Тэгш эрх, бахархлын өдрүүд нийгэмд яагаад чухал вэ?

Өөрийнхөө ямар нэг зүйлийг бусдаас далдлан нууж байж л аюулгүй мэдрэмж төрдөг үе хүн бүрд бий. Үүнийг мэдрэхийн тулд та заавал ЛГБТИК+ байх албагүй юм. Бие махбодынхоо аль нэг хэсгийг, чин хүсэл сонирхол, сэтгэл зүйн эрүүл мэнд, дадал зуршил, хувцаслалт, нийгмийн статус гээд бусдаас далдхан нууж явдаг зүйлс бишгүй. Бие биетэйгээ адилхан байхыг шаардаж, өөрийнхөөрөө байхыг гэм гэж үздэг нийгмийн хүлээсийг ойлгохын тулд та заавал ижил хүйстэн юм уу транс хүн байх шаардлагагүй.
Харин ЛГБТИК+ олон нийт өдөр тутамдаа, алхам бүрдээ үүнийг мэдэрдэг. Ажил, сургууль дээрээ, олон нийтийн дунд яаж биеэ авч явах, эмчид үзүүлэхдээ хэрхэн өөрийгөө ойлгуулах, гэр бүлдээ болон хайртай хүмүүстээ яаж хүлээн зөвшөөрөгдөх гэхчлэн эмзэг асуултууд дагаж байдаг. Өөрийнхөөрөө байж болох эсэхтээ эргэлзэж өрөө бүрийн уур амьсгалыг шалгаж явдаг. Ийн үргэлж мөнхийн тооцоолол дунд аюулгүй байдлыг эрж хайн амьдрах нь бие, сэтгэлийг туйлдуулдаг хүчин зүйл юм.
Энэ бүхэн ердийн өдөр тутмын бэрхшээлүүд гэхээсээ илүү өргөн утгаараа нийгмийн нэг хэсэг байх, хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн бие, сэтгэл болон нийгмийн хүрээлэл дотроо тухтай, аюулгүй байх тухай асуудал юм. Энэ бол өөр өөрийнхөөрөө хүндлэгдэн зөвшөөрөгдөх хүний суурь эрх билээ. Түүнчлэн энэ бол зөвхөн ЛГБТИК+ олон нийтийн асуудал бус ХҮНИЙ ЭРХИЙН асуудал юм.
Учир нь бидний нийгмийн аль нэг бүлэг бусдадаа сонсогдох, ойлгогдох, үнэлэгдэх зэрэг хүнд төрөлхөөс заяасан эрхэм чанарыг олж авахын тулд тэмцэх шаардлагатай юм бол нийгэмд ямар нэг зүйл буруу байна. Хэрэв бидний зарим нь өөрийгөө нээлттэйгээр илэрхийлж, эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байгаа бол энэ нь бидний хэн нь ч өөрийн дотроо тухтай байж чадахгүйн тод илрэл.
Тиймээс тэгш эрх, бахархлын өдрүүд бол бидэнд эдгэрэл, хүлээн зөвшөөрөл бол зөвхөн хувь хүний асуудал биш гэдгийг сануулдаг өдрүүд юм. Ээлтэй, энэрэнгүй, дэмжлэг дүүрэн нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулах сар. Энэ бол зөвхөн ЛГБТИК+ олон нийтийн хувьд бус энэрэнгүй нийгмийг цогцлоож, эрхам чанар дүүрэн амьдрах хүсэлтэй хүн бүрийн хувьд чухал хөдөлгөөн юм шүү.
Нийтлэгч: Ж.Мөнхзул
Зураг: Сунико (Б.Долгорсүрэн)




