top of page

media for everyone

🏳️‍🌈 ПРАЙДААС ҮЛДСЭН НАНДИН ДУРСАМЖУУД

Aug 24
3 min read

Хэн байхаас үл хамааран хайрлаж, хайрлагдсан хором мөч бүр хязгааргүй их үнэ цэнийг өөртөө агуулдаг билээ. Зарим нь нандин дурсамж болон хадгалагдахад, зарим нь биднийг илүү зоригжуулж, жинхэнэ өөрийгөө олоход тусалдаг. Прайд бол яг л тийм амьд мэдрэмжийн цуглуулга.


Тэгвэл энэ удаа өөрсдийн ПРАЙД-тай холбоотой мартагдашгүй, нандин дурсамжаасаа хуваалцсан хүмүүсийн түүхийг хүргэж байна.


Транс хүний эрхийн активист, артист Дааръяа:

Анх оролцсон Прайдаас хойш өөртөө итгэх итгэл маань маш их нэмэгдсэн.



Прайд бол миний амьдралын маш том нэг хэсэг. Би Прайдтай бараг долоон жил тасралтгүй холбоотой байж, оролцож байна. Зарим жил Күийр театрт жүжигчнээр, зарим жил найруулагчаар, заримдаа Прайдын үдэшлэгт уран бүтээлч, артистын хувиар оролцож байсан.


Тэр дундаас 2024 оны Прайд миний сэтгэлд хамгийн тод үлдсэн. Театр, үдэшлэг, алхалт гээд Прайдын бүхий л үйл ажиллагаанд оролцож, хайртай хүмүүстэйгээ хамт Прайдыг тэмдэглэн өнгөрүүлсэн нь хамгийн үнэ цэнтэй дурсамж болсон. Ер нь жил бүрийн Прайд надад өөр өөрийн гэсэн сайхан дурсамж үлдээдэг ч хамгийн гол нь би энэ бүхнийг хайртай хүмүүс, хамт олон, ЛГБТИК+ олон нийттэйгээ хамт бүтээж, тэмдэглэж ирсэндээ баярладаг.


Харин Прайд өнгөрөх бүрд надад үлддэг хамгийн том өөрчлөлт бол өөртөө итгэх итгэл болон хариуцлагын мэдрэмж юм. Анх оролцсон Прайдаас хойш өөртөө итгэх итгэл маань маш их нэмэгдсэн. Дараа дараагийн жилүүдэд кампанит ажилд илүү идэвхтэй оролцож эхлэхийн хэрээр хүмүүс надад итгэл хүлээлгэж байгаа учраас алдаа гаргалгүй, илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэйгээ ойлгосон. Жил ирэх тусам би ЛГБТИК+ олон нийтийн дуу хоолойн нэг хэсэг болж, хамт олноо төлөөлж байгаа гэдгээ улам их мэдэрдэг болсон.


Өнөөдөр би өөрөөсөө илүүтэйгээр нийгэмдээ хэрхэн зөвөөр дуу хоолойгоо хүргэж, ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэгт илүү их анхаардаг болсон. Тиймээс тэр бүх дурсамж, мэдрэмжийг бодит хүн болгож төсөөлбөл өөртөө “Тийм ээ, Дааряа, чи чадчихлаа! Бас нэгэн Прайдыг маш амжилттайгаар дуусгаж, ЛГБТИК+ олон нийтдээ хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо нэгтгэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадлаа. Одоо дараа жилийн Прайд айсуй, ажилдаа ор доо 😍” гэж хэлмээр байна.


Эцэст нь, Happy Pride! Хайртай шүү, Дааряагаас нь. 😍


Сайн дурын ажилтан Tu*uu: Миний хувьд шинэ жил, цагаан сар, наадам гурав нэг дор тохиож байгаа юм шиг л санагддаг.



2018 онд анх удаагаа Прайдын алхалтаар алхаж үзсэн үе миний хувьд хамгийн тод үлдсэн дурсамж. Тэр үед 18 хүрээд удаагүй байсан бөгөөд маш их айж байлаа. Харин тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс маань “Зүгээр ээ, чи хүсэхгүй байвал алхахгүй байсан ч болно” гээд бүх зүйлийг надад тайлбарлаж, “Хамтдаа шүү” гэдгийг мэдрүүлж, ойлгуулсан. Тэр мөчөөс л би тайвширч, тэдэнтэйгээ хамт алхсан нь миний хувьд хамгийн гоё дурсамж болж үлдсэн.


Тэр үеийн мэдрэмжүүд бодит хүн байсан бол би түүнд “Чи үнэн азтай шүү. Ийм гоё зүйлийг үзэж, тэр мэдрэмжийг мэдэрч, айдсаа даван туулж чадсан байна. Ерөөсөө айгаад байх зүйл байхгүй юм байна шүү дээ” гэж хэлмээр байна. Учир нь тэр үеэс хойш би айхаа больсон юм.

Прайдаас өмнө би Прайд гэж юу болох, Тэгш эрх, бахархлын өдрүүд яагаад жил бүр зохион байгуулагддаг талаар бараг юу ч мэддэггүй байлаа. Харин өөрөө оролцож эхлээд, 2019 оноос сайн дурын ажил хийж, олон жилийн турш энэ орон зайд хамт байсны эцэст харахад Прайд надад яг л гэр бүл шиг минь дотно санагддаг болсон. Хүмүүс гэр бүлээрээ олон талаас ирж, уулзаж, хамтдаа баярлаж байгаа мэт. Миний хувьд шинэ жил, цагаан сар, наадам гурав нэг дор тохиож байгаа юм шиг л санагддаг.


Энэ бүхний үр дүнд гарсан хамгийн том өөрчлөлт бол өөрийнхөөрөө байж, аливаа зүйлийг олон талаас нь ойлгож сурсан явдал. Би мэдэхгүй зүйлээсээ болж айдаг байснаа ойлгож, өөрийгөө өөрөөр харж, өөртөө хандах хандлагаа өөрчилж, эцэст нь өөрийгөө уучилж сурсан. Ерөнхийдөө Прайд миний амьдралд маш том өөрчлөлт авчирч, намайг тэс өөр хүн болгосон гэж хэлж болно.


Одоо байгаа Прайд, ЛГБТ Төвийн энэ орон зай байгаагүй бол надад амьдрал нэлээд хэцүү байх байсан байх гэж боддог. Тиймээс миний хувьд Прайд гэдэг зүгээр нэг өдрүүд, бас үйл ажиллагаа биш. Харин айдсаа даван туулж, өөрийгөө таньж, өөрийнхөөрөө байж сурсан, бас өөрийн гэр бүлээ олсон орон зай юм.



Youth LEAD Mongolia ТББ-ын гүйцэтгэх захирал А.Анударь: Зүрхэнд үлдсэн тэр мөчөөс, өнөөдрийн Прайдыг бүтээлцсэн нь


Анх 2021 онд “Прайд парти”-д өөрийн биеэр очоод, тэнд анх удаагаа Монгол драгууд үзүүлбэр үзүүлж байхыг хараад нүднээс өөрийн эрхгүй нулимс гарч байж билээ. Тэр үед ЛГБТИК+ олон нийт, тэднийг холоос харж дэмждэг, нээлттэй амьдардаг хүмүүс, мөн нээлттэй бус ч зориод ирсэн олон хүнийг хараад сэтгэл их догдолж байсан.


Тэр мөчүүд зүрхэнд минь гүн шингэсэн болохоор таван жилийн дараа өөрөө “Прайд парти”-г зохион байгуулахад оролцоод явж байгаадаа маш их баяртай байна.



Хайртай хүмүүстэйгээ байх хором мөч бүрээ эрхэмлэж, хайр дүүрэн дурсамжуудыг хамтдаа бүтээцгээе. 
Happy Pride🌈

Нийтэлсэн: А.Ариунзаяа

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page