Хүүхдийн эрхийн зөрчил бол Монгол соёл биш!
- Tseveenravdan Tsogbat
- Jan 26
- 2 min read
Updated: May 13
"Монголоороо байя" гэх явцуу уриатай "Морьтон Монгол" жагсаал нийслэлийн төв талбайд өчигдөр зохион байгуулагдлаа. Хэдийгээр эрхээ эдлэн төв талбайд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдсэнийг нь сайшаамаар хэдий ч хэт үндсэрхэг үзэл шингэж, хүүхдийн эрхийг зөрчихийг уриалсан нь талбайн голд хаягдсан морины бааснаас илүү "өмхий" гэх үгээр дүрсэлмээр...
Хүйтэн ширүүн улиралд морь адуу нэгт юм уу? Монгол "хүүхэд" нэгт юм уу? Эргэцүүлээд үзэцгээе.

Учрыг тайлбарлаваас, Хүйтний улиралд хурдан морь унаж байгаад гар, хөлөө хөлдөөсөн, мориноосоо унаж насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд цөөнгүй бий. Унаач хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой цөөхөн баримт дурдъя. Монгол Улсад 1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223, 2018 онд 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон харамсалтай тоон мэдээ байна. Нийт бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон тоо баримт байна. ("Хүүхдээр зугаацахыг тэвчихгүй, төслөө тат" нийтлэл, Э.Мөнхцэцэг, itoim.mn)
Хүнд бэртэл авсан хүүхдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна уралдаанч хүүхдүүдийн 20-30 хувь нь боловсрол эзэмшиж чадахгүй, эцэг эхээсээ хол, айлд амьдарч, цалинтай болон цалингүйгээр хурдан морь унаж байгаа зэргээр эрх нь зөрчигдөж буй. (ГБХНХЯ)
Иймд 2017 онд "өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр 7 ТББ-ууд нэгдэж Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татан, унаач хүүхдийн эрх ашгийн төлөөх өмгөөллийг эхлүүлж байсан. (Эх сурвалж: Бодлогод залуусын хяналт)
Ингээд 2 жилийн турш үргэлжилсэн гурван шатны шүүх хурал, иргэдийн тэмцэл, иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөллийн ажлын үр дүнд 2019 оны нэгдүгээр сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай" тогтоолын төслийг баталж байв. Уг тогтоол нь хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн устгах зорилготойгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хугацаанд морины уралдаан, сунгаа, үсэргээ зэргийг зохион байгуулахыг хориглосон аж.
Гэтэл нас биед хүрсэн, "хүдэр сайхан" гэж тодотгогдож буй монгол эрчүүд "өв уламжлал", "өв соёл" нэрийн доор тус тогтоолыг татахыг уриалж буй нь өнөөдрийн жагсаал байлаа.
Морио унаж, дээлээ өмсөж, "ашиг сонирхлоо" урдаа барьж буй тэд "МОНГОЛ" зон олны сэтгэлээр тоглон, бооцоо тавьж, ашиг хонжоо хайхаа нэгт тавьж байгаа нь өрөвдөлтэй. Уг нь эх орны ирээдүй болсон "хүүхдүүд" нэгт баймаар...

Нэмэлтээр, хэрэв та хурдан морины уралдааны унаач хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа уншихыг хүсвэл:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн сан
Хүүхдийг ивээх сангийн “Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ” 2018 он
“Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” 2008 он
НҮБ-ын Хүүхдийн Сангийн "Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх" судалгаа 2015 он
НҮБ-ын Хүүхдийн Сан, "Starting Over, children return home from camel racing 2006
Хүний Эрхийн Үндэсний Комиссын “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж тайлан” 2006 он
Хүний Эрхийн Үндэсний Комиссын "Хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдсэн хүүхдийн судалгаа” 2006 он гэх мэт олон судалгаа байдаг аж. (Эх сурвалж: Бодлогод залуусын хяналт)
Нийтэлсэн: Ц.Цэвээнравдан (хүний эрхийн активист)