Д.Сүнжид | ЛГБТИК+ хүмүүсийн хувьд ялгаварлалгүй, аюулгүй байдлыг мэдэрч амьдрах нь тэгш эрхийн бодит хэмжүүр мөн

Тусдаа биш цугтаа уриан дор “Тэгш эрх, бахархалын өдрүүд” 14 дэх зохион байгуулагдаж байна. Энэ жилийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нээв. Тэрээр хүний эрхийн асуудлыг хамтдаа хэлэлцэж, ойлголцох орон зай бүрдэж буйг сайшааж байв. Түүний хэлсэн үгнээс хүний эрх, тэгш байдлын талаарх онцлох хэсгүүдийг хүргэе.
"Тэгш эрхийн тухай яриа зөвхөн тодорхой нэг бүлгийн асуудал биш. Хүн бүр өөр өөрийн онцлог, амьдралын хэв маяг, үзэл бодолтой. Гэсэн хэдий ч хэдийн тогтсон нийтлэг хэм хэмжээ, олонхийн ойлголт зэргээс улбаалж ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд хүндрэл учрах тохиолдол бий. Тиймээс цөөнхийн бүлгийнхэн өдөр тутамдаа үл ойлголцол, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилтэй тулгарах нь өнөөдөр ч бүрэн арилаагүй байна.

Монгол улсад хүний эрхийн хамгааллын тогтолцоо сүүлийн жилүүдэд сайжирч, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдэлтэй үйлдлийг эрх зүйн хүрээнд авч үзэх болсон нь чухал ахиц. Гэвч хууль эрх зүйн орчин сайжрахаас гадна түүний хэрэгжилт, төрийн болон нийтийн үйлчилгээний хүртээмж, өдөр тутмын харилцаанд хүний эрхийг хүндэтгэх хандлага мөн чухал хэвээр л байна.
Ялангуяа ЛГБТИК+ хүмүүсийн хувьд тэдний эрхийн хамгаалалт зөвхөн хуульд тусгагдахаар зогсохгүй, төрийн байгууллагын үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх, олон нийтийн орчинд ялгавлалгүйгээр оролцох, аюулгүй байдлаа мэдэрч амьдрах боломж нь тэгш эрхийн бодит хэмжүүр мөн.

Нөгөөтэйгүүр нийгмийн хандлага ч эерэгээр өөрчлөгдөж байна. Тэр дундаа залуу үеийнхэн дунд. Залуу үеийнхэний хүний эрхийн мэдрэмж эерэг, өндөр байна. Гэсэн хэдий ч хүний эрхийн асуудал гэдэг нэг удаа шийдэхэд дуусах асуудал биш. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр шинэ асуудал, шинэ сорилт гарч ирнэ. Тиймээс тэгш эрх, ялгаварлан гадуурхалтын эсрэг ойлголтыг тасралтгүй ярьж, боловсрол бодлого, өдөр тутмын харилцаагаар дамжуулан төлөвшүүлэх шаардлагатай.
Эцсийн дүндээ ялгаатай байдлыг зөвшөөрнө гэдэг нь бусдыг өөрчлөх тухай биш, харин хүн бүр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай юм.


