Зохиолч А.Марал: Юмс өөрчлөгддөг ч дурсамж үүрдийнх
Updated: Sep 4

Илэрхийлж чадаагүй мэдрэмж, хэлж чадаагүй үгс бүхэн бичвэрээр амилдаг. Зураачид бийр будгаараа, дуучид ая хэмнэлээрээ, киноны найруулагчид кадр бүрээр дотор буй бүхнээ илэрхийлдгийн адил бичих гэдэг бол мэдрэн хүртсэн бүхнээ амилуулах хамгийн гойд арга билээ. Тийнхүү хүн бүрийн аливааг илэрхийлэх, хүртэн мэдрэх, тэр тусмаа дурсамжаа санан зураглах ч ондоо байх нь бий. Зохиолч А.Марал “Нэгэн түүхийн төгсгөл” бүтээлдээ дурсамжийн тухай, нэгнээ эргэн дурсах хийгээд санахуйн тухай өгүүлжээ.
Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийг тохиолдуулан шинэхэн номоо уншигчдад хүргээд удаагүй байгаа түүнтэй дурсамж, мэдрэмж, хайрын талаар яриа дэлгэснийг хүлээн авна уу.
- Анх хэзээ, ямар агшинд, хэрхэн бичих гэдэг зүйлтэй холбогдож байв? Бичих, зохион туурвих үйл явц таны хувьд?
- Долоо, наймдугаар анги л байсан юм болов уу даа. Анх бичиж эхэлсэн үе гэвэл арван хоёр настайгаасаа юм байна. Багаасаа л кино үзэх их дуртай, сүүлд нь киногоо бодоод л, төсөөлөөд л байж байдаг хүүхэд байлаа. Тэгээд л нэг өдөр “Аан, ер нь бодсон санаагаа бичдэг хүнийг чинь зохиолч гэдэг юм байна” гэдгийг олж мэдсэн. Жаахан хүүхэд болохоор ч юм уу, зохиолч гэхээр нэг л тийм “хөгшин” мэргэжил юм шиг санагдаад, тэгсэн хэр нь “би зохиолч болбол гоё ч юм уу” гэж бодогдоод л. Энэ бодол нь яван явсаар кино зохиолч болох мөрөөдөлтэй боллоо. Би чинь чадахаараа л сонирхолдоо хөтлөгдөөд тэрүүхэн тэндээ шүлэг, өгүүллэг бичих гэж их оролддог байсан. Мөрөөдлөө дагаад утга зохиолын ангид ч орлоо. Яг цагаа тулсан чинь, аливааг зохионо, үгээр туурвина гэдэг чинь сурах зүйл асар их. Хэдэн үг аятайхан холбох, найруулга зүйг ойлгоно гэдэг тийм ч амар зүйл биш юм байна лээ. Үгийнхээ утгыг бодож, бодож хэдэн үгээ холбоод бичмэгц маш гоё өгүүлбэр эсвэл диалог гарах үед, зохиол, хүүрнэл бичсэнээ уншаад ойлгомжтой, гоё болсон байвал сэтгэл амраад л явчихна. Тэгээд л суралцах тусмаа бичихийн сайхныг улам бүр мэдэрсэн дээ.

- Тэгвэл та ямар мэдрэмжүүдийг бусадтай хуваалцаж, ярилцахаас илүүтэй, зөвхөн бичихэд зориулж дотроо хадгалдаг вэ? Хэн нэгэнд хуваалцмааргүй, шуудхан илэрхийлэмгүй, заримдаа өөрөө ч ойлгомгүй тийм мэдрэмжүүд бид бүхний дотор байдаг шүү дээ.
- Цаанаасаа л дотор хэцүү оргиод, цээжинд таагүй мэдрэмжүүд хурчихдаг үеүд байдаг даа. Өмнө нь бол тийм мэдрэмж төрөх үедээ утасныхаа дуу хураагуурт мэдрэмжээ яриад хадгалчихдаг байсан, гэхдээ мэдээж хэзээ ч сонсохгүй л дээ. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих гэж ч оролддог л байлаа. Бас л дараа нь бичсэн зүйлээ уншихаас халгаагаад ойртдоггүй байсан. Хүнд мэдрэмжүүдээ гадагшлуулж байгаа хэлбэр нь л тийм байсан юм болов уу. Харин яг зорьж бичье гэх бодол төрдөг үе гэвэл хавар, намрын улиралд тэр мэдрэмж нь илүү их байдаг. Өөрөө ч анзаарсан чинь миний бичвэрүүд дээр, ном дээр ч энэ улирлууд түлхүү гардаг юм байна лээ. Яагаад ч юм зуныг эсвэл өвлийг дүрсэлж бичихээс илүү энэ хоёр улирлын талаар их бичдэг болж таарсан. Намар болонгуут л нэг тийм жигтэй ч гэх үү мэдрэмжүүд төрдөг шүү дээ. Жишээлбэл, сэрүүн салхи үл ялиг л сэвэлзэхэд хөнгөн гуниг төрөөд л. Зунаас хойш цаг агаар өөрчлөгдөж шалиагүй юм шиг хэр нь нэг л мэдэхэд сэрүү орчихсон, хувцсаа зузаалаад эхэлчихсэн байдаг даа. Тэгээд л бодохоор цаанаа л нэг хөнгөн гунигтай. Цаг агаар яалт ч үгүй сэтгэл санаанд нөлөөлдөг ч байж магадгүй. Саяны хэлсэн шиг мэдрэмжүүдийг дүрсэлж бичих аймаар дуртай юм шиг байгаа юм. Ганцаараа гудамжаар алхаж явж байхдаа эргэн тойрноосоо анзаарсан зүйлсээ их бичнэ ээ бас. Алхах их дуртай болохоор тэр үедээ юмсыг илүү тод анзаарч мэдэрдэг юм шиг санагддаг.
- Бидний явсан газар, уулзсан хүмүүс, мэдэрсэн зүйлс, туулсан бүхэн яг л эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг нэгдэж, биднийг бага багаар бүтээдэг гэж хувьдаа боддог юм. Энэ өнцгөөс асуухад, таны дотоод ертөнц, өнөөдрийн Марал гэдэг хүний үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд хамгийн гүн нөлөө үзүүлсэн зүйл юу вэ?
- Яг нэг зүйлийг шууд оноож хэлэхэд хэцүү л дээ. Зөвхөн мэргэжил талаасаа гээд бодъё л доо. Тэгж бодвол урлагт, уран зохиолд хайртай чин сэтгэл минь л намайг босгосон байх даа. Багаасаа л урлагийн хүн болбол, зохиолч болбол гоё доо гэж бодон бодсоор, тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн яг л өөрийн хүслээрээ суралцаж, амьдарч байх явцдаа өөртэйгөө адилхан урлагт хайртай, ижил сонирхолтой найзуудтай болсондоо их баярладаг. Нөхөрлөл, хүрээллээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэх арга барилаа ч улам бүр бэхжүүлж, хүмүүсийн бүтээж туурвиж буйгаас нь урам зориг аваад л. Ер нь тэгээд миний хүсэл, урлагийг гэсэн сэтгэл л хамгийн их нөлөөлсөн юм байна.
Гоё бүтээл үзэж хараад “ямар гоё юм бэ” гэж бодоод, өөрөө ч бас хийж үзэхийг хүснэ шүү дээ. Эхнийх дээрээ бүтэлгүйтлээ, хоёр дахиа оролдоод шантарлаа, тэр хоорондоо яаж хийвэл болох вэ гэдэг арга эвийг нь олоод “аан энийг чинь ингэж хийлэг юм байна” гээд алхам бүрдээ суралцаад л. Ингэж явсаар яг тэр зүйлийнхээ ард нь гарахад л хүсэж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг улам бүр ойлгож, түүндээ хүрэхийн тулд асар их зүйл сурч бас туулдаг юм байна гэдгийг мэдэрдэг юм байна лээ. Мөн зөвхөн авьяастай байлаа гээд урлаг болчихгүй, цаанаа маш их хичээл зүтгэл, хүсэл зоригийг хүнээс шаарддаг болохоор арга барилаа олно гэдэг л хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон.
- За, одоо номын талаар ярилцъя. Зарим хүн аз жаргалтай төгсгөлд, харин зарим нь гунигтай төгсгөлд дуртай байдаг атал зарим номыг яаж хүлээж авч, ямар мэдрэмжээр төгсгөхийг уншигч өөрөө шийдэх нь ч бий. “Нэгэн түүхийн төгсгөл” номын санаа анх хэзээ гарч байв? Анх номоо бичиж байхдаа та ямар төгсгөлийг дотроо зураглаж байсан бэ?
- Номынхоо санаанаас ч өмнө төгсгөлийг нь дотроо бодчихсон байсан гэх юм уу. Анхны номоо бичсэний дараа буюу 2020 оны зун яг тэр санааг олж байсан юм. Тэгээд л тэр санаагаа цааш нь бичнэ дээ гэж бодон бодсоор эхлүүлчхээд дуусгаагүй нэлээд удсан юм. Эхний бүлэг маань бараг л туршилт маягийн байсан гэхэд болно. Ямартай ч жил тойрон бичсээр 2023 онд яг дууссан. Тэгээд л өөр нэг санаагаар бичээд үзье гэж шийдсэн гэх үү дээ. Эхний бүлгээ гурван жилийн турш бичиж дуусгах явцад миний амьдралд ч асар олон зүйл тохиолдсон. Хайр сэтгэлийн хувьд ч тэр. Бодоод байх нь ээ, хүнийг тавьж явуулах хэдий хэцүү ч тэгж сурах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Зохиолтойгоо харьцуулаад бодоход дүр маань ч гэсэн минийхтэй адил нөхцөл байдалтай нүүр тулж байгаа юм л даа. Тэгэнгүүт яг дүр бид хоёрын огтлолцол, ерөнхийдөө бол хүнийг тавьж явуулах тухай зохиол дээр маань олон жилийн дараа ч болов гарч ирэх ёстой байсан зүйл үнэхээр мөн байж гэж бодсон. Товчхондоо бол зохиолынхоо гол эргэлтийн цэгийг олчхоод “тэрийгээ яаж нуух вэ” гэж л их бодсон юм байна.

- Дурсамждаа хөглөгдөж, дурсамжаараа тэтгэгдэн амьдрах талаар яриа их бий. Хэн бүхний дотор амьдралаас нь алсарсан ч дурсамжид нь тодхон үлдсэн үйл явдал, хүмүүс байдаг. Харин ганцхан удаа тэр үе рүүгээ буцаж, яг л тэр мэдрэмжийг дахин нэг мэдрэх юм сан гэж зурвасхан бодох үе бишгүй. Технологи, хиймэл оюуны тусламжтайгаар дурсамж руугаа эргэн очих, тэр ч бүү хэл түүнийгээ үргэлжлүүлэн мэдрэх гэдэг энэ санааг зохиолдоо оруулах санаа юунаас эхтэй вэ?
- Зохиолчид “туршилт” гэж ярих нь бий шүү дээ. Би энэ зохиолоороо нэг асуултын хариултыг хайх гэж оролдсон юм. Анзаарсан нэг зүйл маань гэвэл ямарваа нэгэн дурсамж хүн бүрд ялгаатай байдлаар үлддэг юм байна лээ. Тэр нь надад их сонирхолтой санагдсан юм. Миний хувьд маш гоё, нандин дурсамж нөгөө хүнд маань тийм биш байж болно. Гоё ч битгий хэл үнэ цэнтэй биш ч байж магад. Үнэ цэний хувьд өөр байдаг. Гэхдээ л тэр дурсамжийг үлдээх үйл явдал хоёр хүний дунд болсон нь, тэр нь дурсамж болоод үлдсэн нь үнэн шүү дээ.
Зохиолын төгсгөлийн бүлэг дээр дүр маань нэг зүйлтэй нүүр тулдаг юм л даа. Түүнд тохиолдсон, түүний дурсамжид үлдсэн зүйлс хоёр өөрөөр явж болох байсан ч тэр хоёр сонголтын аль нь түүний хувьд үнэ цэнтэй байсан бэ гэдгийн хариултыг олж чаддаггүй. Гэхдээ л аль нь ч бай дурсамжаа нандигнаад л үлдсэн байж таараа. Тэр мэдрэмж дээр л тулгуурлан хиймэл оюунтай холбож бичсэн дээ. Зөвхөн би ч биш, ер нь л хүмүүс дурсамждаа их хайртай байдаг юм байна лээ.

- Ном дээрх “Тэр үед л би хайраас айж, эмээж, санаа зовж бас зориг гаргаж чадаж байгаадаа өөрийгөө амьд гэдгээ мэдэрсэн” гэх өгүүлбэрийг уншсанаас хойш цаг орчим бодолд автаж, тааз ширтэн суусан юм. Зохиолч хүний хувьд, мөн зөвхөн Марал гэдэг хүний хувьд “хайр” гэдэг ойлголтыг юу хамгийн сайн илэрхийлдэг вэ?
- Сүүлийн үед миний хувьд “хайр” гэдэг ойлголт аажмаар, бага багаар өөрчлөгдөж байж магадгүй юм шиг санагдсан. Хайр бол амлалттай төстэй зүйл гэж бодогддог болоод байгаа гэх юм уу. Дурлал, шохоорхол, догдлол бол мэдрэмж, хөөрөл байх нь элбэг байдаг шүү дээ. Харин хайр бол яг л жинхэнэ үйлдэл юм шиг санагдаад байгаа юм. Заавал тийм, үгүй, хамт байна эсвэл байхгүй гэхээс илүү зүгээр л “хайртай” гэж хэлж байгаа нь тодорхой хэмжээгээр амлалт өгч байгаатай адил юм шиг санагдах болсон. Хайрыг дагаад айдас, санаа зовнил, догдлол гээд л асар олон мэдрэмж бий болдог шүү дээ.
Ингэж хэлэхэд эвгүй сонсогдож магадгүй ч би хайрыг их олон талаас нь мэдэрч үзсэн. Жишээ нь, анхны хайраа бодоод үзэхэд танихгүй шахуу хүнийг бараг л гурван жил хайрлачихсан хэр нь юм ч ярьж үзээгүй байдаг ч юм уу. Хайртай хүнтэйгээ үг ч сольж чаддаггүй байсан боловч хүнийг хайрлах явцдаа нэг талаар туршлагатай болоод, хайрлахад суралцаад, дараа нь ярилцаж чаддаг болсон байх жишээний. Хайрлаж үзэж байна, өгч сурч байна, авч хүртэл сурч байна. Зөвхөн өгөөд л байх нь хайр биш гэдгийг ойлгож байна. Ингээд бодохоор хайр гэдэг туршлага бас хичээл ч юм шиг. Хамгийн аймаар нь хайр өөрөө юуг ч амладаггүй юм шиг. Жишээлбэл, их сургуульд орлоо, дөрвөн жилийн дараа төгсөх нь үнэн гэдэг шиг бүх зүйл нь ойлгомжтой тодорхой байдал хайр гэдэг ойлголт дээр байдаггүй юм байна лээ. Яах вэ, гэрлэлт бол хайрыг илүү батжуулж, илүү ойр дотно болгож байгаа ч гэсэн ойлгомжгүй зүйлс нь байсаар л байдаг. Нэг тиймэрхүү /инээв/.
- Хайр гэдэг угтаа чихэр шиг, цааснаасаа эхлээд л өнгөлөг, амтлаг юм шиг хэр нь заримдаа тэсвэрлэхийн аргагүй гашуун байдаг ч хайраас улбаалан мэдэрч буй бүхэн амьд байгааг минь баталж буй мэт санагддаг. Харин таны хувьд?
- Санал нийлнэ ээ. Яалт ч үгүй хайр бол хүнд амьд оршин байгааг нь хамгийн ихээр сануулдаг, мэдрүүлдэг зүйл юм байна гэдгийг жил ирэх тусам л ойлгож байна даа. Догдлол ч байна, шаналал ч байна. Хүнд дурлахаар нэг тийм мэдрэмж төрдөг дөө. Өдөр шөнөгүй бодогдоод л, түүнийгээ бодохоор мишээл тодроод л тийм ээ? Эсрэгээрээ хэнийг ч сэтгэлдээ тээхгүй, бодож санах ч юм байхгүй үе ч бий. Сэтгэл зүрхний “амралт” авч байгаа юм шиг амгалан үе гэх юм уу. Амьдралаа бодохоор надад яг тийм “амралт”-ын үе их байгаа байхгүй юу. Тэр үедээ сэтгэл зүйн хувьд ямар нэгэн уналтад ороод байхгүй, харьцангуй тогтвортой байдаг нь дажгүй л дээ. Гэхдээ бодоод байх нь ээ, ажлаа хийгээд л, өдөр бүр тайван тогтуун өнгөрсөн юм шиг хэр нь тэр үеүдээс үлдсэн дурсамж бараг л байхгүй юм шиг санагддаг. Саарал, гунигтай мэдрэмж гэх нь ч хаашаа юм, зүгээр л тэгж их гийгүүлээд, онцлоод байх юм үлддэггүй юм билээ. Харин хэн нэгнийг хайрлаж байх үед, за хайрладаггүй юм гэхэд зүгээр л шохоорхож байх үед хүртэл маш олон гоё мэдрэмж дундаас дурсамж үлддэг.

Үүнээс гадна хайр гэдэг үргэлж аз жаргалаар халгисан, байнга тайван сайхан байдаг зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр тусмаа контентын нөлөөгөөр ч юм уу, бид нар чинь багаасаа л хайрыг Диснейн кино дээр гардаг шиг аз жаргалтай төгсгөлөөр төсөөлдөг болчихсон. Гэхдээ яах вэ, сүүлийн үеийн бүтээлүүд бол арай ч тийм нэг хэвд цутгачихсан юм шиг байхаа больсон байна лээ. За энэ ч яах вэ /инээв/.
Шохоорхол, дурлалын хувьд бол ихэвчлэн тэр хүнийхээ сул талыг хараад л унтарчихдаг, таалагдахаа больсон гэх нь олонтоо. Харин жинхэнээсээ хайрлаж байх үед хайртай хүнийхээ сайн, муу бүх талыг бүгдийг нь л хайрладаг шүү дээ. Тийм болохоор ч тэр үү, маш олон хүн хайртай хүнээ илүү мэдэхээс айх нь ч бий. Эргэн тойрноосоо ч тийм хүмүүсийг харж л байгаа юм л даа. Ямар ч харилцаа эхэндээ үлгэрийн юм шиг л гоё байдаг шүү дээ. Тэгээд л яваандаа өөрийгөө нээхээс ч халгаагаад, нөгөө хүнээ мэдэхээс ч айгаад, тэр үед төрөх мэдрэмжээс зугтаадаг ч юм уу, тийм ээ? Тэгэхээр хүнийг хайрлана гэдэг хүч ч юм шиг. Хүч бас арай биш юм аа, зориг юм болов уу. Яг үнэндээ нөгөө хүнийхээ талаар юу ч мэдэхгүй байхдаа л бид “За, би чамайг хайрлана аа” гээд л амьдралд нь орж байгаа шүү дээ. Тийм үйлдэл, сэтгэл гаргахад яалт ч үгүй хүнд зориг хэрэгтэй. Тэгж чадах зоригтой хүнтэй хамт байна, тийм хүнээр хайрлуулна гэдэг ч бас үнэхээр гоё шүү дээ. Тийм хүнтэй учирсан хүн чинь “Энэ хүн намайг хайрлана гэсэн юм чинь мэдээж би бас чадахаараа энэ хүнийг хайрлая, энэ хүний өмнө л хамгийн үнэнээрээ, ямар ч баг сэлтгүй байя, хэнд ч нээгээгүй, хэний ч өмнө үзүүлээгүй тэр төрхөө, авир аалиа гаргая” гэж бодно доо? Тэдгээрийнхээ хажуугаар бас гомдоочихгүй юм сан, шархлуулчих вий ч гэж эмээнэ, нандигнана. Хэчнээн нэгэндээ хайртай байсан ч эцсийн эцэст тэс өөр хүмүүс шүү дээ.
Нэг сэтгэл зүйч хэлж байсан юм л даа. Хүн бүрийн хайрлах барил, хайранд хандах хандлага, хайрыг харах өнцөг, мэдрэмж өөр гээд. Тэр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдэж л бидний токсик гэж нэрлэдэг хортой харилцаа үүсдэг юм билээ. Ингээд л бодохоор хайрлахад ч тэр, хайрлуулахад ч тэр, хайр хүнээс маш их зүйл шаардаж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр олон зүйл дундаас үнэн мэдрэмжээ илэрхийлж гаргах, нөгөө хүнийхээ үнэн мэдрэмжийг хүлээж авч, ойлгох зоригтой байх л хайрлахад хамгийн хэрэгтэй зүйл байх.

- Уран зохиол бол бусдын орон зайд нэвтэрч, өөр нэгний амьдралаар ч амьдарч, мэдэрч үзэх, ойлгох хамгийн дөт зам шүү дээ. Та өөрийнхөө мэдрэмж, зохиол бүтээлээрээ дамжуулан юуг хамгийн ихээр илэрхийлэхийг эрмэлздэг вэ?
- Анзаараад байх нь ээ, миний зохиолууд дээр дурсамж гэдэг зүйл маш их гардаг юм байна лээ. Ирээдүйд бичих зүйлс маань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй л дээ. Бичиж байгаа зүйлсээрээ ямар нэгэн зүйл илэрхийлэх гэж зорихоос илүү бичих явцдаа өөрийнхөө дотор руу өнгийх гэж илүү оролддог юм шиг санагддаг. Өөрийнхөө сэтгэл рүү, юмсыг хэрхэн мэдэрдэг вэ гэдэг рүүгээ өнгийж, өөрийнхөө дотор буй үнэнтэй нүүр тулж байгаа хэлбэр гэх юм уу. Бүрэн дүүрэн ойлгодоггүй юм гэхэд ядаж л дотоод дуу хоолойгоо сонсдог. Гэхдээ яг тэгж бодож бичдэг бас биш ээ. Аандаа л тэгдэг юм шиг байгаа юм. Басхүү миний бичсэн зүйлийг уншаад ямар нэг зүйлийг ойлгоосой гэж бодохоосоо илүү хамтдаа ямар нэг зүйлийн хариултыг олъё гэж бодох нь илүү сонирхолтой байдаг.
- Хүн бүр дурсамжаа өөр өөрөөр санаж зурагладаг. Энэ ярилцлагыг, эсвэл номыг тань унших уншигчдад өөрсдийнхөө амьдралаас мартаж орхисон, магадгүй алсарчихсан ямар “агшин”-ыг эргэн олж хараасай гэж хүсэж байна вэ?
- Ганцаараа байсан үеэ л эргээд нэг хараасай гэж хэлэх юм болов уу. Би сэтгэл зүйч хүн биш л дээ, гэхдээ хүн ганцаараа байхдаа ер нь л маш олон мэдрэмжийг мэдэрч, туулж, нүүр тулахаасаа эмээдэг зүйлстэйгээ хүртэл тулгардаг шүү дээ. Хүн л болсон хойно ганцаараа байхаас, ганцаардахаас айх үе бишгүй. Ч.Бат-Уянга эгчийн “Ахуй” номын эхлэлд гардаг даа. “Дурсамж сөхөгдөх цаг ирдэг тул зугтах хэрэггүй” гээд. Тэр шиг, ганцаараа байсан ч, олуул байсан ч бүхий л цаг мөчид дурсамжаа бүтээж, дараа нь түүнийгээ санаж зураглах нь ойлгомжтой болохоор дурсамж руугаа, ганцаараа байсан үе рүүгээ өнгийхөөс битгий эмээгээсэй л гэж бодож байна.
Өдөр хоног өнгөрөх тусам биднийг хүрээлж буй хүмүүс, орчин, бид өөрсдөө ч өөрчлөгдөж байдаг боловч түүнийгээ ер анзаардаггүй. Зохиол дээр маань ч бас үүний тухай гардаг. Тоглоомын талбай, түр саатах саад байсан газар хүртэл нэг л мэдэхэд нүсэр барилга болчихсон, асар олон зүйл өрнөсөн, нэжгээд дурсамж үлдсэн газрууд маань аажмаар өөрчлөгдсөн байхыг харах жаахан гунигтай шүү дээ. Гэхдээ бид нарын явсан, очсон, зөрөөд өнгөрсөн газарт хүртэл өнцөг булан бүрд нь дурсамж шингэчихсэн байдаг. Юмс өөрчлөгддөг ч дурсамж бол үүрдийнх.
Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Цагаандалай
Гэрэл зургийг: Г.Ананд


