Цэнхэр тэнгэрийн цаана наадмын тэргүүн байрт “Есүй”, дэд байрт “Нэг өдөр” кино шалгарлаа
- YouthLEAD Mongolia
- Sep 3, 2024
- 2 min read

Цэнхэр тэнгэрийн цаана олон улсын ЛГБТИК+ кино наадмын дүн гарлаа. Энэ жилийн наадамд 1000 гаруй уран бүтээл өрсөлдсөнөөс Иран, Иракаас хүртэл олон тооны чанартай бүтээл ирснээрээ онцлогтой байлаа. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг 8-р сарын 31-ний өдөр өргөн дэлгэцээр олны хүртээл болголоо. Наадмын нээлтэд Азийн сангийн төлөөлөгч оролцож, энэ жилийн кино наадмын цар хүрээ өргөжиж, ирсэн бүтээлүүд ч чанаржиж байгааг сайшаалаа.
Өрсөлдөөн ихтэй 2024 оны Цэнхэр тэнгэрийн цаана кино наадмын дотоодын төрөлд тэргүүн байрыг “Есүй” кино эзэллээ. Уг кино нь ЛГБТИК+ хүмүүст тулгамдаж буй асуудлыг зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлаж ярих бус хөдөө, орон нутагт амьдарч буй ЛГБТИК+ хүмүүст ч ижил бэрхшээл тулгардаг талаар үзүүлжээ. Тус уран бүтээлийн зохиолч, найруулагч, туслах найруулагчтай ярилцлаа.
Цэнхэр тэнгэрийн цаана кино наадмын дотоодын төрөлд тэргүүн байр эзэлсэн “Есүй” киноны зохиолч, найруулагч Л.Эрнест “Манай кинонд транс эмэгтэйн талаар гардаг. Бас хөдөө амьдарч байгаа ЛГБТИК+ иргэдийн асуудлыг тусгахыг хичээсэн. Миний хувьд 2022 онд “Voice” гээд кинод гол дүр бүтээж, энэ наадамд оролцож байсан. Тэрнээс маш их урам зориг аваад энэ жил өөрөө кино зохиолоо бичээд, найруулагчаа хийгээд оролцох болсон л доо. Киноныхоо санааг автобусанд түгжирч явахдаа олсон. Гэхдээ хөдөөгийн амьдрал, ахуйг бүрэн сайн мэдэхгүй болохоор туслах найруулагч маань зохиол дээр нэмж ажилласан. Таван хүний бүрэлдэхүүнтэй сарын хугацаанд бүтсэн. Яг үндсэн зураг авалт нь нэг өдрийн дотор дууссан. Шагнал аваад бас л маш их урам авлаа. Дараа жил ч дахиад оролцоно гэж бодож байна.”
Цэнхэр тэнгэрийн цаана кино наадмын дотоодын төрөлд тэргүүн байр эзэлсэн “Есүй” киноны туслах найруулагч Т.Цаст-Идэр “Кино бүтээх явцад зохиол дээр редактор хийсэн. Зураг авалтын үеэр туслах найруулагч. Зураг авалт дуусаад англиар орчуулга бичих зэрэг олон зүйл хийсэн л дээ. Монголчуудын хувьд күийр байдлыг гаднын киноноос л хардаг шүү дээ. Тийм учраас Монголдоо өөрсдөө хийж эхэлбэл ЛГБТИК+ хүмүүсийг илүү хүлээж авах нь илүү ойр санагдана гэж бодсон.”
Цэнхэр тэнгэрийн цаана кино наадмын дотоодын төрөлд дэд байр эзэлсэн “Нэг өдөр” киноны зохиолч, найруулагч Микайла “Би үнэхээр итгэж чадахгүй байна аа. Байранд орно гэж бодож өгөөгүй. Тэгсэн ингээд дэд байр эзэлсэндээ шоконд орчихлоо. Энэ киног дипломын ажлын хүрээнд хийсэн юм. Тэгээд хүнээс зөвлөгөө авах гээд Youth LEAD Mongolia ТББ-н Ц.Цэвээнравданд үзүүлсэн чинь кино наадамд “сойвол” таарах бүтээл байна гэсэн. Тэгээд л энэ жилийн наадамд өгсөн. Төөрөлдсөн хүний сэтгэл мэдрэмжийг харуулсан тийм анимэйшн хэлбэрээр бүтээсэн кино. Энэ бүхний дараа энэ кино наадамд өөртөө итгэх итгэл нэмэгдсэн тийм гоё мэдрэмжтэй сууж байна даа.”

Ийнхүү 1000 гаруй бүтээлээс дотоодын шилдэг 2 бүтээлийг онцлон шалгаруулсан болон олон улсын төрөлд “Nicki” шилдэг гадаад киногоор шалгарлаа.