top of page

ЛГБТИК+ хөдөлгөөний активистууд сэтгэл хөдөлгөм түүхээ хуваалцлаа

Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй ээлжит арга хэмжээ “Queer Talk” болж өнгөрлөө. ЛГБТИК+ хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж буй энэ цагийн “эгэл баатар” активистууд хөдөлгөөнд нэгдэх зам руу чиглүүлсэн өөр өөрсдийн амьдралын түүхүүдээ хуваалцлаа. 


Гэрлэх эрхээ эдлэх боломжгүй ч нэгнийхээ өмнө хариуцлага хүлээж, хамтдаа байр худалдаж авсан 



Энэ үдшийн эхний зочид олон жил хосын харилцаатай байсан Бк, Да нар байв. Тэдний хувьд лесбиян хос байсан бөгөөд ЛГБТИК+ хүмүүс хууль ёсны дагуу гэрлэж, хосынхоо өмнө эрх зүйн хариуцлага хүлээх ямар ч боломж байдаггүй талаар дурдаж байв. Гэхдээ үүнийг үл харгалзан хамтдаа хөдөлмөрлөж, байр худалдан авч байсан талаараа дурслаа. Тэдний харилцаа одоог хүртэл үргэлжлээгүй ч ЛГБТИК+ хүмүүс ч мөн хосынхоо өмнө хариуцлагатай, үнэнч байж чаддаг. Мөн тэд ч бас хосын харилцааны аливаа асуудлыг даван туулдаг талаар өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Харилцаан дахь үл ойлголцлоос үүдсэн ан цав нь томорсоор салсан ч өнөөдөр сайн найзын харилцаатай үлдэж чаджээ. Тэдний хувьд залууст хариуцлагатай байгаарай, хадгаламжтай байгаарай, хэн нэгнийг хайрласан ч, салсан ч тэр харилцаагаа сайнаар дуусгах боломжтой гэдгийг захилаа. 


ЛГБТИК+ хөдөлгөөнийг бүтээж буй залуу активистууд 


ЛГБТИК+ хөдөлгөөнийг манлайлж буй залуусын төлөөлөл өөрсдийн түүхийг хуваалцлаа. 

Youth LEAD Mongolia ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэвээнравдан “2016 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс миний активизмын гараа эхэлсэн. Тэр үед доторх мэдрэмжээ байнга л нууж, үгүйсгэдэг байсан. Явсаар ЛГБТ төвтэй танилцаж, ЛГБТИК+ байх нь хэвийн зүйл гэдийг ойлгосон. Ингээд төвд сайн дурын ажилтнаар ажиллаж эхлээд хөдөлгөөний нэг хэсэг болсон. Анх ажлаа аваад бүх зүйл хэцүү санагдаад уйлдаг байсан бол одоо хийсэн зүйлсээ хараад, үр дүнгээ хараад догдлоод, баярлаад уйлдаг болсон. Анх Youth LEAD Mongolia ТББ-ын захирлаар ажиллаж эхлэхэд бүтэн цагийн ажилтангүй, сайн дурын хүмүүстэйгээ энэ хэвээрээ явах уу, хичээсэн шиг хичээж, бүх зүйлээ зориулаад ЛГБТИК+ залуу үед аюулгүй орчин бүрдүүлсэн байгууллага болох уу гэх бодол эргэлдэж байсан. Тэгээд мэдээж бүх хүчээ дайчлахаар шийдсэн. Өнөөдөр бүтэн цагийн ажилтантай, гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гээд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багтай болчихсон байна. Цаашдаа ЛГБТИК+ хүмүүс ямар нэг айдасгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаг, ирэх 10 жилдээ багтаад мөн гэрлэх эрхээ эдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө ажиллана.”


Транс хүмүүс эв нэгдлийн төлөө ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхжин “Миний хувьд хамгийн анх ЛГБТ төвд сайн дурын ажил хийж, активистын гараагаа эхлүүлсэн. Тэр үетэй харьцуулахад одоо өөрөө захирал болчихсон. Сонсоход сайхан ч бусдын хүлээлт ямар өндөр байдаг юм бэ./инээв/ Тэр хэрээр улам даруухнаар хөдөлгөөндөө хувь нэмэр оруулахыг хүсдэг болдог юм байна. Байгууллага удирдах нь цоо шинэ сорилт. Өөрөө хүний удирдлага доор ажиллахад унасан үедээ очоод л захиралдаа гомдоллоно шүү дээ. Харин одоо бол хүнд хэцүү цагт дээд үеийнхнээсээ л дэмжлэг авч давж байна даа. Нийгмээс ирж буй гадуурхалтыг давж, нэгэндээ урам өгөхийн тулд шинэлэг, бүтээлчээр олон арга хэмжээнүүдийг санаачлан хийж, бусдадаа урам өгч буй нь энэ том хөдөлгөөний сайхан тал нь. Илүү суралцаад, чадварлаг болоод энэ хөдөлгөөнөөр дамжуулан өшөө олон хүнд урам зориг өгөх юмсан гэж бодож байна. 10 жилийн дараа Транс төв олон нийтийг чиглүүлдэг гэрэл нь байгаасай гэж хүсэж байна. Бусдадаа амар тайван амьдрахад тусалдаг тэр гүүр нь болохыг хүсэж байна.” 


ЛГБТИК+ хүмүүсийн дотоод урлаг нь драг үзүүлбэр 


ЛГБТИК+ иргэд урлагаар дамжуулан ил гарч, өөрөө байж, тайзан дээрээс үзэгчдэд эрч хүч бэлэглэж болдог амьдрал бол “Драг күийн, Драг кинг”. Тэд бол ЛГБТИК+ хөдөлгөөнийг урлагаар дамжуулан хурдасгаж буй хүмүүс билээ. “Queer Talk” арга хэмжээнд Драг Күийнүүдийн сэтгэлийн яриаг сонслоо. 


Драг күийн Vanity “Анх Драг хийж эхлэхэд өөрийнхөөрөө байх хүсэл нөлөөлсөн. Дээр үед ЛГБТ Төвийг 100 айлд байрлалтай байхад нэг үдэшлэгт Драг үзүүлбэр үзүүлэхээр гэрээсээ гарсан. Шууд үүдээр гараад л баахан цэргүүд, таксинд суугаад эрэгтэй жолооч гээд шууд зодуулж болохоор эрсдэлийг туулж тэр үдэшлэг рүү очиж байлаа. Жолооч хараад “Чи чинь юу вэ?” гэж гайхсан, уцаарласан хоолойгоор нь хэлэхэд СУИС-н оюутан юм аа. Шалгалтдаа оролцох гээд явж байна гэж хэлж байснаа мартдаггүй юм. Тэр үед л хамгийн аюулгүй хариулт нь байсан юм. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Play Time наадамд үзүүлбэрээ үзүүлсэн. Монголд анх удаа Драг үзүүлбэр олны өмнө тайзан дээр гарсан нь түүхэн үйл явдал байсан. Тэр цаг үеэс эхлээд л ЛГБТ төв, Youth LEAD Mongolia ТББ биднийг санхүүгийн хувьд, сэтгэл санааны хувьд ч маш их дэмжсээр байгаад нь талархдаг.”


Драг күийн Sweta “Миний хувьд драг үзүүлбэр үзүүлдэггүй. Харин Драг үзүүлбэрт хүмүүсийг бэлтгэдэг. Урлагаар дамжуулаад ялгаварлан гадуурхалтыг бууруулж болох юм байна гэдэг үүднээс залуу үеэ бэлтгэх болсон. Уран бүтээлчийн хувьд хөгжих, өөрөөрөө байх, дотоод хүнээрээ байх тэр боломжийг драг үзүүлбэр олгодог л доо. Мөн хөдөлгөөний тэргүүн эгнээнд яваа активитстуудын золиосгүйгээр бид урагшлах боломжгүй. Тиймээс тэднийгээ хайрлаж, дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.” 


ЛГБТ Төвийн “хөдөлгөгч хүч” болсон хүмүүс хөдөлгөөнд нэгдсэн түүх 


Үдшийн төгсгөлд ЛГБТ төвийн энэ цаг үеийн бүх ачааг нуруундаа үүрч, ЛГБТИК+ иргэдийн тэгш эрхийн төлөө хөдөлгөөний тугчийн үүргийг гүйцэтгэж буй Э.Энхмаа болон тус төвийн дуусашгүй эрч хүч Залуучуудын хөтөлбөрийн зохицуулагч Алекс нар өөрсдийн түүхээс хуваалцлаа. 


ЛГБТ Төвийн Гүйцэтгэх захирал Э.Энхмаа “Би 1985 оны хүн. Маш их хүчирхийллийг харж өссөн. АНУ-д олон жил цагаач иргэний хувиар амьдарсан. Ам нээвэл цагаач гэдгээр минь гадуурхдаг тийм л орчин өссөн. 2015 оны зун Монголд ирээд ЛГБТИК+ иргэд, орон зай байгааг төвөөс мэдсэн. Тэрнээс хойш сэтгэл зүрх минь Монголоос уяатай. Яавал очих вэ гэж бодох болсон. Ингээд Монголдоо ч эргэж ирсэн. Гол нь тэгш эрхийн төлөө активизм хийхэд өөрийгөө ойлгодог хүрээлэл байх нь маш чухал байсан. Надад байсан. Тэгээд л энэ бүх зүйл амжилттай өрнөсөн гэх үү дээ. Ер нь байгууллагын захирал байхын зовлон нь айдсаа харуулж болохгүй, мэдээллээ хуваалцаж болохгүй, онцгой ганцаардал байдаг юм байна лээ. ЛГБТ төвийн Удирдах зөвлөл миний хамгийн том түшиг болсон, байсаар ч байгаа. Бүх зүйл дээр надад итгэдэг. Чадахгүй шүү дээ гэж айж байсан ч “Чаднаа” гэхээр чадчих юм шиг л санагдаж, эрч хүч ордог.” 


Драг кинг Алекс “ЛГБТ төвийн Залуучуудын хөтөлбөрийн зохицуулагч хийдэг. Энэ ажилд ороод 6 сар болж байгаа. Эхэндээ маш их айж ганцаарддаг байсан. ЛГБТ Төвийн хажуугаар 1000 удаа явж байсан. Одоо ч ийм хүмүүс байгаа байх. Миний хувьд төвд орж ирээд л бид нар оршиж байгаа учраас үзэгдэх нь бусдад харагдах нь чухал юм байна гэдгийг ойлгож байгаа учраас би активизм хийдэг. Бидний жаргалтай байгаа, хамт байгаа, цогц байгаа нь бидний тэмцэл юм шиг санагдсан.” 


Ийнхүү ЛГБТИК+  иргэдийн тэгш эрхийн төлөө хөдөлгөөний тэргүүн эгнээд цог жавхаатай явж буй найман эрхмийн сэтгэлээс гарсан үгс, түүхийг та бүхэнтэй хуваалцлаа. Эцэст нь хүний эрхийн төлөө хөдөлгөөний ахиц, дэвшлийн түүх бүр хэн нэг зоригтой, өөрийгөө “золиосолсон” активистын амьдралаар бичигддэг гэдгийг бүү мартаарай. Нэгнээ нөхцөлгүйгээр дэмждэг, хайрладаг байцгаая.


 
 
Сэтгэгдэл (1)

Гість
03 вер. 2024 р.

❤️❤️❤️❤️

Like
bottom of page