Эрч хүч цалгисан Бахархлын өдрүүдийн дунд “Кофе өдөрлөг”-өөр амсхийв
- Aug 28, 2024
- 2 min read

“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн нэг болох “Кофе өдөрлөг” болж өнгөрлөө. Бахархлын өдрүүдийн эрч хүчээр цалгисан арга хэмжээнүүд дунд хэсэгхэн амсхийж, сэтгэлээ цэнгүүлэх орон зай нь энэ өдөрлөг юм. Өглөөний кофе уунгаа, найз нөхдөөрөө ярилцаж, дуу хөгжим, комеди сонсон Бахархлын өдрүүдийн дараагийн арга хэмжээнүүдэд эрч хүчээ сэлбэдэг уламжлал нэгэнт тогтжээ.

ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан, комедиан Дора “Прайд алхалт миний хувьд хамгийн сэтгэлд үлдсэн арга хэмжээ байлаа. Энэ жилийн уриа нь “Тусдаа биш цугтаа” “Би хэн нэгний сайн найз, хайртай хүн, хүүхэд” гэж байсан нь маш их таалагдсан. Энгийн хүн бүр л нээрээ тийм шүү дээ гэж тусгаж авахаар. Гурван байгууллага хамтарч зохион байгуулсан болоод ч тэр үү илүү өргөн цар хүрээг хамарсан, өнгө аяс нь шинэлэг мөртлөө хүн бүрийг багтаахаар энгийн байлгаж чадсан нь маш их таалагдсан. Өнөөдрийн арга хэмжээнд би хөтлөгч, комедиан гэсэн хоёр үүрэг хүлээж оролцлоо. Өмнөх бямба гарагт болсон прайдын дараа хэсэг амралт шиг санагдаж байна.”

ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Ундрам “Би гадаадад олон жил амьдарсан. 18-тайдаа анх Монголд нэг удаа ирж байсан. Тэр үед ЛГБТИК+ хүмүүст ямар ч орон зай байхгүй. Монголд намайг хүлээж авахгүй, “багтаж шингэхгүй” амьдрах орон зайгүй юм шиг санагдаж байсан. Харин өнгөрсөн жил ирээд ЛГБТ Төв дээр очоод нөхцөл байдал өөр болсныг ойлгосон. Энэ жилийн Бахархлын өдрүүдээр би Күийр театрын жүжиг бүтээх явцыг баримтжуулж бичлэг болгосон. Сайн дураараа ажиллаад бас энэ коммунитид хувь нэмрээ оруулахыг хүссэн юм л даа. Өнөөдрийн хувьд мөн л сэтгэл дотно, дулаахан уур амьсгалтай арга хэмжээ боллоо.”

Күийр театрын сайн дурын ажилтан Юүри “Өмнөх жил Бахархлын өдрүүдийн ямар ч арга хэмжээнд оролцож чадаагүй. Харин энэ жил оролцоод, Күийр театрт ажилласандаа маш их баяртай байгаа. Ер нь л өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрөөрөө жаргалтай байх ийм мэдрэмжүүдийг өгдөг болохоор Бахархлын өдрүүдээр их талархалтай санагддаг. Күийр театрт би гурван жил сайн дураар ажилласан. Энэ хугацаанд өөрийгөө илүү хөгжүүлж, нээлттэй болж, харилцааны ур чадвар ч сайжирсан гэж боддог.”
“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ 8-р сарын 29-нд Күийр шүлгийн үдшээр үргэлжилнэ.









