ЛГБТИК+ хүмүүсийн "кам аут" хийсэн тухай 10 түүх
- Aug 19, 2024
- 8 min read

Хэвшмэл ойлголтоос болж нийгмээс гадуурхагдах вий гэсэн айдастай ЛГБТИК+ хүмүүсийн хувьд өөрийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг өөртөө болон бусад хайртай дотнын хүмүүст кам аут хийхэд их зориг шаарддаг. Энэ удаагийн түүхүүдээр ЛГБТИК+ хүмүүсийн хэрхэн өөртөө болон бусдад өөрийн бэлгийн чиг баримжааг илэрхийлсэн 10 түүхийг хүргэж байна.

* "Кам аут" гэдэг нь ЛГБТИК+ хүмүүсийн хувьд өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх, мөн хайртай дотнын хүндээ энэ тухайгаа мэдэгдэх, илэрхийлэхийг хэлдэг.
1. ЧАМАЙГ ХЭЛЭХИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙЛАА
Нэрээ нууцалсан, 22 настай, эмэгтэй

Би лесбиян эмэгтэй. Гаднах хувцаслалт стиллийн хувьд эрэгтэйлэг хувцаслах дуртай. Бусдад анх кам аут буюу өөрийн бэлгийн чиг баримжааг илэрхийлэхдээ их айсан. Тэгээд нэг өдөр найзууддаа хэлэхээр шийдээд хэлтэл манай найзууд “Бид нар бүгдээрээ гадарлаж, мэдэж байсан, чамайг хэлэхийг хүлээж байлаа” гээд “мангар” гоё хүлээж авсан. Тэгээд одоо хүртэл дэмжээд хажууд байж байдаг. Бүх зүйл дээр лесбиян гээд дөвийлгөж харьцаад байдаггүй, байгаагаар минь хүлээж авсанд нь талархдаг даа. Нээх хөөрхөн, хөгжилтэй түүх биш гэхдээ энэ хувилбар нь надад таалагддаг. /инээв/
2. АНХ ТЭР НЭГ ОХИНЫГ ХАРААД УХААНГҮЙ ДУРЛАСАН
Хэрлэн, 24 настай, эмэгтэй

Анх тэр нэг охиныг хараад ухаангүй дурласан. Хэн ч юу ч гэж хэлсэн сонсохгүй болтлоо дурлалдаа шатаж, үерхсэн. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрт төрж байгаа зүйлс “үнэн” гэдгийг мэдрэх бүрд хүмүүст энэ тухайгаа зарлаж, түүнийгээ эрх чөлөөтэй хайрлахыг хүссэн. Тэгээд л хамгийн түрүүнд найзууддаа кам аут хийсэн. Ингэхдээ үгийн зөрүүгүй найз охиноо нэг бүрчлэн танилцуулаад л, “Би ижил хүйстнээ сонирхдог, одоо надтай найзлах, намайг ойлгох эсэхээ өөрсдөө шийд” гээд л орхисон. Хамгийн гайхмаар нь манай найзуудаас хэн нь ч надтай найзлахаас татгалзаагүйгээс гадна намайг өөрөөрөө байгаад минь бахархаж, улам их хайрлаж буйгаа илэрхийлсэн.
Үүний дараа хамгийн чухал нь гэр бүлийнхэндээ хэлэх байсан. Эргэн тойрон, найз нөхдөдөө өөрийгөө илэрхийлснээс хойш гэрийнхэн миний тухай мэдэх нь цаг хугацааны л асуудал болсон. Тэгээд нэг өдөр төрсөн эгчдээ хэлэхээр шийдээд юу л болбол болог гэж бодсон. Тийм болохоор тусдаа амьдрах зардал, хувцас хунараа бүгдийг нь бэлдсэн. Хөөгдөж гарвал тэр чигтээ ганцаараа амьдрах хэрэг гарна шүү дээ, муу зүйлд илүү бэлтгэлтэй байсан юм. Эгчдээ хэлэхдээ шууд өөрийгөө ижил хүйсийн хүнтэйгээ үерхдэг, түүнд хайртай, огт буруу зүйл гэж бодохгүй байгаагаа, өөрийнхөө мэдрэмжийг нэг бүрчлэн тайлбарлаж, “Хэрвээ намайг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол тээхгүйгээр гэрээсээ хөөгдөхөд бэлэн” гэдгээ хэлсэн. Үүний дараа эгч хэсэг дуугүй байснаа “Чиний сонгох амьдрал шүү дээ. Ээж аавд битгий хэлээрэй. Санаа нь зовно. Мөн ижил хүйстэнтэйгээ гэрлэхээр шийдвэл хамтдаа гадагшаа гарч амьдарвал илүү дээр шүү” гэж захисан. Тэгээд эгч юу ч болоогүй юм шиг надтай өөр зүйлсийн талаар яриад байсан. Миний сэтгэл онгойгоод л тэр шөнө дөө сэтгэл амраад юм бодолгүй өнгөрсөн. Гэтэл тэр шөнө эгч маань шөнөжингөө сэтгэлээр унаж, интернетээр ЛГБТИК+ хүмүүсийн талаар судалж хоносон байгаа юм. Тэгээд миний зөвшөөрөлгүйгээр өөр эгчид маань намайг ижил хүйстнээ сонирхдог, санаа зовж байгаагаа хэлтэл хариуд нь үнэн “супер” хариулт өгсөн байсан. Дунд эгч маань угаасаа эмч хүн болохоор “Угаасаа тийм хүмүүс байдаг ш дээ. Манай ангид ч бий. Юунд нь санаа зовдог юм. Зүгээр” гэж хэлсэн байгаа юм. Ингээд манай гэр бүлээс эгч нар маань хүлээн зөвшөөрч, цаашлаад найз танил гээд бүх хүмүүс маань намайг мэддэг болсон доо. Одоо уулзсан хүн бүрд өөрийгөө чөлөөтэйгөөр илэрхийлдэг. Хэн ч намайг гадуурхан жийрхэж байсан тохиолдол гараагүй.
3. СУГАЛАА ХОЖИЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЯРЛАСАН
Нэрээ нууцалсан, 23 настай, эрэгтэй

Хамгийн сайн эрэгтэй найздаа өөрийгөө “гей” гэдгээ хэлж чадахгүй, нууцалж явах хэцүү байсан. Тэр найзтайгаа өмнө нь ЛГБТИК+ хүмүүсийн талаар ердөөсөө ярилцаж байгаагүй, ямар бодолтойг нь ердөөсөө мэддэггүй байсан. Нэг өдөр зориг шулуудаад буу халж суухдаа хэлье гэж төлөвлөсөн ч амнаас гарч өгөхгүй сонин байсан. Тэгээд сүүлд нь “Найз залуутай болоод хүнтэй үерхэж байгаа” гээд хамт даруулсан зургаа үзүүлж кам аут хийхэд манай найз маш гоё нээлттэйгээр хүлээж авсан. Баярлаж, намайг тэврээд л. Бусад найзуудаас хамгийн гоё сэтгэл хөдлөлийг үзүүлсэн. Яг сугалаа хожиж байгаа юм шиг баярласан.
4. БИДНИЙГ ОЙЛГОДОГ ХҮМҮҮС БАЙДАГ ШҮҮ
Нэрээ нууцалсан, 27 настай, эрэгтэй

Яг одоогоос жилийн өмнө амьдралдаа анх удаа бахархалтай, сэтгэл уужруулсан шийдвэр гарган, найздаа гей гэдгээ хэлэхээр шийдсэн. Одоо тэр өдрийг бодоход энгийн л өдөр байсан санагдана. Найзтайгаа удаан уулзаагүй байж байгаад уулзахаар болсон юм. Манай найз эрэгтэй, тэгээд “Дон жуан” маягийн гар болохоор охид их ярьдаг, намайг эмэгтэй хүнтэй танилцуулах гээд их үзнэ. Нийлж караокедож явсан хүмүүс ч эхнээсээ тасраад харьчихсан. Бид хоёр дуудлагын жолооч дуудаад хүлээгээд сууж байхад манай найз байдгаараа л охид яриад л… Тэгсэн яагаад ч юм миний амнаас “Найз нь эрэгтэй хүнд татагддаг, сонирхдог” гээд өөрийн эрхгүй хэлчихсэн. Тэр үед манай хүний архи нь гарчихсан уу гэлтэй юу ч дуугарахгүй хэсэг машиндаа чимээгүй суусан. Бид хоёр юу ч дугараагүй сууж байтал найз маань гэнэт хоолойгоо засаад, чанга дуугаар “Чи тэгээд эртхэн хэлэхэд яадаг юм” гэж авдаг юм даа. Яагаад ч юм би тэрийг сонсоод уйлсан. Тэгж хүлээж авна гэж бодоогүй болохоор нэг л сэтгэл хөнгөрөөд хамаг өөртөө үүрч байсан аваад хаячих шиг санагдсан. Тэр өдрөөс хойш найзын минь амнаас “Найз залуутай юм уу, болсон юм уу?” гэдэг үг л их гардаг болсон доо. Тэгээд яахав, кам аут хийснээс хойш надтай бүр илүү дотно байх болсон, миний найз намайг орхиж яваагүйд найздаа хамгийн их баярладаг. Биднийг ойлгодог хүмүүс байдаг шүү гэдгийг дотроос минь мэдрүүлсэн юм даа миний найз.
5. ХЭРЭВ МАНАЙ НАЙЗ ЗАЛУУ БАГАХАН ХОМОФОБИК ЗАН ГАРГАСАН БОЛ ДАХИЖ УУЛЗАХГҮЙ БАЙСАН
Нэрээ нууцалсан, 30 настай, эмэгтэй

Би бисексуал эмэгтэй. Одоо найз залуутай. Анхны болзоо дээрээ өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүнд татагддагаа түүнд илэрхийлж, кам аут хийж байсан. Анхандаа намайг юу яриад байгаа юм болоо гээд ойлгоогүй байсан. Яагаад гэвэл би хэлэхдээ “Өмнө нь Tinder-ээр танилцсан нэг залууд бисексуал гэхэд надтай дахиж холбогдоогүй” гэж хэлэхдээ англиар “Bisexual” гэсэн юм. Тэрийг шууд англи үгийн дуудлагаар нь “Bye” гэж буруу сонсоод ойлгоогүй байсан юм байна лээ. /инээв/
Манай хүн Германд суралцаж байсан учраас ЛГБТИК+ хүмүүсийн талаар дажгүй ойлголттой байсан. Бид хоёр дараа нь манай ЛГБТИК+ найзуудтай цуг хоол идсэн юм. Тэгэхэд л анх удаагаа тийм олон ЛГБТИК+ хүмүүстэй хамт байсан гэсэн. Хэрэв манай найз залуу багахан хомофобик буюу ЛГБТИК+ хүмүүсийг үзэн ядсан, эрхийн хүндэлдэггүй зан гаргасан бол дахиж уулзахгүй байсан.
6. ДҮҮ НЬ ТАНЫ ТАЛД ҮРГЭЛЖ ЗОГСОНО
Нэрээ нууцалсан, 29 настай, эрэгтэй

Миний өмнөөс дүүд маань “кам аут” хийсэн тэр хүнд баярлалаа. Энэ тохиолдолд бол эхэндээ хэцүү санагдсан. Яагаад гэвэл миний хамгийн дотно үеэл дүү минь намайг гей гэдгийг найзаасаа мэдсэн байсан юм. Үеэл дүү маань багаасаа л миний гар дээр өссөн болохоор надтай их ойр байдаг хүүхэд. 21 нас хүрсэн хэдий ч надтай бүх зүйлээ сэтгэлээсээ ярилцаж, хуваалцаад, зөвлөгөө авдаг төрсөн ах дүү шиг минь үеэл юм. Хамгийн дотны хүмүүсийн минь нэг надаас биш өөр хүнээс намайг гей гэдгийг сонсох магадгүй түүнд хүндээр туссан байх. Нэг шөнө 12 цаг өнгөрөөд байж байтал дүүгээс дуудлага ирээд “Агаа та хаана байгаа юм, тантай ярилцах юм байна” гээд их тэвдсэн байдалтай залгав. Би их юм бодолгүй байгаа газраа хэлтэл таван минутын дотор машинтайгаа хүрч ирээд “Суучих агаа, ярих чухал юм байна” гээд хэлэв, би юм бодолгүй “Яасан юм болдоо, хэрэг төвөгт орсон юм болов уу, найз охиноосоо салчхав уу?” гээд түүний тухай олон юм бодож байтал “Агаа, би яг яаж асуухаа мэдэхгүй байна. Миний ам эвлэхгүй байна. Та манай найзыг таних уу?” гэж асуусан юм. Би тэр талаар сонсоод л гадарласан. Яг л миний бодож байсан шиг юм болж байна даа, магадгүй надад хаягдсан гомдлоо тэр хүн тээж байгаад миний талаар дүүд маань хэлж өшөөгөө авсан байх гэж боддог. Гэхдээ би гомдоогүй ээ, дүүдээ “Тийм” гэж ганцхан хариулт хэлсэн юм. Дүү маань тэрнээс хойш өчнөөн юм шалгааж “Хэзээнээс ийм байсан юм, яагаад найз охинтой олон жил байсан юм, танд хэцүү байсан уу, ирээдүйгээ бодож байна уу, гэрийнхэнд кам аут хийх үү” гэх мэтчилэн түмэн асуултаар булсан. Энэ бүх эцэс төгсгөлгүй асуулт, хариулт үүр цайтал дүү бид хоёрын дунд өрнөсөн. Ямартай ч дүү маань “Та миний хамгийн хайртай ах учраас таныг ойлгохыг хичээнэ. Та хэрвээ гэрийнхэнд кам аут хийвэл дүү нь таны талд үргэлж зогсоно” гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй уйлчихсан. Дүүгийнхээ өмнө магадгүй уул шиг нөмөрлөх ах нь гэнэт уйлахад дүү минь жоохон сандарсан байх. Гэхдээ тэр явдлаас хойш дахиж нэг ч удаа миний бэлгийн чиг баримжааны талаар яриагүй. Мөн урьдын адил харилцаатай хэвээрээ байгаа.
7. ӨӨРӨӨРӨӨ БАЙХ БОЛОМЖ БАГА ЮМ ШИГ САНАГДСАН
Нэрээ нууцалсан, 24 настай, эмэгтэй

Манай ажлын газрынхан их нээлттэй хүмүүс. Бүхий л сэдвээр хоорондоо үзэл бодлоо өдрийн цайны цагаар хоолны ширээний ард сонин хачин, хов жив, сонирхолтой яриаг хуваалцаж суудаг. Миний хувьд ажилд ороод удаагүй байхад манай ажлынхан ЛГБТИК+ хүмүүсийн талаар ярилцаж, зөв нэршил, хэрхэн дууддаг тухай хоорондоо ярилцаж байсан юм. Тэр үед “Ижил хүйсийн хүнд татагддаг гэдгээ хэлэхгүй бол дараа нь ийм нөхцөл бүрдэхгүй байх” гэж бодоод шууд л хэлсэн. Тэгэхэд манайхан “Угаасаа л энэ чинь маш энгийн зүйл учраас" хэмээн хэвийнээр хүлээн авч ойлгосон. Зөвлөж хэлэхэд, байнгын хүрээлэлдээ ЛГБТИК+ талаараа хэлэхгүй бол тухтай, өөрөөрөө байх боломж бага юм шиг санагдсан.
8. НЭЭЛТТЭЙ БАЙДАГ ОРОН ЗАЙ УРУУГАА ИХ ТЭМҮҮЛДЭГ
Нэрээ нууцалсан, 23 настай, эрэгтэй

Би ЛГБТИК+ олон нийтийн найзууд болон тэр хүрээллийн хүмүүстээ айх ичих зүйлгүй нээлттэйгээр өөрийгөө илэрхийлдэг. Эмэгтэйлэг хувцасладаг, эмэгтэйлэг зан чанартай болохоор хүмүүс угаасаа гадарлаад байдаг. Хэдэн жилийн өмнөөс ажиглаж байгаад хүний эрхийн мэдрэмжтэй, ээлтэй газар болгоноо өөрийгөө нээлттэйгээр гей гэдгээ хэлээд явахыг хичээдэг болсон. Гэсэн хэдий ч гэр бүл болон бага насны найзууддаа хэлэхээс айж, ичдэг. Урмыг нь хугалах вий дээ, итгэлийг алдах вий, буруу ойлголттойгоос болоод надаас зайгаа барьчих вий гэх мэтээс болоод нээлттэй байдаг орон зай уруугаа их тэмүүлж, тэнд их цагаа өнгөрүүлдэг дээ. Түүнээсээ болоод дотнын хүмүүс болох аав ээж дүү нартаа бага цаг зарцуулж байгаадаа өөртөө уур хүрдэг. Хэдэн жилийн өмнөөс гэр бүлийнхээ хүмүүсийг бэлдэж, ЛГБТИК+ хүмүүсийн талаар хааяа даа болов яриа өрнүүлж эхэлсэн. Удахгүй ойлголт сайтай болохоор нь өөрийгөө ижил хүйсийн хүнд татагддаг гэдгээ илэрхийлж, кам аут хийнэ гэж төлөвлөж байна.
9. ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗҮЙЛ БОЛ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ КАМ АУТ ХИЙХ
Нэрээ нууцалсан, 32 настай, эрэгтэй

Амьдралдаа олон хөөрхөн охидтой болзож байсан. Манай ажлынхан их нээлттэй, боловсрол өндөр хүмүүс байдаг. Олон төрлийн яриа өрнүүлэхэд их тохиромжтой газар л даа. Тэр дундаа би эсрэг шилэн хаалганд суудаг нас чацуу ганц бие залуутай яриа өрнүүлэхэд их сайхан байдаг байсан. Үргэлж инээмсэглэж явдаг, эерэг, дулаахан мэдрэмжийг өгдөг, түүнтэй л хамт баймаар байдаг байлаа. Хэтэрхий хуучинсаг би өөрийгөө эрэгтэй хүнд татагдаад байна гэдгээ мэдэхгүй явсан нь тэр байсан. Нэг өдөр ажлынхантайгаа гадуур сууж байтал, тэр маань надтай аминчхан яриа өрнүүлж өөрийнхөө хамгийн том нууцаа дэлгэсэн юм. Найз маань ч бас гей байсан. Үүний дараа бусад хүмүүс намайг ч бас гей гээд бодчих вий гэсэн айдсаасаа болоод түүнээс зайгаа барихаар шийдсэн юм. Ингэхдээ түүнийг гомдоож, муухайгаар доромжилсондоо одоо ч харамсдаг. Түүнээс зайгаа барихад сэтгэл нэг л хоосон, орой болгон зүрх өвддөг байсан. Хэсэг хугацааг өөртөө өгч, юу болоод байгааг ойлгохоор шийдээд гарч орж, наргиж цэнгэж хэсэгтээ л хөгжилтэй байв. Ингээд ч асуудал маань хэвээрээ байсан болохоор интернетээс ЛГБТИК+ хүмүүсийн талаар хайлт хийж өөртөө хариултыг олсон нь миний бэлгийн чиг баримжаа бисексуал буюу эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүнд татагддаг юм байна гэдгээ мэдсэн. Ингээд онлайнаар хүмүүстэй танилцаж бүр өөрийнхөө талаар олон мэдээлэл авсан. Эргээд бодох нь ээ, хамгийн хэцүү зүйл бол өөрөө өөртөө кам аут хийх юм байна гэдгийг мэдсэн. Би яагаад бусад шиг байж болохгүй юм бэ гэж өөрийгөө ч зөндөө хараасан. Эцэст нь энэ бол энгийн байдаг зүйл, орчлон хорвоо өнгө өнгөөр алагладаг, би түүний нэг өнгө гэдгийг ухаарсан. Одоо хүртэл ажлынхаа газрын залууд өөрийгөө эрэгтэй хүнд татагддаг гэдгийг хэлээгүй, уучлалт гуйгаагүй байгаа.
10. БУСАД ХҮМҮҮСИЙН ТҮҮХ САЙН САЙХАН, КИНО ШИГ АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛТЭЙ БАЙДАГ
Нэрээ нууцалсан, 21 настай, эмэгтэй
Өнгөрсөн жил 20 насныхаа төрсөн өдрөөр догдолж, баярласандаа болоод одоо л цаг нь гэж бодоод эцэг эхдээ лесбиян гэдгээ хэлчихсэн. Бусад хүмүүсийн түүхийг сонсоод байхад дандаа л сайн сайхан, кино шиг аз жаргалтай төгсгөлтэй байдаг болохоор намайг ч бас тэгж хүлээж авна гэж бодсон. Гэхдээ миний хувьд тийм байгаагүй ээ. Ээж маань уйлж, аав орилж хашхичаад эхэлсэн. Найзалж байгаа хүмүүсээс чинь боллоо, чи уг нь ийм хүүхэд биш, ургийн бичгээсээ хасна гэх мэтчилэн намайг айлгаж сүрдүүлж, гар хүрсэн. Ийм учраас би хэсэг хугацаанд хамаатны ах эгчийнхээр амьдарсан. Мэдээж хамаатнууд бүгд мэдсэн болохоор надад тухгүй байсан учраас тусдаа гарах шийдвэрийг гаргасан. Одоо хичээлийнхээ хажуугаар ажил хийж түрээс болон өөрийн хэрэгцээг хангадаг. Аав ээжтэйгээ эвлэрээгүй байгаа, айсаар байгаа. Тийм учраас бэлэн болохоороо л очно гэж боддог. Бусад хүүхдүүдэд хандаж зөвлөхөд, эрсдэлээ тооцоолж, үйлдэл хийгээрэй. Наад зах нь мөнгөө цуглуулаад, тэвчиж байгаад л биеэ даах хэмжээнд хүрэхээрээ өөрийгөө ЛГБТИК+ гэдгээ хэлээрэй гэж захья.


