top of page

media for everyone

Монголын нийгэм дэх трансжендер олон нийтийн бодит байдал

Sep 5
4 min read

Updated: Sep 14

Монгол орон минь 1990 онд ардилсан нийгэм рүү шилжээд багагүй хугацааг өнгөрүүлсэн ч бүх хүнд ээлтэй, эрх тэгш нийгмийг бий болгож чадсан уу? Өнөөдрийн байдлаар хүний эрх, эрх чөлөө, тэгш бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буй хүмүүс, нийгмийн байгууллагууд ихэссээр байгаа ч трансжендер олон нийт өдөр тутмын амьдралдаа ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөөр байна.


Хүйсээр ангилсан сургуулийн орчин транс хүүхдэд нөлөөлөх нь


Транс сурагчдын сургуулийн орчинд тулгардаг асуудлыг судалсан судалгаанд транс охид өөрийн туршлагаа ийнхүү хуваалцжээ.


17 настай транс охин: Байгаагаараа, хэн гэдгээрээ сургууль дээр байх боломжгүй байх нь угаасаа хангалттай хэцүү санагддаг. Нэмээд сургууль дээр бараг бүх зүйлийг хүйсээр ангилан хуваадаг нь үнэхээр хэцүү. Технологийн хичээл гэхэд л хөвгүүд, охидод зориулсан хоёр тусдаа кабинеттай. Сургуулийн аяллаар явах боллоо гэж бодоход хөвгүүд, охидын бүлэг тус тусдаа байх жишээтэй. Тусдаа угаалгын өрөө, дүрэмт хувцас, зураг гээд л энэ жагсаалт дуусахгүй. Бүр өдөр тутмын ангийн ирц бүртгэлийг хүртэл хүйсээр хувааж тоолдог. Ер нь бүх л зүйлд хуваана. Бүх зүйлсийг эрэгтэй, эмэгтэй хүний онцлогт тааруулан ялгаж байгаа нь хүйсийн баримжааг үгүйсгээд зогсохгүй тухайн хүний сонирхол, хүсэл мөрөөдөлд нь хязгаар тогтоож буйтай адил.

17 настай транс охин: “Би оёх дуртай, хувцасны загвар зохион бүтээгч болох хүсэлтэй. Хэдийгээр технологийн хичээлд дуртай ч охидын кабинет руу орохоос санаа зовоод байдаг. Сургууль яагаад оёх дуртай, хувцас загвар зохион бүтээгч болох хүсэлтэй хөвгүүдийг дэмждэггүй юм бол гэж гайхдаг. Надтай адилхан оёх дуртай, загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй эрэгтэй найзууд бий. Тэдний хувьд зүгээр л эрэгтэй учраас энэ бүхнийг сурч эхлэх боломж нь хязгаарлагдаж байгааг харах үнэхээр тэнэг санагддаг” Сургууль хүүхдийг ирээдүйн ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх үүрэгтэй боловсролын байгууллага. Гэвч бодит байдал дээр сурагчдын хүйсийн баримжааг нь үгүйсгээд барахгүй сэтгэл зүй болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэх, зарим үед багш нар үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлэх зэрэг тохиолдлууд гарсаар байна. Транс хүүхдүүд сургуулийн босгоор алхах бүртээ хатуу дүрэм журамд баригдан өөрийгөө нуух нь тэдэнд өдөр бүр нүүр тулах ёстой асар том бэрхшээл болдог. Тиймдээ ч сурагчдыг хүүхэд гэж харахаас илүү хүйсээр нь шошголдог энэхүү шударга бус хандлага байсаар байгаа цагт боловсрон хөгжих үүрэгтэй сургууль өөрөө ялгаварлан гадуурхалтын нэг хэсэг болж байна.



Эрүүл мэндийн салбарын хүртээмжгүй байдал


“Trans For Unity” байгууллагаас 14–30 насны 22 хүнийг хамруулан явуулсан “Монгол улс дахь транс олон нийтийн нөхцөл байдлын баримтжуулалт” судалгааны үр дүнгээс дурдахад:


19 настай транс эрэгтэй: Транс гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Транс байснаараа бусад эмэгтэйчүүдийг хүчирхийлэлтэй нөхцөлд орхиод ганцаараа эрэгтэй хүн болж амьдрах гэж байна (уг нь би тэгээгүй) гэж өөрийгөө олон удаа зэмлэж байсан. Өдөр тутамдаа эрэгтэй найз нарынхаа биеийг хараад харьцуулах тохиолдол бий. Толинд харахад өөрийнхөө биеийн бүх эмэгтэй хэсгийг гойчлоно… гутарсан үедээ өөрийгөө зогсоож чадалгүй удаан хугацаанд binder хэрэглэснээс болоод binder-аа тайлсан үед ч цээж, нуруу өвдөх, амьсгал давчдах үе бий. Интернэтээс яавал дээр вэ гээд хайхад эмчтэйгээ зөвлөлд гэдэг. Бодит байдал дээр аль эмчид юу гэж хэлж очихоо мэддэггүй. Эмчид очих хэмжээний эсэхийг нь ч мэддэггүй. Транс хүний мэдлэгтэй эмч байсан ч яг ямар байгааг маань ойлгохгүй байж шууд загинах вий гэж айдаг. Бас яагаад ч юм толгой дотор транс хүн зовж амьдрах ёстой бусад транс найзууд чинь зовж байна чи хангалттай зовохгүй байна гэсэн бодол салдаггүй…

Монголын нөхцөлд трансжендер хүн эрүүл мэндийн байгууллагад хандахад хамгийн эхэнд тулгардаг нь “Хаана, хэнд хандах вэ?” гэдэг асуудал. ЛГБТИК+ олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдний онцлог хэрэгцээг ойлгон мэргэжлийн зөвлөгөө өгөх эмч, мэргэжилтнүүд тун цөөн. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд трансжендер хүмүүсийн талаар мэдлэг, ойлголт хангалтгүй байгаагаас буруу ойлголт, ялгаварласан хандлага үүсэх тохиолдол байдаг нь тэдний эмнэлгийн байгууллагад хандах итгэлд сөргөөр нөлөөлж байна. Иймдээ ч трансжендер хүмүүс интернетээс мэдээлэл аван, өөрийгөө оношилж арга хэмжээ авахад хүргэдэг.


Жолие (транс охин): Туйлын хүнд нөхцөл орж байсан учраас би хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж байсан. Намайг байхгүй болчихвол бүх юм сайхан болох юм шиг би бодсон …Ууртай үедээ л ингэчихдэг. Тайвширсан хойно энэ тухай бодох хэцүү болдог. 

Транс хүмүүст ямарваа нэг асуудал тулгарахад хаана хэнд хандахаа мэдэхгүй байх, эмчийн буруу ойлголт, шүүмжлэлээс айх зэрэг нь бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахад ихээхэн бэрхшээл дагуулдаг. Тусламж хэрэгтэй үедээ хүртэл асуудлаа нуух аль эсвэл арга хэмжээ авалгүй өнгөрөөж буй нь өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоонд тэдэнд зориулсан аюулгүй, хүртээмжтэй орчин ямар их дутагдаж байгааг харуулж байна.


Гэр бүлийн харилцаа, хандлага


Гэр бүл гэдэг хүнд ямар ч үед хайр, халамжаар дүүрэн мэдрэмжийг өгдөг. Хүн хүний харилцаа, хандлага өөр хэдий ч төрсөн цагаасаа эхлэн хамгийн түрүүнд итгэж, түшиглэдэг хүмүүс нь гэр бүлийнхэн байдаг. Харин зарим хүмүүсийн хувьд энэ нь үргэлж ийм аюулгүй, ойлгож хүлээж авдаг газар байж чаддаггүй нь тун чиг харамсалтай.


24 настай транс эрэгтэй: Ээж "Охин хүүхэд байж ингэ, тэг", "Айлын охин хүүхэд ийм байдаггүй юм" гэж намайг өчнөөн жил загнахад би дуугүй өнгөрдөг байсан ч ганц удаа "Үгүй, би охин биш" гэж хариултал үсдээд, өвлийн хүйтэнд гэрийн хувцастай чирж гаргаж байсан. Надад эрэгтэй хүнд зориулж хийсэн хувцас авах боломж байдаггүйгээс аавынхаа хувцсыг хааяа нууцаар өмсдөг байтал аав мэдээд намайг хана руу түлхэж, "Эрэгтэй болох гээд байгаа юм уу?" гэж хашгичиж, надаас хувцсаа нуудаг болсон. Гадуур алхаж явахад танихгүй хүмүүс хойноос дагаж "Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу?", "Эр, эм нь мэдэгдэхгүй хачин юм", "Гомо", "Лесби" гэхчлэн дарамталж, над руу чулуу шидэх ч тохиолдлууд байсан. 

Эх сурвалж: Trans for unity, “Монгол улс дахь транс олон нийтийн нөхцөл байдлын баримтжуулалт”


Жолие (транс охин): Гэрийнхэн маань надад лам, бөө гэх мэт хүмүүсээр шашны холбогдолтой янз бүрийн засал их хийлгэсэн. Тэрхүү засалд нь будаа цацах, сүүгээр нүүр рүү нулимах, номоор цохих, ташуураар ороолгох гэх мэт үйл багтаж байв. Тэд миний биед шингэсэн чөтгөрийн сүнс ч юм уу, ямар нэг юмыг зайлуулж, намайг засаж залруулан жинхэнэ Монгол эр хүн болгохыг хүсэж байна гэж хэлдэг. Транс байхыг засчхаж болдог сон бол би нүүр рүүгээ баяртайгаар будаа цацуулж, намайг ариусгах гэсэн сүүнд нь дэвтэж хэвтсэн ч яах вэ. 

Эх сурвалж: Ganbaatar, D., Enkhbold, E., & Munkhbat, O. (2023). Being trans* students at school in Mongolia: Collective case studies. Ulaanbaatar.


Хүйсийн баримжаа нь ямар нэгэн эмгэг, засаж залруулдаг зүйл огтоос биш, харин хүн өөрийгөө дотроо ямар хүйстэй гэж мэдэрч, ойлгож буйн нэг хэсэг юм. Тиймээс түүнийг өөрчлөхийг оролдохоос илүү байгаагаар нь ойлгож, сонсож, дэмжих нь гэр бүлийн өгч чадах хамгийн үнэ цэнтэй дэмжлэг билээ. Трансжендер олон нийт бусдын л адил хүндлүүлж, хайрлуулж, нийгэмд эрх тэгш, айдасгүй амьдрах ёстой. Хүнийг өөрчлөхөөсөө өмнө ойлгож, шүүхээсээ өмнө сонсож чаддаг байх нь эрх тэгш нийгмийг бий болгох хамгийн энгийн эхлэл юм.


Нийтлэл бэлтгэсэн: А.Ариунзаяа

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page