top of page

media for everyone

The Black W60-д бидний дурсамжийг хөгөлсөн уран бүтээлчид

Sep 3
4 min read

Updated: Sep 10


The Black W60 (DIEX) бол бидний хувьд бүжиглэж, инээж, дурлаж, хамгийн гол нь өөрийнхөөрөө байж чаддаг орон зай. Өнгөрсөн жилүүдэд Монголын рок поп хөгжмийн домгууд, поп дива нар болон шинэ үеийн уран бүтээлчид бидэнтэй гайхалтай үдшийг хуваалцаж, өөр өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө бидний дурсамжид мөрөө үлдээжээ.


Тэдний дуулсан дуу бүр бидний хайр, догдлол, хагацал, нөхөрлөл, өөрийнхөөрөө байх эрх чөлөөтэй холбогдож, The Black W60-ийн шөнүүдийн нэг хэсэг болон үлдсэн юм.


Ингээд өнгөрсөн НАЙМАН жилийн турш бидний дурсамжийг хөглөж, ЛГБТИК+ хүмүүст ээлтэйгээ харуулсан уран бүтээлчдийг эргэн дурсъя.


Б.САРАНТУЯА

Монголын поп хөгжмийн зууны манлай дуучин, Монгол Улсын Ардын Жүжигчин, поп дива төдийгүй хүн бүрийн хамгийн хайртай уран бүтээлчдийн нэг. Түүний дахин давтагдашгүй, хүчирхэг дуу хоолой 2023 оны 8 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 29-нд бидэнтэй хамт байсан. Мөн 2024 оны 12 дугаар сарын 27-нд The Random Band-тай хамтран шинэ жилийн онцгой үдшийг бидэнд бэлэглэсэн юм. Сараа эгч бол бидний хувьд гайхалтай уран бүтээлч байхаас гадна биднийг ойлгож, хүндэлж, хайрладаг гэдгээ олон жилийн турш үйлдлээрээ харуулсан эрхэм хүн билээ.


С.НАРАН

Бидний караокений жагсаалтын дээгүүр бичигддэг, дуулах бүрд өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөдөг дуу бол яахын аргагүй “Welcome to My Heart”. Монголын поп хөгжмийн тод өнгө болсон МУГЖ, поп дива С.Наран энэ дуугаараа хайр, догдлол, дурсамжийг эгшиглүүлж, 2024 оны 1 дүгээр сарын 19-нд бидэнтэй нэгэн үдшийг хуваалцсан билээ.



Т.АРИУНАА

Төмөр хоолойт Төмөрийн Ариунаа бол Монголын поп хөгжмийн тайзны домогт уран бүтээлчдийн нэг, Монгол Улсын Ардын Жүжигчин, поп дива. Тэрээр 2024 оны 2 дугаар сарын 16-нд, 12 дугаар сарын 27-нд бидэнтэй хамт мартагдашгүй үдшийг хуваалцаж, хүчирхэг хоолой, өөрийн эрч хүчээрээ бидний дурсамжид дахин дахин тод мөр үлдээсэн юм.



UKA (Д.Уламбаяр)

UKA бол өөрийнхөөрөө байхыг хамгийн тод илэрхийлдэг, онцгой содон төрх, гал цогтой байдлаараа үе үеийн сонсогчдыг байлдан дагуулж ирсэн уран бүтээлч. Түүний хөгжим, дүр төрх, өөрийнхөөрөө амьдрах үзэл нь бидний эрх чөлөөтэй, өөртөө үнэнч байх мэдрэмжтэй онцгой нийцдэг. 2024 оны 3 дугаар сарын 1-нд UKA бидэнтэй хамт байж, өөрийн тэр л эрч хүч, өнгө төрхөө бидэнтэй хуваалцсан юм.



ROOCKIE

“Өөрийнхөөрөө амьдаръя, хүссэнээрээ амьдаръя” гэх нь бидний өөрийнхөөрөө байх, бусдын хүлээлтээс ангид амьдрах хүсэлтэй хүчтэй нийцдэг. Өөрийн үзэл, хандлагаа хөгжмөөрөө илэрхийлдэг Roockie 2024 оны 3 дугаар сарын 13-нд бидэнтэй хамт байж, энэ мэдрэмжийг өөрийн хөгжмөөрөө хуваалцсан юм.



Э.АГИЙМАА

Хүчирхэг хоолой, уянгалаг дуулалтаараа хайр, хагацал, хүлээлтийн эмзэг мэдрэмжийг хүргэж чаддаг уран бүтээлч. Түүний “Надаас чи” дууны “Хүний нутагт өөр хайртай учраа юу? Надаас үнэтэй хайр юмуу? Хүлээж суудаг намайг мартаа юу?.. гэх мөр нь бидэнд олон дурсамжийг өөрийн эрхгүй сануулдаг биз? Агиймаа 2024 оны 3 дугаар сарын 13-нд, 2026 оны 5 дугаар сарын 12-нд  бидэнтэй дахин уулзаж, энэхүү мэдрэмжийг дуугаараа хамтдаа хуваалцсан билээ.



Э.МИНЖИНСОР

Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Үүр гийх шиг чи минь” гэхэд л бидний караокены үдэш, хамтдаа дуулсан мөчүүд санаанд орно. Э.Минжинсорын дуунууд бидний дунд хэн нэгэнд дурласан үе, хэн нэгнийг санасан шөнө, найзуудтайгаа хамтдаа чангаар дуулсан тэр л танил мэдрэмжүүдтэй хамт үлджээ. Тэрээр 2024 оны 5 дугаар сарын 24-нд бидэнтэй хамт байж, олон жилийн өмнөх дурсамжуудыг бүтээлцжээ.



Б.БАЯРЦЭЦЭГ

Бидэнтэй олон жилийн турш уран бүтээлээрээ холбогдож ирсэн, дуу хоолой нь үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон уран бүтээлчдийн нэг. “Шүрэн бугуйвч”, “Содон аялгуу” зэрэг дуугаараа бидний дунд хайр, дурсамж, догдлолыг хөглөж, 2024 оны 3 дугаар сарын 18-нд, 2025 оны 6 дугаар сарын 7-нд дахин дахин хүрэлцэн ирсэн нь түүний бидэнтэй хуваалцсан дурсамжийг улам тодотгоно.



STARFISH хамтлаг

2006 онд байгуулагдсан Starfish нь Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц өнгө аясыг бий болгосон, трип-хоп урсгалаар уран бүтээлээ туурвиж ирсэн онцгой хамтлагуудын нэг.


“Ягаан гариг”, “Новшроо” зэрэг бүтээлээрээ үеийнхээ сонсогчдын дурсамжид үлдсэн тэд 2025 оны 9 дүгээр сарын 12-нд, мөн 2026 оны 1 дүгээр сарын 31-нд The Black W60-ийн 7 жилийн ойд зориулан хүрэлцэн ирж, бидэнтэй нэгэн гайхалтай үдшийг хуваалцсан юм. Эл өдөр ЛБК буюу анги охидын хувьд мартагдашгүй нэгэн өдөр болсон гэдэг баттай!



ЭГШИГЛЭН

Сэтгэл хөдлөлийг хүчтэй илэрхийлдэг уран бүтээлүүдээрээ бидний дунд танил болсон Эгшиглэнгийн “100%” дуу нь манай олон нийтийн хувьд олон жилийн дурсамж, мэдрэмжийг агуулсан онцгой бүтээл. 2009 онд бидний хайрт Vanity анхны драг үзүүлбэрээ энэхүү дуугаар толилуулж байсан түүхтэй. Дуучин Эгшиглэн 2025 оны 10 дугаар сарын 17-нд бидэнтэй энэ дурсамжийг дахин хуваалцсан нь гайхалтай байлаа.



Харанга хамтлагийн Лхагваа

Монголын рок хөгжмийн амьд домог, үе үеийн сонсогчдын сэтгэлд дуу хоолой, онцгой төрхөөрөө гүн хоногшсон гайхалтай уран бүтээлч. Түүний хүчирхэг хоолой, сүр хүч, олон жилийн уран бүтээлийн замнал нь Монголын рок хөгжмийн түүхийн салшгүй хэсэг бөгөөд амьд домгийг өөрийн нүдээр харж, дэргэдээс нь мэдрэх ховорхон мөчийг Black-ын хамт олон бидэнд бэлэглэсэн юм. Лхагваа ах 2025 оны 10 дугаар сарын 31-нд, 12 дугаар сарын 12-нд бидэнтэй хамт байсан билээ.



MAGNET BRAIN

Magnet Brain буюу Маргад нь хүчирхэг, эрч хүчтэй хоолой, өвөрмөц тайзны төрх, өөрийн гэсэн хөгжмийн өнгө аясаараа шинэ үеийн Монголын уран бүтээлчдээс ялгардаг дуучин. Түүний эрч хүчтэй хэмнэл, өөрийнхөөрөө илэрхийлдэг уран бүтээлүүд нь бидний олон нийтийн дунд өөрийн гэсэн сонсогчдыг бий болгожээ. Маргад 2025 оны 11 дүгээр сарын 14-нд, 2026 оны 5 дугаар сарын 12-нд, 8 дугаар сарын 14-нд бидэнтэй дахин дахин уулзсан нь түүний уран бүтээлийг бид, биднийг Маргад хэрхэн хүлээн авдгийг илтгэнэ.



ГАЛА хамтлаг

ГАЛА бол Монголын поп хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж ирсэн, өнгөлөг, тод дүр төрхтэй хамтлаг. “Хөвгүүн”, “Азтай учрал” зэрэг дуугаараа хайр дурлал, залуу насны гэгээлэг мэдрэмжийг хөглөж, бидний дунд ч танил дотно дурсамжийг сэрээдэг. 2025 оны 11 дүгээр сарын 28-нд ГАЛА бидэнтэй уулзаж, тэрхүү өнгөлөг дурсамж, эрч хүчээ хуваалцсан.



FOUX

Шинэ залуу үеийн төлөөлөл болсон FOUX өнгөлөг төрх, эрч хүчтэй хэмнэлээрээ бидний хайрыг татаж, нэгэн үдшийг гэрэлтүүлсэн. Тэдний уран бүтээлд шингэсэн дурлал, догдлол, мартаж чадахгүй байх тэр зөрчилтэй мэдрэмжүүд нь манай олон нийтийн амьдралд ч танил, дотно санагдана. “Яг одоо март бүгдийг нь” хэмээн дахин дахин хэлэх атлаа үнэндээ мартаж чаддаггүй тэр мэдрэмж нь бид бүхэнд байдаг билээ. FOUX 2026 оны 8 дугаар сарын 14-нд бидэнтэй энэ мэдрэмжийг хуваалцсан юм.



KIWI

Бидний мэдрэмж бүрд дуугаараа хамт байдаг хамтлаг бол яахын аргагүй KIWI хамтлаг. “Hot Line” дээр хамтдаа бүжиглэж, “Хоосон” дээр хамтдаа эморч, араас нь тэврэлгүй явуулсан тэр нэгэн хүнийг дурсах мөч хүртэл KIWI-ийн дуунууд бидний амьдралын олон өөр мэдрэмж, дурсамжтай холбогдож иржээ. 2026 оны 8 дугаар сарын 21-нд KIWI хамтлаг бидэнтэй дахин нэгэн үдшийг хуваалцаж, хамтдаа бүтээсэн дурсамжуудаа эргэн санах онцгой мөчийг бэлэглэлээ.


Эдгээр уран бүтээлчид бидний дуулах дуртай дууг амилуулж, бүжгийн талбайг дүүргэж, олон жилийн өмнөх дурсамжийг сэрээж, бидний хэзээ ч мартахыг хүсдэггүй тэр мэдрэмжүүдийг хөгжим болгон өгчээ.


Биднийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийнхөөрөө байхад минь хамт байсан уран бүтээлч бүрт баярлалаа.


Харин энэ бүх дурсамжийн үргэлжлэл болсон The Black W60-ийн 8 жилийн ой есдүгээр сарын 11-нд тохиож байна. Өнгөрснөө дурсаж, өнөөдрөө тэмдэглэн, дараагийн олон сайхан өдрийн эхлэлийг хамтдаа тавьцгаая!


Хөгжим эгшиглэсээр, дурсамж үргэлжилсээр… The Black W60-тай илүү олон дурсамж бүтээхийн төлөө!


Нийтлэлийг бичсэн: Батням

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page