Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас аутизмтай холбогдуулан гаргасан мэдэгдэл (бүтэн орчуулга)
- Sep 26, 2025
- 2 min read
Энэ даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп парацетамол (tylenol)-ыг жирэмсэн үедээ хэрэглэх нь хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг гэх шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй мэдээллийг тараагаад байгаа юм. Тус мэдэгдлийн дараа мэдээллийн сайтууд ДЭМБ-ийн мэдэгдлийг худал орчуулж төөрөгдөл үүсгээд байсан тул бүтэн орчуулгыг нь оруулж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас
аутизмтай холбогдуулан гаргасан мэдэгдэл
ДЭМБ нь аутизм болон жирэмсэн үеийн ацетаминофены (парацетамол) хэрэглээг хоорондоо холбоотой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт БАЙХГҮЙ гэдгийг онцолж байна.
Дэлхий даяар 62 сая хүн (127 хүн тутмын 1) нь Аутизмын хүрээний эмгэг буюу тархины хөгжилтэй холбоотой олон төрөл, хэлбэр бүхий эмгэгтэй. Сүүлийн жилүүдэд аутизмын тухай олон нийтийн мэдээлэл, оношилгоо сайжирсан боловч аутизмын гарал үүсэл, учир шалтгаан тогтоогдоогүй төдийгүй хэдэн хэдэн хүчин зүйлс бий хэмээн үзэж байгаа.
Сүүлийн 10 жилд аутизм болон жирэмсэн үеийн ацетаминофен/парацетамолын хэрэглээний холбоог судалсан өргөн хэмжээний судалгаанууд явагдсан. Одоогийн байдлаар уг хоёр хүчин зүйлсийг холбоотой гэх үндэслэл ОЛДООГҮЙ.
ДЭМБ-аас нийт эмэгтэйчүүдийг эмч болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдаас өөрийн нөхцөл байдалд таарсан зөвлөгөөг авч, даган мөрдөхийг зөвлөж байна.
Жирэмсэн (ялангуяа эхний 3 сар) үед ямар ч эмийг анхаарал болгоомжтой, эмчийн жорын дагуу хэрэглэх нь зүйтэй.
Мөн хүүхдийн вакцин нь аутизмын гаралтай ХОЛБООГҮЙ гэдгийг нотлох томоохон судалгаанууд хийгдсэн. Дэлхийн олон оронд хийгдсэн өргөн хэмжээний, чанартай судалгаанууд ижил дүгнэлтэд хүрсэн. Хүүхдийн вакциныг аутимзтай холбоотой гэж үзсэн судалгаа нь алдаатай болох нь нотлогдож няцаагдсан байдаг. 1999 оноос хойш ДЭМБ-ын мэргэжилтнүүд вакцин нь аутизм болон бусад биеийн хөгжлийн эмгэгүүдийг ҮҮСГЭДЭГГҮЙ гэдгийг нотолсон. (Үүнд нь тиомерсал болон хөнгөн цагааны найрлагатай вакцинууд ч бас орно.)
Хүүхдийн товлолт вакциныг нарийн судалгаан дээр үндэслэн олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтран гаргасан. ДЭМБ-аас зөвлөсөн товлолт дархлаажуулалт нь дэлхийн бүх оронд мөрдөгдөж буй бөгөөд сүүлийн 50 жилд 154 сая хүүхдийн амийг аварсан. Товлолт вакцин нь дэлхийн аль ч орны хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал, шаардлагатай хэвээр байгаа. Уг товлолт дархлаажуулалт нь шинжлэх ухааныг даган хөгжсөөр ирсэн төдийгүй өдгөө хүүхэд, залуус, насанд хүрсэн хүмүүсийг 30 төрлийн халдварт өвчнөөс хамгаалж байна.
ДЭМБ-ийн зөвлөх Дархлаажуулалын Стратегит Зөвлөх Мэргэжилтнүүдийн Бүлэг (SAGE) нь шинжлэх ухааны нотолгоонууд дээр үндэслэн аюулт өвчнүүдээс хамгийн сайн хамгаалах вакциныг санал болгож хамгийн хэрэгцээт бүлэг хүмүүст хүргэхийг зорьдог.
Товлолт дархлаажуулалтыг ямар ч баримт нотолгоогүйгээр хойшлуулах, зогсоох нь тухайн хүүхдийн төдийгүй өргөн цар хүрээний хүмүүсийн халдварын эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Дархлаажуулалтын нас нь хүрээгүй нярай, дархлаа сул хүмүүс, эрүүл мэндийн бусад асуудалтай хүмүүс хамгийн өндөр эрсдэлд ордог.
Аутизм болон бусад тархины хөгжлийн эмгэгүүдийг бид энэ 9 сарын 25-д НҮБ-ийн Тархины Хөгжлийн Эмгэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай өндөр хэмжээний уулзалт дээр ярилцах болно. Дэлхийн нийтээрээ бид аутизмын учир шалтгааныг олохоос гадна аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийг дэмжих тал дээр хичээж ажиллах хэрэгтэй.
ДЭМБ нь АХЭ-тэй хүмүүсийн удирдаж буй байгууллага, болон бусад байгууллагуудтай хамтарч ажиллах зорилттой. Мөн ДЭМБ нь аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийг судалгаан дээр үндэслэсэн, ялгаварлан гадуурхалгүй шийдэлд хүргэхийн төлөө бат зогсох болно.


