top of page

ЛГБТИК+ хүмүүсийн талаар хүүхдэдээ ойлгуулахад туслах 11 анимэйшн бүтээл

Өмнө нь хаагдмал, хориотой гэгддэг байсан ЛГБТИК+ сэдэвт нэвтрүүлэг, кино, хөгжим сүүлийн жилүүдэд эрчимжиж, энэ талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлсээр байна. Бидний нийгэмд бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаараа өөр хоорондоо ялгаатай хүмүүс нэг дор аж төрдөг. Энэ хүмүүсийн талаар мэдэж, ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслах анимэйшн бүтээлүүдийг онцолж байна. Нэн ялангуяа өөрийгөө танин мэдэх хөгжлийн насан дээрээ явж буй хүүхдүүдэд мэдлэг түгээх, аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд тусална гэж итгэлээ. 

Сонирхуулахад, нийтлэл дэх стрийминг платформуудын нэр дээр дарж доорх цувралуудыг үзэх боломжтой шүү. 


Sailor Moon 



1991-1997 оны хооронд дэлгэцнээ гарсан “Sailor Moon” анимэйшн нийт 60 ангитай. Тус бүтээлд күийр буюу ЛГБТИК+ дүр хийж, лесбиан хосуудыг илэрхийлсэн байдаг. Гэхдээ англи хэлээр гаргасан хувилбарт хос хоёрыг эгч дүүс болгон өөрчилсөн байдаг. 

Adventure Time 



Финн, Жэйк хоёрын адал явдлыг өгүүлэх “Adventure Time” анимэйшн 2010-2018 оны үзэгчдийн хүртээл болсон. Цувралын туршид гүнж Баббльгам, цус сорогч гүнж Марселиний нэгнээ гэсэн сэтгэл хөдлөл мэдрэгддэг бөгөөд сүүлийн бүлэгт гол дүрүүд үнсэлцсэнээр үүнийг баталдаг байна. 


The Legend of Korra 



Nickelodeon компанийн “The Legend of Korra” дөрвөн бүлэгт анимэйшн 2012-2014 онд бүтсэн. Цувралын гол дүр Корра бисексуал (ижил болон эсрэг хүйстнийхээ аль алинд нь татагддаг) бэлгийн чиг баримжаатай юм. Цувралд тэрбээр өөрийн хайртай бүсгүй Асами Сатотой хамт амьдардгаар дүрслэгдсэн нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байв. 


Steven Universe



Харь гарагийн дайчдын тухай өгүүлэх “Steven Universe” цувралыг 2013-2019 онд хийсэн. Эл бүтээлд Рюби, Саффир гэх күийр хос, нонбайнари (nonbinary) буюу аливаа хүйсэнд харьяалагдах хүсэлгүй Стивонние нарын тухай гардаг. Тус анимэйшнд күийр дүрүүдийг баатраар илэрхийлсэн нь олон хүнд урам зориг өгчээ. 


OK K.O! Let’s be heroes



“Steven Universe” анимэйшний зохиолч Ребека Сугарын нөхөр Иан Жонс-Кварти 2017-2019 онд олны хүртээл болсон “OK K.O! Let’s be heroes” цувралыг бүтээжээ. Цувралын эсрэг болон эерэг талын гол дүрүүдийн аль аль нь күийр байдлаар дүрслэгджээ. Мөн эндээс Лорд Боксмэн болон профессор Веномус, Энид ба Улаан Ашн гэсэн хосуудын харилцааг үзэж болно. 


The Load House



“The Load House” бол гей хосуудын гэрлэлтийг харуулсан анхны анимэйшн гэж хэлж болно. 2016 оноос гарч эхэлсэн энэ анимэйшнд Ховард Макбрайд болон Харолд Макбрайд хоёрын хайр сэтгэл, харилцааны талаар өгүүлдэг. 


Danger & Eggs



Бэлгийн чиг баримжаагаа хараахан хүлээн зөвшөөрч амжаагүй байгаа үзэгчдэд энэ цуврал таалагдах нь гарцаагүй. Тус анимэйшнд транс-охин Задигийн амьдралыг харуулдаг бөгөөд 2017 онд 13 анги бүхий эхний бүлгээ гаргаснаас хойш дахин шинэ бүлэг бүтээгээгүй байна. 


Shera and Princesses of Power




“Shera and Princesses of Power” цуврал 2018-2020 оны хооронд олны хүртээл болсон. Тус цувралд лесбиан, бисексуал, нонбайнари дүрүүд гардаг. Таван бүлгийн турш Адора, Катра нарын ээдрээт күийр хайр сэтгэлийг үзүүлнэ.

 

Craig of the Creek 



“Craig of the Greek” цуврал 2018 онд гарсан. Энд нонбайнари Энжил, лесбиан Келси зэрэг дүр гарна. Келси Стекс хэмээх охинд дурласнаа нууж байсан ч цувралын төгсгөлд Стекс түүний сэтгэлийг ойлгоно. Энэхүү цувралыг Cartoon Network бүтээсэн.


Kipo and the Age of Wonderbeasts



Dreamworks компанийн хийсэн “Kipo and the Age of Wonderbeasts” 2020 онд олны хүртээл болсон. Цувралд гей гэдгээ нээлттэй илэрхийлдэг Бэнсон болон түүний найз залуу Трой нарын сэтгэл хөдөлгөм дурлалын түүх гарна.


The Owl House 



“The Owl House” анимэйшнд Луз Носеда гэх 14 настай доминик-америк гаралтай охин гарна. Тэр бол нийтэч, найзууддаа үнэнч, ид шидэнд итгэдэг, Disney Plus-ийн бүтээсэн анхны бисексуал дүр юм. 


 
 
Сэтгэгдэл

Compartilhe sua opiniãoSeja o primeiro a escrever um comentário.
bottom of page