“Тэгш эрхийн төлөөх алхалт-2026” боллоо
Updated: Sep 1

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Тэгш эрхийн төлөөх алхалт” наймдугаар сарын 29-нд боллоо.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд аяныг “ЛГБТ Төв”, Trans For Unity, Youth LEAD MNG, Marriage Equality Coalition зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
“Тэгш эрхийн төлөөх алхалт” нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээс үл хамааран хүн бүр ялгаварлан гадуурхалтаас ангид, эрх тэгш амьдрах эрхтэйг олон нийтэд таниулах, ЛГБТИК+ хүмүүсийн хүний эрхийг хамгаалахыг уриалсан нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэ жилийн алхалтад анх удаа drag queen уран бүтээлч зочлон оролцож, оролцогчидтой хамт алхсан байна. Мөн Trans For Unity байгууллагаас оролцогчдод зориулан кофе шоп ажиллуулж, арга хэмжээний үеэр үйлчилжээ.
“Тэгш эрхийн төлөөх алхалт” Монгол Улсад анх 2014 онд зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед Сүхбаатарын талбайд 15 орчим хүн оролцож байжээ. Оролцогчид “ЛГБТ эрх бол хүний эрх” гэсэн байр суурийг илэрхийлэн алхсан нь Монголын ЛГБТИК+ эрхийн хөдөлгөөний олон нийтэд ил болсон чухал үйл явдлуудын нэг болсон байна.
Алхалт 2018 оноос хойш захиргааны болон бусад хүндрэлтэй тулгарч байсан ч 2024 онд “ЛГБТ Төв”-д Чингисийн талбайд “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг зохион байгуулах боломж олдож, 2025 онд мөн алхалт амжилттай зохион байгуулагдсан юм.
Энэ жилийн алхалт нь мөн л хүн бүрийн эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах эрхийг дэмжсэн оролцогчдын дуу хоолойг нэгтгэсэн арга хэмжээ боллоо.


