ХДХВ/ДОХ-ын салбарын дэвшилтэт алхам: "PrEP" зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад орлоо
- Tseveenravdan Tsogbat
- Sep 26
- 2 min read

Нийгмээрээ бид улс төр, нийгмийн амьдрал ярьж бухимдаж суух хооронд ХДХВ/ДОХ-ын салбарт нэгэн том баярт үйл явдал тохиолоо. Энэ нь Залуус эрүүл мэнд төвийн SKPA-2 төслийн хүрээнд Монгол Улсад "PrEP" буюу ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх буюу ретровирусын эсрэг эмийг албан ёсоор зөвшөөрсөн явдал юм.
Тус үйл явдал нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбар, тэр дундаа ХДХВ/ДОХ-ын эсрэг салбарынхан болоод ХДХВ-ын түлхүүр хүн амын хувьд маш том дэвшилтэт алхам байж чадлаа. Яагаад гэдгийг тайлбарлавал...
PrEP гэдэг бол зөв хэрэглэвэл ХДХВ-ээс 99 хувь урьдчилан сэргийлж чадна.
ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр уудаг эм.
Бэлгийн олон хавьтагчтай хүмүүс болон бүхий л бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай хүмүүс хэрэглэж болно.
Тус эмийн үйлчилгээ нь ХДХВ-ын халдвар биед орсон тохиолдолд устгах үйлчилгээтэй.
Английн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тус эмийг хэрэглэж эхэлсэн олон нийт дунд шинэ халдварын тохиолдол 86 хувиар буурч чадсан.
Тус эмийг хэрэглэхдээ заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч мөн ХДХВ-ын шинжилгээг өгсөн байх ёстой. Хэдийгээр судлагдсан гаж нөлөө байхгүй ч зарим хүмүүст эхэн үедээ бага зэрэг толгой өвдөх, дотор муухайрах болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ч удахгүй алга болдог. Мөн PrEP эм нь зөвхөн ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирусээс л хамгаална буюу заг хүйтэн, тэмбүү зэрэг бусад бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалж чадахгүй. Иймд бэлгэвчийг давхар хэрэглэхийг зөвлөдөг. PrEP" эмтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж тус хуудсаас авах боломжтой.
Монгол Улс ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх тогтвортой, шинжлэх ухаанд суурилсан арга хэрэгслийг албан ёсоор нэвтрүүлэх шинэ шатанд гарч, 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг төгсгөх дэлхий нийтийн зорилтод хүрэхэд чухал түлхэц болох боломж бүрдэж байна.
Тус үйл хэргийг бүтээж чадсан Залуус эрүүл мэнд төв, SKPA төслийн хамт олон болон хамтрагч талуудад халуун баярыг хүргэе.
Монголын нийгмийн эрүүл мэнд болон ХДХВ-ын зорилтот бүлгийн төлөө хийсэн үйл ажиллагаа бүрт БАЯРЛАЛАА!
Эх сурвалж: Залуус эрүүл мэнд төв
Зургийг NBC news-ээс


