13 дахь удаагийн “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмын шилдэг бүтээлүүд шалгарлаа
Updated: 7 days ago

“Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ олон улсын кино наадам 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Анх дотоодын хүрээнд зохион байгуулагддаг жижиг хэмжээний кино наадам байсан бол гурван жилийн өмнөөс олон улсын хэмжээнд өргөжсөн байна.
Энэ жилийн наадамд дэлхийн 36 орноос нийт 78 бүтээл ирснээс гадаадын найм, дотоодын дөрвөн бүтээл шилдэг бүтээлээр шалгарчээ. Шалгарсан бүтээлүүдийг наймдугаар сарын 30-нд “Prime Cineplex” кино театрт үзэгчдэд өргөн дэлгэцээр толилуулсан.
Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд кино найруулагч П.Золжаргал, ЛГБТИК+ төвийн захирал Э.Энхмаа, БНХАУ-ын кино найруулагч Сяогон Вэй, медиа судлаач Д.Эрдэнэбүрэн, Филиппиний кино уран бүтээлч Родина Син нар ажиллажээ.

Кино наадмыг “Пипл ин Нийд” (People in Need) олон улсын төрийн бус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Tricia Turbold нээж үг хэллээ. Тэрээр “Хоёр хүүгийн ээжийн хувьд хүний эрх, нийгмийн асуудал миний хувьд тун чухал сэдвүүдийн нэг. Хэн нэгнийг хайрласныхаа төлөө, өөрийн хэн гэдгээсээ шалтгаалан хэн ч ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй” хэмээн онцоллоо.
Гадаадын шилдэг найман бүтээлээс “Narmook” тэргүүллээ
Гадаадын хэсгээс нийт найман бүтээл шилдэгээр шалгарсан. Ираны “Italiano”, Польшийн “Two Boys & Giraffe”, Хятад, Малайз, Швейцарийн хамтарсан “Showtime”, Аргентины “Endless January Sky”, Канадын “Galatea”, “Greenhorn”, АНУ-ын “Our Bodies Ours”, Ираны “Narmook” кинонууд шилдэг бүтээлээр нэрлэгдээд байсан билээ.

Энэ жилийн гадаадын бүтээлүүдэд амьдралын бодит туршлага, сэтгэл зүйн зөрчил, хүний дотоод мэдрэмжийг уран дүрслэл, нарийн зураглалтай хослуулан өгүүлсэн бүтээлүүд багтжээ. Харин эдгээр найман бүтээлээс “Narmook” — Иран кино наадмын шилдэг бүтээлээр шалгарав.
Тус кинонд Ойрх Дорнодын нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, хүйсийн талаарх хэвшмэл ойлголт, мухар сүсэг, нэр төрийг эрхэмлэдэг соёлын хатуу хэм хэмжээг хүний хувь тавилангаар дамжуулан дүрсэлжээ. Эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдээс илүү эрхэмд үздэг нийгэмд өөрийгөө эрэгтэй хүүхэд мэт мэдэрдэг охин хэрхэн амьдрах бол? Мөн нийгмийн тогтсон хүлээлт, гэр бүлийн нэр хүнд, өөрийн хүсэл хоёрын дунд тэр хэрхэн сонголт хийх вэ? Эдгээр асуултыг хөндсөн “Narmook” нь үзэгчдэд зөвхөн нэг хүний түүхийг өгүүлэхээс гадна хүйс, эрх мэдэл, нийгмийн хүлээлтийн талаар эргэцүүлэх орон зайг үлдээх бүтээл болжээ.
Монголын уралдаант хэсгээс “Blue Parachute” буюу “Цэнхэр шүхэр”, “Violet”, “Countryside Boy”, “Цагаан өрөө” гэсэн дөрвөн бүтээл шилдэгээр шалгарсан байна.
“Blue Parachute” буюу “Цэнхэр шүхэр”
Бямбын Ринчен гуайн “Шүхэрч Буниа” зохиолыг мэдэхгүй монгол сурагч цөөн биз ээ. ЕБС-ийн уран зохиолын хичээлийн сурах бичигт багтсан тус бүтээл нь нисэхийг хүссэн Буниа хүүгийн тухай өгүүлдэг. Харин “Цэнхэр шүхэр” богино хэмжээний кино нь энэхүү зохиолыг санагдуулам дүрслэлээр үзэгчдийг Буниа хүүгийн ертөнцөд аваачна. Шувуу шиг далавчтай болж, гэр лүүгээ нисэн харихыг хүсэх хүүгийн мөрөөдөл, төсөөллийг тус бүтээлээр дамжуулан үзэх боломжтой.
“Countryside Boy” буюу “Хуучин хүү”

Нүүдлийн соёл, мал аж ахуй бол монголчуудын олон зууны турш өвлөн ирсэн үнэт өвийн нэг. Бид хэдэн зууны турш мал аж ахуйгаа түшиглэн амьдарч ирсэн ард түмэн. Тийм ч учраас “Мал дагавал ам тостоно” хэмээх зүйр үг хүртэл бий. Харин өнөө цагт хөдөө нутагт залуус хэр их үлдэж байна вэ? Сүүлийн жилүүдэд малчдын дунд “Хүүхдээ хот бараадуулж, эрдэм боловсролтой хүн болгоно” гэсэн хандлага ажиглагдах болсон. Харин “Хуучин хүү” кинонд үүний эсрэг дүр зураг гарна.
Ах, эгч нарыг нь хот руу явуулсан ч айлын отгон хүүг малчин болгохоор шийдэж, бага насанд нь сургуулиас гаргана. Хүүхдийнхээ ирээдүйг аль хэдийн шийдчихсэн атлаа “Одоо ч хүний хөгжлөөс хоцроо байлгүй дээ” хэмээн хэлэх аавынх нь үг нэгийг бодогдуулна.“Мал дагавал ам тостоно” гэх уламжлалт ойлголт өнөө цагт хэрхэн өөр утгатай болж байгааг тус бүтээл хөнджээ. Хөдөө нутгийн амьдрал, гэр бүлийн сонголт, хүүхдийн хүсэл мөрөөдлийн дунд үлдэх ганцаардал, орхигдсон, тусгаарлагдсан мэдрэмжийг “Хуучин хүү” киноноос мэдрэх боломжтой.
“Цагаан өрөө”
“Гэрэл байгаа газар сүүдэр бий” гэх үг энэ бүтээлийг үзсэний дараа хамгийн тод санагдана. “Цагаан өрөө” кинонд нийгмийн цөөнхийн төлөөлөл хэрхэн бие биедээ түшиг болж, нэг нэгнээ ойлгон хүлээн авч буйг харуулахын зэрэгцээ гадуурхалт, айдас, нийгмийн дарамтын дунд хэрхэн амьдарч буйг өгүүлжээ.
“Violet”

“Цэнхэр тэнгэрийн цаана” олон улсын кино наадмын шилдэг бүтээл “Violet” киног хүлээн авна уу. Тус бүтээлд бага наснаасаа өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрч ирсэн Тэмүүлэн хүүгийн тайзан дээр гарах хүртэлх замналыг өгүүлдэг. Түүний өөрийгөө таньж мэдэх, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, тайзан дээр өөрийнхөөрөө байхыг зорих үйл явдлаар дамжуулан хүний дотоод ертөнцийг харуулжээ.
Өөр өөр түүх, өөр өөр дүр, өөр өөр ертөнц. Гэхдээ эдгээр бүтээлийн цаана нэг л зүйл бий. Тэр нь өөрөөрөө байх, ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл. Энэ жилийн “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам эдгээр түүхийг үзэгчдэд хүргэж, бидний мэдэхгүй нэгний ертөнцийг ойлгох цонх болж чадлаа.


