Гэр бүлийн тухай хуулийн төсөлд ижил хүйсийн хосуудыг ялгаварласан заалт нэмэгджээ
- Tseveenravdan Tsogbat
- Nov 20
- 1 min read

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ижил хүйсийн хосуудыг гэрлэх эрхээс шууд хассан заалт орж ирлээ.
Тус хууль анх 1973 онд батлагдаж, 1999 онд нэг удаа шинэчлэгдсэн бөгөөд 2022 оноос эхлэн дахин шинэчлэх асуудал хэлэлцэгдэж ирсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн Баасан гарагт шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьжээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын “Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн хүрээнд 2025 онд УИХ-д өргөн мэдүүлэх үүргийн дагуу хийгдсэн боловч хуулийн төслийн агуулга хүний эрхийн суурь зарчмаас ухарсан харагдаж байна. Учир нь тус хуулийн төслийн 8.1.6-д “гэрлэхэд ижил хүйсийн байх харшилна” хэмээх заалт оржээ.
Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “ялгаварлан гадуурхаж үл болно”, “хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ Монгол Улсын соёрхон баталсан, дагаар орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйд хүргэж болзошгүй байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ижил хүйсийн хосуудын талаар ямар нэгэн эерэг эсхүл сөрөг эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин шинэхэн өргөн барьсан хуулийн төсөлд ижил хүйсийн хосуудын эрхийг илтээр хязгаарласан заалт орж ирсэн нь хүний эрхийн салбарт томоохон ухралт болоод байна.
Нийтэлсэн: Ц.Цэвээнравдан

