top of page

Элчин сайд Фиона Блайт: Бид ялгаварлан гадуурхалтын золиос болж буй хүн бүрийг хамгаалж, дэмжиж, зоригжуулсаар байна


 Монгол улс дахь Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын элчин сайдын яамнаас “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд ЛГБТИК+ активистууд, ТББ-ууд болон бусад элчин сайдын яамд, НҮБ-ын төлөөллийг оролцуулсан хүлээн авалт зохион байгууллаа.



Хүлээн авалтад АНУ-аас Монгол улсад суух Элчин сайд Ричард Буанган, НҮБ-ын суурин төлөөгч Тапан Мишра, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин нар тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.


Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт “Өөрийн хэн гэдгээ зоригтойгоор илэрхийлснийхээ төлөө ялгаварлан гадуурхалтын золиос болж буй хүн бүрийг хамгаалж, дэмжиж, зоригжуулж буй та бүхнээр бахархахгүй байхын аргагүй юм. Хүн бүр нас хүйс, арьс өнгө, бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч боловсрол эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх, ажил хөдөлмөр эрхлэх, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх эрхээ эдэлдэг байх ёстой бөгөөд хэнийг ч “гадна” үлдээж, орхигдуулах ёсгүй билээ.


Манай Элчин Сайдын Яам Бахархлын долоо хоногт зохион байгуулсан Күийр театр, Тэгш эрхийн төлөө Алхалт зэрэг арга хэмжээг дэмжиж байгаадаа баяртай байна. Та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ялангуяа Бахархлын өдрүүдийн зохион байгуулагч ЛГБТ Төвд тусгайлан талархал илэрхийлж байна.”

ЛГБТ Төвийн Гүйцэтгэх захирал Энхмаа “Сүүлийн 17 жилийн хугацаанд ЛГБТ Төв нь Монголын ЛГБТИК+ олон нийтийн итгэл найдвар, мятаршгүй зориг, хөл дээрээ бат зогсох хүслийн чиг заагч гэрэлт цамхаг болсоор ирэв. Энэ хугацаанд бид гадаад, дотоод хүчин зүйлсийн цөөнгүй сорилт бэрхшээлтэй тулгарсан ч нэгэн цагт хоосон мөрөөдөл мэт санагдаж байсан зүйлсийг түүхэн үйл хэрэг болгон урагшилсаар байгаа билээ. Сэтгэл зүрхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн нэгэн үйл хэргийн тухай би өнөөдөр та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. ЛГБТ Төв 2014 оноос хойш Тэгш эрхийн жагсаалыг тайван жагсаал, ардчиллын нэгэн том илэрхийлэл болгон нийслэлийн төв Чингисийн талбайд зохион байгуулахаар жил бүр албан ёсоор хүсэлт гаргасаар ирсэн ч бидэнд хэзээ ч зөвшөөрөл олгож байсангүй. Иймд 2014-2019 онуудад бид зөвшөөрөгдсөн газраас өөр байршилд үйл ажиллагаа зохион байгуулах нь туйлын ховор содонд тооцогддог энэ оронд нэн зоримог алхам хийж хотын гудамжаар Тэгш эрхийн төлөө жагсаж байсан билээ. Миний бие тус төвийн гүйцэтгэх захирлаар 2020 онд томилогдож, тухайн үед КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хорио цээрийн дэглэм олон нийтийн бүх төрлийн цугларалтыг хязгаарлаж байв. Тэрхүү хоёр жилд би ЛГБТИК+ олон нийтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нухацтай эргэцүүлж бодсоны үндсэн дээр хэрэв бид ардчиллын бэлгэ тэмдэг болсон төв талбайдаа жагсаж чадахгүй юм бол огт жагсаад хэрэггүй гэсэн шийдвэрт хүрсэн билээ.


Ийнхүү 2022, 2023 онуудад төв талбайд жагсах хүсэлтээ урьдын адил гаргасан ч тухай бүрд татгалзсан хариу авсан юм. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхийн оронд бид боломжит бүх хуулийн механизмыг ашиглахаар шийдэж тэрхүү шийдвэрийг хууль бус хэмээн шүүхэд хандсан билээ. Хэдий шүүхэд ялалт байгуулсан ч Бахархлын амин сүнс энэ бүх үйл явцад шархалж мохсон байв. Зарим хүнд бид хөл алдаж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн байж болох ч тэгш эрхийн төлөөх тэмцлээ нэг шат урагшлуулж, эцсийн зорилгодоо хүрэхэд нэг алхам ч гэсэн ойртож буй гэдгээ бид дотроо мэдэж, мэдэрч байсан юм. Өнгөрсөн жил буюу 2023 онд дахин татгалзсан хариу авахдаа бид “Тэгш эрхийн алхалт 2024 оны Наймдугаар сарын 24-ний өдөр хүртэл ХОЙШЛОГДЛОО” гэсэн мэдэгдлийг олон нийтэд хийсэн билээ. Бид ЦУЦЛАГДЛАА гэж хэлэхийг хүсээгүй юм. Энэ жил яг тэр өдрөө бид төв талбайдаа жагсаалаа хийж урт удаан тэмцлийн аяндаа нэгэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн үлдээж чадлаа. 

 

Үг хэлэх завшаан олдсон энэхүү мөчийг би Хүний эрхийн үндэсний хороонд, ялангуяа тус хорооны дарга Сүнжид, хорооны гишүүн Дондов нарт - ЛГБТ Төв болон нийслэл Улаанбаатар хотын захиргаа хооронд үр дүнтэй харилцан ойлголцох уулзалтууд зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэн ажилласанд гүнээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Арван жилийн турш хийхээр оролдсон энэ үйл ажиллагааг бодит үйл хэрэг болгоход та бүхний оруулсан хувь нэмэр, дэмжлэг үнэлж баршгүй билээ."





2024 оны Тэгш эрх, Бахархлын өдрүүд нь ЛГБТИК+ иргэд, тэдний гэр бүлийн төдийгүй тэдний эрхийн төлөө хэзээ ч хойш суугаагүй, хамтарч, дэмжиж, хамгаалж байдаг донор байгууллагуудын хувьд ч түүхэн тэмдэглэлт өдрүүд болж байгааг ирсэн зочид онцолж байлаа. 




 


 
 
Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page