ЛГБТИК+ хөдөлгөөнийг дэмжигч иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд талархал илэрхийлэх хүлээн авалт боллоо
- YouthLEAD Mongolia
- Aug 29, 2024
- 3 min read
Тэгш Эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд активистууд, ТББ-ын ажилтнууд, донор байгууллагуудыг хамруулсан хэд хэдэн хүлээн авалтыг зохион байгууллаа. Хүлээн авалт бүрийн уур амьсгал хөтөлбөр, үзүүлбэрүүд нь бүгд ЛГБТИК+ хүний тэгш эрхийн төлөө хөдөлгөөнийг давхар давхар дэмжсэн байдаг нь талархууштай юм. Улмаар 8-р сарын 28-ны өдөр ЛГБТ Төвөөс иргэний нийгмийнхнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.


Энэ үеэр хөтөлбөрт драг хатан, драг хааны үзүүлбэр, ЛГБТИК+ тодотголтой комедианы үзүүлбэрийг шингээж, ЛГБТИК+ иргэдийн дайчин, хөдөлмөрч байдлыг ирсэн зочдод харуулж бас мэдрүүллээ. Нөгөө талаар хэний эрхийн төлөө бид зүрх сэтгэлээ нэгтгэж байгаа вэ, тэд эргээд иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд хэр их талархдаг вэ гэдгээ илэрхийлэх боломжийг олгосон орон зайг гаргаж өгчээ.

Мөн Монгол дахь ЛГБТИК+ хөдөлгөөнийг 2014 оноос хойш дэмжиж ирсэн Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр “Бахархлын өдрүүд нь өнгөрсний тухай биш юм, харин ирээдүйд бид хаашаа явж байгаа тухай юм. Өнөөдөр бид ялалтаа тэмдэглэж байх зуур жинхэнэ тэгш эрхийн төлөөх тэмцэл үргэлжилсээр байгааг бидэнд мөн сануулж байна. Дэндүү олон газар ЛГБТИК+ хүмүүс одоо ч ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлтэй тулгарсаар л байна. Бид дэлхий даяар шударга бус явдлын эсрэг үргэлжлүүлэн зогсох ёстой. Олон талт байдал, бүгдийг хамруулах нь Канад улсын томоохон давуу талуудын нэг бөгөөд, Канад улсын ЗГ нь 2СЛГБТК+ хүмүүсийн төлөө болон тэдний эрхийн төлөө үргэлж зогсдог. Канадад бид 2СЛГБТК+ гэж хэлдэг нь уугуул иргэдийг хамруулж буй хэллэг юм. Канадын Засгийн газар хүн бүрт илүү хүртээмжтэй ирээдүйг бий болгох түүхэн арга хэмжээнүүдийг авсан. Үүнд Канад даяар ялгаварлан гадуурхахтай тэмцэж буй ЛГБТИК+ байгууллагуудад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд канадчуудыг хүйсийн баримжаа, илэрхийлэлд тулгуурлан ялгаварлан гадуурхах, үзэн ядсан үг хэллэг, үзэн ядалтын гэмт хэргээс хамгаалах хууль тогтоомжийг баталсан. Монгол дахь Канадын Элчин сайдын яам нь ЛГБТ Төвийн үйл ажиллагааг олон жилийн турш төрөл бүрийн хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажилласаар ирлээ. Канад улс Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай маш нягт хамтран ажилладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид жил болгон Монголын ЛГБТИК+ олон нийтийн эрхийг хамгаалах, өмгөөлөхөд чиглэсэн та бүхний ажлыг бид дэмжсээр ирлээ. Энэ завшааныг ашиглан Та бүхэнд баяр хүргэхийн зэрэгцээ өөрсдийн итгэл үнэмшлийнхээ төлөө зогсож, хүний эрхийн төлөө тэмцдэгт баяр хүргэхийг хүсэж байна. Маш олон хүн та бүгдийн хийж буй ажил, тэгш эрхийн төлөөх тэмцэлд тань найдаж явдаг шүү гэдгийг үргэлж санаж, одоо хийж буй зүйлсээ цаашид ч үргэлжлүүлээрэй.”

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов “Монгол Улсад ХЭҮК Тэгш эрх, Бахархлын өдрүүдийг байнга дэмжиж хамтарч ирсэн. ЛГБТ Төвийн хамт олонтой бид хүний эрхийн хамгаалагчийн шинэ механизм бий болсон цаг үеэс эхлээд нягт ингэж хамтарч ажиллаж байгаа. Бид үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн. Одоо сайн сайхан хөгжлийн төлөө бид хамтдаа шүү гэдгээ мэдрэхийн тулд зөв шударга шүүмжлэлийг өрнүүлдэг. Бид бас цаашид энэ Тэгш эрх, Бахархлын өдрүүдийг зохих хугацаанд нь ном журмын дагуу бие биеийгээ хүндэлсэн энэ үйл ажиллагааг хэвийн явуулах ийм нөхцөл бүрдүүлэхэд байнга хамтарч ажиллахдаа баяртай байх болно.

Транс Хүмүүс Эв Нэгдлийн Төлөө ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Энхжин “Манай байгууллага өөрөө ЛГБТ төвөөсөө ургаж гарч ирсэн гэж хэлэх дуртай. 2021 оны Залуу манлайллын хөтөлбөр төслөөс транс хүмүүс хамтдаа цуглаж, баг болсон. Төсөл дууссан ч гэсэн өөрсдөө санхүүжилтээ гаргаад 3 жилийн турш тасралтгүй нөхөрлөж, үйл ажиллагаа явуулсаар байсан. Ингээд 35 транс хүний бүрэлдэхүүнтэй болсон. Үүнээс 5 хүнийг гүйцэтгэх багтаа оруулаад, транс, эрэгтэй хүн, эмэгтэй хүн, нонбайнари хүмүүс өөрсдийн асуудлаа илэрхийлэх дуу хоолойгоо хүргэх байгууллага болсон. Транс хүмүүс бол тусгай хэрэгцээтэй хүмүүс. Нийгмийн эмзэг бүлэг. Жишээлбэл боловсролын тогтолцоо транс хүмүүсийг огт багтаагаагүй агуулгатай байдаг. Энэ мэт олон асуудал өдөр тутамд тулгарсаар л байгаа. Тиймээс бид ЛГБТ Төвийнхөө бэлдэж өгсөн хамгаалалт, хайр, халамжид Транс төв илүү сайн ургана аа гэж хэлэхийг хүсэж байна.”

Youth LEAD Mongolia ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Цэвээнравдан “Энэ жилийн Бахархлын өдрүүдийн үйл ажиллагаанууд ерөнхийдөө талдаа орж байна. Энэ жилийн уриа “Тусдаа биш цугтаа”. Энэ үзэл санаагаар манай гурван байгууллага мөн нэгдэж Бахархлын өдрүүдээр ажиллаж байгаа. Мөн тусдаа биш цугтаа ажилладаг хамтран зүтгэгч, донор байгууллагууддаа талархлаа илэрхийлье. Бас иргэний нийгмийн дэмжигч нартаа баярлалаа. Бид хамтдаа л хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоохоор бүгд өөр өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулаад явдаг. Үүний зэрэгцээ бас та бүхэн маань ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнд маш үнэтэй хувь нэмэр оруулдаг шүү гэдгийг энэ тайзнаас цохон дурдмаар байна.”


Ийнхүү ЛГБТИК+ иргэдийн эрхийн төлөө хөдөлгөөнд хувь нэмэр оруулагч иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг хүлээн авч, талархлаа илэрхийллээ. Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн үйл ажиллагаа цаашид Күийр шүлгийн үдэш, Цэнхэр тэнгэрийн цаана кино наадмаар үргэлжилнэ.