top of page

media for everyone

ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮДИЙГ ДЭМЖИХ ТАВАН АЛХАМ

Aug 15
3 min read

Монголын Тэгш эрх, бахархлын өдрүүд эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ бол хэн нэгэнд давуу эрх олгох тухай бус, харин хүн бүр ялгаварлан гадуурхалт, айдасгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэйг сануулж, эрх тэгш байдлын үнэ цэнийг нийгэмдээ хамтдаа бүтээх өдрүүд юм.

Хүн бүр хэн байхаасаа үл хамааран аюулгүй, хүндлэлтэй орчинд амьдрах эрхтэй бөгөөд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон хүйсийн ялгаатай байдал таныг хэн нэгнээс илүү эсвэл дутуу болгохгүй. Тиймээс "Тэгш эрх, бахархлын өдрүүд" яагаад чухал болохыг хамтдаа эргэцүүлж, илүү хүртээмжтэй, хүнлэг нийгмийг бүтээхэд тус болохуйц 5 алхмыг зөвлөж байна.


1. Хэвшмэл ойлголтыг мэдлэгээрээ сийрүүлэх нь

Бид мэдэхгүй байгаа зүйлээсээ айж, эргэлзэж эсвэл буруу ойлголттой байх тохиолдол бишгүй. Мөн баттай бус эх сурвалж, худал мэдээлэл зэрэг зүйлсээс болоод ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, өрөөсгөл хандах тохиолдлууд өнөөгийн нийгэмд олон байгаа нь харамсалтай.

Мэдээж хэрэг, хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, дахин давтагдашгүй онцгой ертөнцтэй. Гэхдээ өөр үзэл бодол, хандлагатай байх нь бусдын нэр хүнд, амьдрах хэв маяг, хүн байхын үнэ цэнийг үл хүндэтгэх шалтгаан хэзээ ч болох ёсгүй. Иймдээ ч бид бүх зүйлтэй санал нийлэх албагүй хэдий ч хүнийг хүн гэдгээр нь хүндэтгэх сонголтыг үргэлж хийж чадна шүү дээ. Тиймээс ямар нэг зүйл ойлгомжгүй эсвэл эргэлзээтэй санагдвал таамаг дэвшүүлэхийн оронд судалж унших, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, асууж тодруулах эрмэлзэлтэй байхыг  хичээгээрэй.



2. Чимээгүй байх нь төвийг сахисан хэрэг биш

Хэн нэгнийг дээрэлхэж байхад чимээгүй үлдэх нь хүчирхийллийн талд зогсож буйтай адил.
                - Эли Визел (Нобелийн Энх тайвны шагналт)

Хүн төрөлхтөн бид бүгд хомосапиенс гэх биологийн нэгэн төрөл зүйлд багтдаг ч хүн бүр өөрийн гэсэн дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, үзэл бодолтой. Энэхүү олон талт байдал нь гэнэт бий болсон зүйл огт биш, харин ч хүмүүний оршихуйн үндэс суурь юм. Тиймээс бид энэ ялгаатай байдлыг зөрчилдөх шалтгаан гэж харалгүйгээр харилцан ойлголцож, бие биеэ хүндэтгэх эрхэм зүйл гэж харах учиртай. Бусдаас өөр байх, өөр бэлгийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, байр суурь, үзэл бодлоо эерэгээр илэрхийлэх нь энгийн атлаа үнэ цэнтэй дэмжлэгийн хэлбэр билээ. "Далайд дусал нэмэр" гэдэг шиг таны хэлсэн ганцхан үг, дэмжлэгүүд ЛГБТИК+ хүмүүст нийгэм бүхэлдээ та нарын эсрэг биш шүү гэсэн итгэл, мөн аюулгүй мэдрэмжийг төрүүлж чадна. Чухамдаа жинхэнэ өөрчлөлт хэн нэгэн ганцаараа бүхнийг өөрчлөхийг хэлдэггүй бөгөөд олон хүний дуу хоолой нэг зорилгын төлөө нэгдэх үед эхэлдэг. Тиймээс бие биеэ хүндэтгэж, бусдаас хараат бус өөрөөрөө байх эрхтэй ардчилсан нийгмийг бүтээхэд таны дуу хоолой хамгийн чухал нь юм шүү.



3. Хүндлэл нь цаг хугацаагаар үл хязгаарлагдана

Дэлхийн даяар айдас, түгшүүргүйгээр өөрийнхөөрөө амьдрах нь цаг хугацаагаар хэмжигдэх зүйл бус, харин өдөр бүр хамгаалагдаж, цаг үргэлж эдлэх ёстой хүний суурь эрх, үнэт зүйл гэдэг нь хэзээ ч өөрчлөгдөхгүй туйлын үнэн учраас хүндлэл, ойлголцол, ардчилалд ямар ч цаг хугацааны хязгаар үгүй билээ.



ЛГБТИК+ хүмүүс бусдын л адил хайрлаж, дурлаж, гэр бүл зохиож, ирээдүйгээ бүтээхийн төлөө хөдөлмөрлөж хичээж яваа хүмүүс. Тэд хэн нэгнээс илт давуу эрх бус харин хүн гэдэг утгаараа ялгаварлалгүй, аюулгүй орчинд нийгмийн бүрэн эрхт иргэний хувиар амьдрах эрх чөлөөг л тэд хүсэж буй.


4. Бурмаар тэтгэхээр Урмаар тэтгэ


Бид оюун ухаант хүмүүс ч гэсэн угтаа сэтгэлийн амьтад шүү дээ. Зарим үед хэн нэгний хэлсэн ганцхан үг хүртэл саарал өдрийг гэрэлтүүлэх гэгээ болж, тэр ч бүү хэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чаддаг нь гайхамшигтай.


Тэгвэл энэ Прайдын үеэр хэн нэгний өдөрт жаахан ч гэсэн гэрэл нэмээд үзвэл ямар вэ?

Та өөрийн гараар халуун дулаан урмын үгсээр захидал бичиж, таних эсэхээс үл харгалзан бусад хүмүүст бэлэглээрэй. "Таны инээмсэглэл өнөөдрийг гэрэлтүүлж байна", "Та байгаагаараа дэндүү үзэсгэлэнтэй" гэх зэрэг энгийн атлаа эгэлгүй үгс хэн нэгний хувьд яг сонсох хэрэгтэй байсан үг нь ч байж мэднэ. Тиймээс эдгээр өдрүүдэд оролцохоос гадна бие биедээ хайрыг түгээцгээе.



5. Илүү ойроос мэдрэх нь

Цахим орчноос мэдээлэл авах нь ойлголтыг нэмэгдүүлэх хэдий ч, бодит орчноос туршлага хуримтлуулж, хүмүүсийн түүх, мэдрэмж, хүсэл эрмэлзлийг ойроос мэдрэх нь урьд өмнө анзаарч байгаагүй шинэ өнцгийг нээж, илүү гүн ойлголтыг өгдөг. Тиймээс энэ жилийн Тэгш эрх, бахархлын өдрүүдэд хүрэлцэн ирж, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж буй ЛГБТИК+ хүмүүсийн мэдрэмж, түүнийгээ урлагаар дамжуулан илэрхийлсэн бүтээлүүдтэй танилцаарай.


Хүн бүр өөр өөрийн гэсэн өнгө төрх, оршихуйн ертөнцтэй. Харин тэр бүх ялгаатай байдлаас үл хамааран эвлэлдэн нэгдэж чаддаг нийгэм л жинхэнэ утгаараа эрх тэгш, хүнлэг нийгэм болж чадна. 

Тэгш эрх, бахархлын өдрүүдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос хүлээн авна уу. https://pridemongolia.netlify.app/


Нийтэлсэн: А.Ариунзаяа

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page