COP17-той холбоотойгоор “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг хойшлууллаа

“Тэгш эрх, бахархлын өдрүүд 2026”-ийн хүрээнд наймдугаар сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ын товыг хойшлууллаа.
ЛГБТ Төвөөс мэдээлснээр, энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд наймдугаар сарын 22-нд Барилгачдын талбайгаас эхлэхээр бэлтгэлээ бүрэн хангаад байсан “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр цуцалсан байна.
Товыг хойшлуулах болсон шалтгааныг Монгол Улсад зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын зохион байгуулалттай холбон тайлбарлажээ.
ЛГБТ Төв болон “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн зохион байгуулагчид үүссэн нөхцөл байдлыг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн ч үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаж цуглах эрх нь ямар ч үед хамгаалагдах ёстой хүний үндсэн эрх гэдгийг онцолсон байна.
“Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаж цуглах нь ямар ч үед хамгаалагдах ёстой хүний үндсэн эрх.”
Зохион байгуулагчдын мэдээлснээр, “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ын шинэ товыг холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр баталгаажуулж, албан ёсны цахим хуудсаараа дамжуулан удахгүй зарлах юм.
Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар алхалтыг наймдугаар сарын 29-нд зохион байгуулах хувилбар яригдаж байгаа ч энэ нь одоогоор зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор баталгаажаагүй байна.
Зохион байгуулагчид алхалтыг хүлээж, оролцохоор төлөвлөж байсан иргэдээсээ хүлцэл өчөөд, шинэ тов зарлагдсан үед найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамтран оролцохыг уриалжээ.
“Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг дэмжих зорилготой жил бүрийн уламжлалт арга хэмжээ бөгөөд “Тэгш эрхийн төлөөх алхалт” нь тус өдрүүдийн хүрээнд зохион байгуулагддаг гол үйл ажиллагаануудын нэг юм. (lgbtcentre.mn)
Шинэ тов албан ёсоор зарлагдсан даруйд Movement.mn мэдээллийг хүргэнэ.


