top of page

Тэгш эрхийн төлөө “Алхалт” угтсан лоозон бүтээх өдөрлөг болж байна

Updated: Aug 22, 2024

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулдаг гол арга хэмжээнүүдийн нэг нь хүний эрхийн төлөө “Алхалт” юм. “Алхалт”-аар дамжуулан ЛГБТИК+ хүмүүс өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Хэдийгээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд зөвшөөрөл олгоогүйн улмаас түр тасарсан ч энэ жилийн хувьд ЛГБТИК+ иргэдийн хувьд удаан хүлээсэн зөвшөөрлөө авч, мартагдах ёсгүй, зөрчигдөх ёсгүй эрхийнхээ төлөө тайван замаар жагсах боломж бүрдсэн билээ. 


“Алхалт”-ыг угтаж “Youth LEAD Mongolia” ТББ-аас 8-р сарын 20, 21-ний өдөр “Лоозон бүтээх өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. ЛГБТИК+ иргэдийн эрхийг хангах, хамгаалахыг хүссэн агуулгаар лоозон хийх аюулгүй орон зай хэрэгтэй хүүхэд, залуучууд өдөрлөгт оролцон, сэтгэлдээ байгаа бусдад хэлэхийг хүссэн үгсээ цаасан дээр буулгаж, лоозон бүтээж байна. 

Тэдний сэтгэгдлээс хуваалцъя 


18 настай А “Миний хувьд энэ жил анх удаагаа “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн “Алхалт”-ад оролцох гэж байгаа. Би өөрөө орилоод явж чадахгүй болохоор бичгээр хэлэх гэсэн үгээ илэрхийлээд бариад явбал амар санагдаж байгаа. Анги хүмүүс нийгмээс ангид биш, адилхан л хүн гэж хэлэхийг хүсдэг. Учир нь би найзууддаа өөрийнхөө талаар хэлэхэд намайг гадуурхахгүй хүлээн авсан. Харин ээждээ хэлсэн чинь “Өөрчлөгдөх байх. Эрэгтэй хүүхдэд сайн болох байх” гээд хүлээн зөвшөөрөөгүй л дээ.” 

*”Анги” гэдэг үг нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийт өөр хоорондоо дуудахдаа хэрэглэдэг үг.


19 настай Б “Одоогоор тэврэлдээд зогсож байгаа гурван хүн зураад сууж байна. ЛГБТИК+ хүмүүс та бүхэнтэй адилхан л хүн гэж ойлгуулахыг хүсэж байна. Жишээ нь 10 жилд багш нар ЛГБТИК+ хүний талаар огт заадаггүй, мэдээлэл өгдөггүй байсан. Энэ талаар ярихгүй л бол ийм хүмүүс алга болчих юм шиг, оршин байхгүй юм шиг хандлага гаргадаг.”


16 настай В “Миний хувьд лоозон дээрээ бичих үгээ “Хүн бүрд тэгш эрх” гэж сонгосон. Учир нь хүний сонирхол, бэлгийн чиг баримжаанаас үл хамааран хүн бүр эрхээ тэгш эдлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлэхийг, бусдад ойлгуулахыг хүсэж байна.”  


19 настай Г “Би “Тусдаа биш цугтаа” гэсэн уриатай лоозон хийж байгаа. Хэрвээ ЛГБТИК+ гэдгээсээ болж хэцүү зүйлийг туулж байгаа хүүхэд, залуучууд байвал тэдэнд хандаж “Бид аливаа хүндрэл бэрхшээлийг тусдаа, ганц ганцаараа биш, хамт байж л давч гарч чадна. Чамд гэр бүл байгаа шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн.”

2024 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн арга хэмжээ 8-р сарын 21-нээс эхлэн 9-р сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин “Тэгш эрхийн төлөө алхалт”-ыг 8-р сарын 24-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

The LGBT Center (Mongolia) болон Youth LEAD MNG фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
 
 
Сэтгэгдэл

Поделитесь своим мнениемДобавьте первый комментарий.
bottom of page