байдалд түгшүүрийн дохио дугарч буйг илтгэж байна. 


Энэ үйлдэл зөвхөн нэг редакцад бус, цаашлаад бүх хараат бус хэвлэл, иргэний нийгэм, жирийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж буй хэлбэр билээ. Хэрэв ийм жишиг тогтвол маргааш хэний утас, компьютерийг хууль бусаар хураах вэ? Хэний үгийг дарах вэ? Энэ асуудал нь зөвхөн хэвлэлийн эрх чөлөөний тухай биш, ардчиллын суурь зарчим, иргэний нийгмийн орон зай, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж буй үйлдэл юм. Энэ мэт оролдлогыг тасралтгүй ажиглаж, эсэргүүцэхгүй бол хожим нь дуугарах боломжгүй болох эрсдэлтэй.


Хөөрхөн зүрх ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь: Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын томоохон үүргийн нэг бол аливаа хүний эрхийг зөрчсөн соёлын хэм хэмжээ, бодлого, төрийн тогтолцоог шүүмжлэн, таслан зогсооход тууштай ажилладаг билээ. Уг үйл хэргүүдийг олон нийтэд сурталчилан таниулахад бэрхшээлтэй үеүдэд, тус ажлыг НООРОГ-ийн залуус биднийг төлөөлж Монголын ардчилал, хүний эрхийг бататган бэхжүүлэх үйлсийг үргэлж тууштай дэмжин, өөрсдийн бүтээлч, шинэлэг, нотолгоонд суурилсан аргачлалаараа түгээсээр ирсэн.


Иймд тус редакцын залуусыг сүрдүүлэх, залхаах байдлаар, үйл ажиллагааг нь зогсоож, хэвлэн нийтлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Дан ганцаараа иргэний нийгэм гэлтгүй иргэний орон зайг хамгаалдаг ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувь хүмүүс хүчтэйгээр нэгдэн байгааг харах таатай байна.



Энх тайвныг цогцлоох хүрээлэн ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Болорсайхан: Өнгөрсөн жилүүдэд хэн хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бэ? Үүгээрээ үндэсний эв нэгдлийг бусниулаад байна вэ? гэж асууя. Олон ургалч, өөр өөр үзэл бодол, байр суурь, өнцөг илэрхийлэх, түгээх боломжийг боомилж дадлаа. Өмнө нь Бодоо, Данзангийн хэрэг, Лхүмбийн хэрэг, Сэхээтний төөрөгдөл, Харш үзэлтэн, Лоохууз, Сурмаажавын хэрэг гэгчээр хомроглон баривчлах, буудан хөнөөх, амьд бол хорих, цөлөх зэргээр хууль дээдлэх ёс, шүүх тогтолцоог уландаа гишгэж, олноор хүйс тэмтэрсэн, хэлмэгдүүлсэн түүх бий.


Саяхан иргэдээ мэдээлэлд живэх, хэвлэл мэдээллийн байгууллагад итгэхээ болихоос сэргийлэх нэрэн дор найман телевиз нийлэн “Мэдээллийн урсгал” хэмээх урьд хожид байгаагүй зүйл санаачилсан. Угтаа төвлөрсөн нэг агуулга түгээхээс илүүтэйгээр өөрсдийн редакцын бодлого, бүтээлээр ялгарч үзэгчээ татах нь шударга, зүй ёсны үйл явц юм. Цаашилбал ил тод, нээлттэй, найдвартай, итгэхүйц, эгэх хариуцлагатай төрийн үйл ажиллагаанаас илүүтэйгээр айдас, адлал, тодорхойгүй байдал, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл улам өрдсөн үйл явдал цар тахлын үед гаарсныг Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлангаас дэлгэрүүлж болно. Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, түүний эрхлэн ажилладаг “Rappler” мэдээллийн агентлагийн үйл хэргийг харуулсан “Мянган зүсэлт” баримтат кино нь дарангуй удирдагчийн эрх мэдлээ балмадаар урвуулж ашигласан тухай жихүүцэм түүх, нөгөө талаар зүрх зоригтой сэтгүүл зүйгээр үнэт зүйлээ өмгөөлөн зогссон бахархам үлгэр билээ. Үүнтэй адил бид үнэт зүйлээ эрхэмлэн нандигнаж, өөр өөр үзэл бодол, байр суурь сонсож, харж, харьцуулж, эргэцүүлэх замаар өөрсдөө юу зөв, юу үнэн болохыг танин мэдэх, тэр дундаа үнэнийг мэдэх эрхтэй.  

Сэтгэгдэл (1)

Төрмөнх
19 Mar

Эд нар юу мэддийн. ТББ гэж хэдэн хүний эрх ярьсан яг үнэндээ өөрсдөө бас шантаажны гаруу штэ. Улс төрийн энэ тоглоомонд хэнийх нь халаасанд орсн юм бол доо хөөрхий.

Like
bottom of page