top of page

Сайн дурын 40 хүний сарын хөдөлмөрөөр Күийр театрын бүтээлүүд "амилдаг"


Өнөөдрийн хичээлийн сэдэв “Сэтгэцийн эмгэг гэж юу вэ?....Энэ бол ангийнх нь сурагч Түвшин эмэгтэй хувцас өмсөөд номын дэлгүүрт зогсож байсныг харсан багшийн маргааш нь гаргаж буй үйлдэл. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээ, нийтлэл гардаг ч тэнд орхигдож буй нэг өнцөг нь ЛГБТИК+ сурагчид ажээ. Тэдний хувьд нас чацуу хүүхдүүдээс гадна, багш, ажилтнуудын зүгээс ч ялгаварлан гадуурхах хандлагатай нүүр тулах ёстой болдгийг Күийр Театрын энэ жилийн тайзнаа амилуулсан “Амарлингуй” жүжгээс үзэж, мэдэрч болох юм. 

8-р сарын 25, 26-ны өдөр СУИС-ийн Оюутан театрт хүрэлцэн ирж ЛГБТИК+ хүмүүсийн амьдралын зовлон жаргалыг мэдрүүлсэн гурван жүжгийг таалан соёрхоорой. Күийр театрын талаар ЛГБТ төвийн Залуучуудын хөтөлбөрийн зохицуулагч Алексаас тодрууллаа. Тэрээр “Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн хүрээнд 6 дахь жилдээ Күийр театраа зохион байгуулж байна. Нийт 40 сайн дурын гишүүн сар гаруй хугацаанд бэлтгэж, өнөөдөр гурван жүжгээ амжилттай тоглолоо. Манай залуучууд дунд мэргэжлийн хүн байхгүй. Гэхдээ цэвэр өөрсдийн хичээл зүтгэлээр нойр хоолоо хасан байж, жүжгээ бэлтгэж, өнөөдөр амжилттай ард нь гарлаа. Өнөөдрийн хувьд “Равенн цэцэг” хэмээх лесбиян хосын талаар, “Амарлингуй” гээд транс охин ЕБС-д хэрхэн дээрэлхэлт өртөж, түүнийгээ даван туулж буй тухай болон “Хувцасгүй гоо үзэсгэлэн“ гей хайр дурлалын талаар жүжгүүд амжилттай тоглогдлоо.” 

Күийр театр гурван жүжиг тоглодог бөгөөд сэдвийн хувьд гей, лесбиян, транс хүмүүсийн амьдрал, аж ахуй, хайр дурлал, ажил хөдөлмөр, дотоод ертөнцийг шингээсэн сэдвийг төрөлжүүлэн сонгодог байна. Жүжгийн багт ЛГБТИК+ хүмүүс, стрейт хүмүүс ч бий бөгөөд цэвэр сайн дурын үндсэн дээр Күийр театр гэсэн нэрийн дор нэг баг, хамт олон болж ажиллан, уг жүжгээ дуусгадаг ажээ. 


Жүжиг оролцсон сайн дурын гишүүдийн сэтгэгдлээс хүргэе. 

“Амарлингуй” жүжгийн гол дүрд тоглосон Күийр театрын сайн дурын ажилтан Микайла “Миний хувьд 2019 оноос эхлээд Күийр театрт сайн дураар ажиллаж байгаа. Энэ жил гол дүрд тоглосон минь хувь хүнийхээ хувьд том сорилт боллоо. Эндээс гол олж авсан зүйл бол өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадах хамт олон байлаа.” 


Күийр театрын сайн дурын ажилтан, гэрэлтүүлэгч Хүрэлээ “Миний хувьд тухайн жилд бүтээдэг хамгийн гоё дурсамжийг энэ багт ажиллаад бүтээдэг. Бүтэн жил хүлээж байж ажилладаг. Бэлтгэлийн хугацаанд шантрах үе жүжигчдэд их гардаг. Бүтэн зохиолыг үйл хөдлөлтэй нь цээжлэх нь хэцүү л дээ. Ялангуяа мэргэжлийн жүжигчид биш шүү дээ. Загнуулна, уйлна, шантарна, нэгнийгээ аргадна. Бэлтгэл дээр маш их зүйл болж байгаа нь харагддаг. Гэхдээ жил бүр чанаржиж байгаа. Тэдний энэ их хөдөлмөрийн дараа ЛГБТИК+ хүмүүс яг ямар хүмүүс юм бэ гэдгийг ойлгоод аваасай л гэж боддог. 


“Хувцасгүй гоо үзэсгэлэн” жүжигт гол дүр бүтээсэн Күийр театрын сайн дурын ажилтан Ж.Үйлстөгөлдөр “ Күийр тейтрт 6 дахь жилдээ ажиллаж байна. Өмнөх жилүүдэд жүжгийн найруулагчаар оролцдог байсан бол энэ жил гол дүр бүтээж байгаа болохоор их догдолж байна. Урлагаар дамжуулж ЛГБТИК+ хүн байх нь өөрөө хэвийн зүйл гэдгийг хүмүүст ойлгуулмаар байгаа юм. Ялангуяа манай Монгол Улсад ЛГБТИК+ хүмүүсийг зөвөөр дүрсэлсэн кино контент, жүжиг хийдэггүй, байдаггүй. Тийм болохоор энэ орон зайг нөхөж Күийр театр байдаг.”


“Равенн цэцэг” жүжигт цагдаагийн дүр бүтээсэн Күийр театрын сайн дурын ажилтан Т.Будрагчаа “Жүжгийн хувьд лесбиян хайр дурлалын талаар. Үйл явдал нь дээр үед өрнөж байгаа. Дуу хөгжим, хувцас, жижиг хэрэглэлүүдээ бүгдийг нь эртний европын дүр зураг, хэв маягаар зассан. Жүжгийн хувьд хайрын төлөө хүмүүс бүх цаг үед л өөр өөрийнхөөрөө тэмцсээр ирсэн гэдгийг л харуулж байгаа юм.” 



Жүжигт тоглосон найзуудаа дэмжих гэж, өөрийнхөө байх, гадуурхалтаас ангид амьдрах хүслээр жигүүрлэсэн жүжгийг дэмжих гэж ирсэн үзэгчдийн зүгээс сэтгэгдэл өндөр байлаа.  


Э.Эрхэс “Күийр театрыг 2 дахь жилдээ үзэж байна. ЛГБТИК+ хүмүүсийн талаар жишээ нь хошин шогт гутаан доромжилсон, гаж хүмүүс гэсэн байдлаар үзүүлдэг. Харин энэ Күийр театрыг үзэхээр бид нар ч гэсэн жаргадаг, зовдог, хайрладаг гэдгийг сонирхолтой байдлаар хүргэж байгаа нь таалагддаг. Заавал ЛГБТИК+ гэлтгүй стрейт хүмүүс ч ирж үзэж байгаа нь мөн таалагдаж байна.”   


С.Ану “Өнгөрсөн жил Күийр театрыг үзэж байсан. Энэ жилийн хувьд манай найз гол дүр бүтээж байгаа болохоор дэмжих гээд ирсэн. Миний хувьд “Амарлингуй” жүжиг үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг маш сайн гаргаж харуулж байгаа нь таалагдлаа. Амьдралд ойр сэдэвтэй жүжгүүд шиг санагдлаа. Үзэгчдийн хувьд сэтгэл хангалуун байлаа.” 


ЛГБТ Төвөөс зохион байгуулж буй Күийр театрын эхний өдрийн тоглолт туулсан амьдралаа нүдээрээ харсан нэгний нулимс, тэдний түүхийг чөлөөтэй илэрхийлж байгаад баярласан алга ташилт, найзаа, гэр бүлээ дэмжихийг хүссэн нижигнэсэн алга ташилтаар амжилттай дууслаа. Та Күийр театрын өнөөдрийн тоглолтыг СУИС-ийн Оюутан театр 16:00 цагаас ирж үзээрэй. Тасалбар 5000 төгрөг бөгөөд бүх орлого ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнд 100 хувь зориулагдана. 

Тоглолтын үеийн зургуудаас толилуулъя.









 
 
Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page