Баримтаар баталъя: ХДХВ-ийн халдвартай хүн ч бусдын адил урт наслах боломжтой!
- Apr 7
- 3 min read

Таны гэр бүлийн хайртай гишүүн, доторхоо онгойлгон ярьдаг сайн найз гээд хэн ч ХДХВ-ын халдвартай амьдарч байж болно. Орчин үеийн анагаах ухааны ололт амжилт ХДХВ-ын халдварыг бүрэн номхотгож чадсан бөгөөд ХДХВ-ын халдвартай хүн эмчилгээгээ хийлгэснээр вирусийн ачааллыг дарангуйлж бусдад халдаахгүй байх, бүр цаашлаад бусдын адил урт удаан аз жаргалтай амьдрах боломжтой. Тэр ч байтугай, урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг ч болов орчихдоггүй, эрүүл мэнддээ анхаардаггүй нэгнээс урт наслах магадлалтай гээд бод доо. Үүний тулд эмчилгээгээ үр дүнтэй байлгахад анхаарч "үйлдэл" хийдэг байх л чухал.
"ХДХВ туссан л бол удахгүй үхнэ" гэдэг нь 20-р зууны хоцрогдсон ойлголт юм. Өнөөдөр ХДХВ нь чихрийн шижин эсвэл цусны даралт ихсэх өвчинтэй ижил түвшний, эмээр бүрэн хянагддаг төлөвт шилжсэн. Их Британий Бристолын их сургуулийн судалгаагаар, ХДХВ-ын эмчилгээндээ эрт орсон, 20 настай ХДХВ-тэй хүний дундаж наслалт 78 буюу эрүүл хүнийхтэй яг ижил байгааг тогтоосон байдаг.
Илрэхгүй = Дамжуулахгүй буюу эрсдэлийн хэмжээ 0%
Хэн нэгэнтэй болзож, дотно харилцаа үүсгэх нь хүний амьдралын хамгийн сайхан хэсгүүдийн нэг. Гэтэл ХДХВ-тэй хүмүүст эрүүл мэндийн нөхцөл байдлаа бусдад хэлэх, харилцаагаа үргэлжлүүлэх нь хамгийн том айдас дагуулдаг. Энэ айдсыг шинжлэх ухаан "И=Д" (Илрэхгүй = Дамжуулахгүй буюу англиар U=U: Undetectable = Untransmittable) гэх батлагдсан дүрмээр бүрмөсөн арилгаж чадсан юм.
Энэ нь юу гэсэн үг юм бэ гэж үү? ХДХВ-тэй хүн ретровирусийн эсрэг эмээ өдөр бүр, тогтмол ууснаар цусан дахь вирусийнх нь ачаалал багасдаг.
Эмээ тогтмол ууж, вирус нь илрэхгүй буюу хэмжигдэхгүй түвшинд хүрсэн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа хүн бэлгийн замаар бусдад халдвар тараах эрсдэл ТЭГ ХУВЬ. Ойлгомжтойгоор хэлбэл, вирус өөр хүнд дамжихгүй гэсэн үг.
Вирусгүй хүмүүсийн адил хайрлаж дурлаж, гэр бүл зохиож, ХДХВ-гүй хүүхэд төрүүлэн эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой гэсэн үг юм. Вирус хүний хайрлах, хайрлуулах эрхийг булааж чадахгүй.
ХДХВ асуудал биш, Харин ялгаварлан гадуурхалт бол хамгийн том асуудал
ХДХВ бол хоруу чанар ихтэй, арай жаахан илүү анхаарал хандуулах хэрэгтэй вирусуудын л нэг. Томуугийн вирус хүнийг ялгадаггүйтэй адил ХДХВ-д хүний нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, нийгмийн угсаа гарал огт хамаагүй.
Нийгэмд "Зөвхөн гей хүмүүс л ХДХВ-тэй байдаг" гэх хэвшмэл ойлголт бий. Энэ нь логикийн хувьд цэвэр өрөөсгөл хандлага бөгөөд вирус дамжих зам нь бэлгийн чиг баримжаа бус, харин хамгаалалтгүй бэлгийн хавьтал болон цусаар (тариур гэх мэт) дамждаг биологийн процесс юм.
Харин хүмүүс энэхүү биологийн вирусээс гадна нийгмийн ялгаварлан гадуурхалт, хүмүүсийн буруу ойлголтоос болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа илүү их саад бэрхшээлтэй тулгардаг. Бусад хүмүүсийн сөрөг хандлагаас санаа зовж, айсандаа тусламж авахаа хойшлуулах нь их байдаг гэсэн үг.
ХӨСҮТ-ийн хаалга ба хүмүүсийн айдас
Цагаан сараар хэн ямар дээл өмссөн бэ гэдгийг хормын дотор мэддэг манайх шиг жижиг нийгэмд хүмүүс ХДХВ-ээс биш, харин "ХӨСҮТ-ийн үүдээр орж яваад хүнд харагдчих вий", “Миний тухай энд тэнд ярьчих вий” гэх нийгмийн гутаан доромжлолоос илүү айдаг. Энэ хоосон айдсаас болж Монголд ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх нь хожуу үедээ буюу дархлаа нь хэт унаж, вирусын ачаалал дарангуйлсан хойноо оношлогдох элбэг гарсаар байна.
Хэрэв танд ХӨСҮТ-ийн хаалга хол санагдаж байвал, олон нийтийн байгууллага буюу таныг ойлгох, тантай ижил хүмүүс дээр очих сонголт бас бий. Энэ нь Залуус Эрүүл Мэнд төв (ЗЭМ төв) юм.
ЗЭМ-ийн хамт олон нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд буюу гей, бисексуал, күийр эрэгтэйчүүдийн олон нийтийн байгууллага юм.
Байршил: Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот
Холбоо барих: +(976) 7011-1240, HEALTH4MEN2003@GMAIL.COM
Ажилладаг цагийн хуваарь:
Даваа-Баасан гарагт 12:00-18:00
Бямба гарагт 14:00-18:00
Ням гарагт амарна.

Баримт №1: ХДХВ-ийн түргэвчилсэн шинжилгээний хариу ердөө 15-20 минутад гардаг.
Баримт №2: Хүний эрүүл мэндийн мэдээлэл Монгол улсын хуулиар бүрэн хамгаалагдсан чанд нууц байх ёстой байдаг.
Эрт оношлогдож, эмчилгээндээ шууд орох нь вирусийг хурдан хугацаанд дарангуйлж, дундаж наслалт нь эрүүл хүнээс ч урт байх боломжийг бүрдүүлдэг.
ХДХВ-ийн эргэн тойронд байдаг ХУДАЛ ярианууд
Одоо хүртэл ХДХВ-тэй хүнтэй хамт хооллох эсвэл нэг аяганаас уухад халдвар авна гэж айдаг хүмүүс олон. Тэгвэл бодит баримтуудтай танилцъя:
Гадаад орчинд тэсвэргүй: ХДХВ нь хүний биеэс гадуур, агаар болон гадаргуу дээр хэдхэн хормын дотор устдаг. Тиймээс аяга таваг, жорлонгийн суултуур, усан сангаар дамжих ямар ч боломжгүй.
Шүлсээр дамжихгүй: ХДХВ шүлсэнд маш бага хэмжээгээр байдаг. Тиймээс үнсэлцэх үед халдвар дамжиж чадахгүй. Үнсэлцэх үед ХДХВ нөгөө хүнд дамжихын тулд дор хаяж 2-3 литр шүлс солилцох шаардлагатай гэж эрдэмтэд хошигнодог.
Шумууланд хазуулах: Шумуул хүний цусыг сорохоос биш, өмнөх хүний цусыг дараагийн хүн рүү шахаж дамжуулдаггүй. Мөн ХДХВ шавжийн биед үржих боломжгүй тул шумуулаар халдварладаггүй.
Товчхондоо, ХДХВ-тэй хүмүүст бусдын зүгээс хүнлэг харилцаа л хамгийн чухал. Шинжлэх ухаан хэдийн ХДХВ-ийг номхруулж чадсан гэдгийг та бид мэдэж авлаа. Одоо харин бидний тархин дахь хоосон айдас, буруу ойлголт л шинжлэх ухааныг гүйцэж түрүүлэх, ядаж зэрэгцэж алхах үлдлээ ❤️



