top of page

media for everyone

Их хотын төвд зассан буйдхан асарт ЛГБТИК+ 16 шүлэгч бүтээлээ уншив

  • Sep 2, 2024
  • 2 min read

Их хотын төвд буйдхан газар орших нэгэн рестораны гадаах талбайд солонгон өнгийн хөшгөөр ханыг нь бүрхэж, шүлгийн тайз засжээ. Энэ бяцхан асарт ЛГБТИК+ иргэд сэтгэлийн мухартаа тэрлэсэн шилдэг шүлгүүдээ уншихаар цуглажээ.


Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулдаг арга хэмжээнүүдээс магадгүй хамгийн содон мэдрэмжийг өгөх нь шүлгийн үдэш биз ээ. Энэ ертөнцөөс алс хол аль нэг гараг дээр бөөнөөр цуглаад, тэрлэсэн шүлгээ чангаар уншиж, өөрийн оршихуйгаа тунхаглаж буй мэт хачин содон мэдрэмжийг Күийр шүлгийн үдэш л танд мэдрүүлэх байх. Энэ өвөрмөц орчинд өөрийн шүлгийг нийт 16 хүн уншиж, сонирхууллаа. Тус бүр нь хэний ч тулаагүй, хэний ч мэдрээгүй зовлон, жаргалтай мөчөө мөнхөлсөн нь санаа алдмаар, уйлмаар, догдолмоор мэдрэмжийг төрүүлэх ажээ.


Тэдний дундаас транс хүний хайр дурлал, айдас, харилцааг дүрсэлсэн нэгэн шүлгийг хүргэж байна.

Б.Бямбаа

Тэр намайг хайрлах болов уу? Би чинь транс эр хүн

Тэр намайг халамжлах болов уу? Би чинь эм биетэй эр хүн

Тэр намайг хүндлэх болов уу? Би чинь багаас эм хүйсэд оршсон эр хүн

Тэр намайг хайрлах болов уу? Би чинь бэлэг эрхтэн дутуу эр хүн

Энэ айдсуудыг минь Эвдлэн тэр минь намайг

Бурхан мэт хайрласан

Балчир хүүхэд мэт халамжилсан

Хаан мэт дээдлэн хүндэлсэн

Аан бас хурьцал үйлдэн намайгаа хүсэмжилсэн

Хайранд хүйс байхгүй ч

Харалган хүмүүсийн хувьд чи бид 2 дэндүү том хүйстэй сүнс ба бие

Бурхан та хэрцгий юм биеийг минь өг

Баргил хоолойг минь аа бас бэлэг эрхтнийг минь ч өг

Бурхан та харгис юм нарийн бэлхүүс ээ ав

Наалинхай хоолой аа бас надад хэрэггүй умайгаа ч ав

Энэ би биш эм бие өгсөн бол эр сүнсийг минь та бүүр ав

Эхийнхээ урмыг хугалахгүйг хүссэн ч

Даан ч би эх болох ёстой эр хүн

Аавынхаа удмыг таслахгүйг хүссэн ч

Даан ч би эцэг болж чадахгүй эр хүн

Үрийнхээ зулайг төсөөлөлдөө хэд ч үнэрлэв

Үгүй би даанч үр тээх ёстой эр хүн

Амрагийнхаа түшиг нь байхыг хүссэн ч

Даан ч би алгын чинээ эр хүн

Дүүгийнхээ ар даах ах байхыг хүссэн ч

Даан ч би арын ууланд гарч чадахгүй эр хүн

Өөрийгөө хайрлахыг хүссэн ч

Даан ч би эр заяа дутсан эм хүн




 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page