top of page

ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнд хувь нэмэр оруулсан хүн бүрд талархал илэрхийлье


12 дахь жилдээ тэмдэглэж буй “Тэгш эрх, Бахархлын өдрүүд” үргэлжилж байна. ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнийг өнөөг хүртэл эрчимтэй идэвхжүүлж, үргэлжлүүлж байгаа үе үеийн хүний эрхийн активистууд, сайн дурын гишүүд, залуучууд, донор байгууллагуудад талархал илэрхийлж байна. Салбартаа анхдагч ТББ-уудын нэг болох ЛГБТ Төвийн хамт олны сэтгэлийн мэндчилгээг хүргэе.


ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа “ЛГБТИК+ хүмүүст өдөр тутамд нь ич, нуугд, ай гэсэн мессеж байнгын давтамжтай ирж байдаг. Харин энэ алхалтын өдөр бид нар айхгүй, ичихгүй, нуугдахгүй. Учир нь бид гэм хийгээгүй, айгаад байх юм байхгүй, ичээд байх юм байхгүй, нуугдаад байх юм байхгүй гэдгээ илэрхийлж байгаа болохлоороо тэгш эрхийн төлөө тайван жагсаалд хамгийн дуртай. Бид өдөр тутамдаа шатар нүүж амьдарч байгаа ч нийгэмд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа шүү. Энэ эерэг өөрчлөлтүүдийг анзаарч харж байгаарай. Happy Pride!”

ЛГБТ Төвийн дэд захирал М.Өүлэн “ “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ээр ЛГБТИК+ хүмүүс чинь зүгээр л хүмүүс юм байна шүү дээ гэдгийг харах, ярилцах тэр орон зай надад тийм эдгэрэл шиг санагддаг. ЛГБТИК+ байлаа гээд зөвхөн энэ талаараа л ярьдаг, зөвхөн энэ талаар л мэддэг, зөвхөн энийгээ л бодож амьдардаг гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр чиний чаддаг , таны чаддаг, таны хүсдэг, мөрөөддөг зүйл юу вэ? Тэрийгээ үргэлж боддог, санадаг байгаасай гэж хүсэж байна."

ЛГБТ Төвийн ажилтан Т.Ялгуун “Миний хувьд тэгш эрх бахархлын өдрүүд нэгдмэл байдлыг илэрхийлдэг болохоор их чухал гэж боддог. Бид нар хэн нэгний хайртай хүн нь, хэн нэгний сайн найз нь, хэн нэгний гэр бүл нь. Бид нар хүн учраас миний хувьд тэгш эрх бахархлын өдрүүд чухал.”

ЛГБТ Төвийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч Д.Чингүнжав “Миний хувьд тэгш эрх бахархлын өдрүүд хүн ямар ч ялгаатай байлаа гэсэн бусадтай л адилхан өөрийн гэсэн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй шүү гэдгийг илэрхийлэх боломж олгодог. Маш олон хүмүүст урагшаа харах, цааш амьдрах урам зоригийг өгдөг өдрүүд гэж боддог болохоор миний хувьд чухал. Чи ганцаараа биш шүү чиний хажууд ЛГБТ Төв байна гэж хэлмээр байна.”

ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бат-Очир “"Тэгш эрх, Бахархлын өдрүүд” бол хэн нэгэн ЛГБТИК+ хүмүүс өөрөөрөө байх, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх, урам зоригтой, аз жаргалтай амьдрах итгэл үнэмшлийг өгдөг юм болов уу гэж боддог. Чиний мэдэрдэг зүйлийг зөндөө олон хүмүүс мэдэрдэг. Энэ бүхнийгээ даван туулаад өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарч байгаа зөндөө хүмүүс байгаа. Өөртэйгөө адилхан мэдрэмжтэй тийм хүнийг олоод найзлаад ярилцаад үзээсэй гэж хүсэж байна. Бүр болохгүй бол ЛГБТ төвд хандаарай. Баярлалаа.”


ЛГБТ Төвийн Архивын төслийн зохицуулагч А.Марал “Бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд бусдаас өөр байлаа гээд, цөөнх байлаа гээд тэр бол ерөөсөө өөрийгөө голох шилэх, өөрийгөө дутуу үнэлэх, мөн бусдад ялгаварлагдах шалтгаан биш шүү гэж хэлмээр байна аа. Хайртай шүү.”


Хүн бүр хайрлах, амьдрах тэгш эрхтэй. "Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийн баярын мэндийг хүргэе.



 
 
Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page